Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд “Зүүдний хаалган дээр” шинэхэн клипээ цацаж, олон залуусыг зүүдний ертөнцөөр гайхалтайгаар аялуулсаар байна. Тэрбээр өөрийн шинэ уран бүтээлээ олны хүртээл болгоод зогсохгүй залгамж үе болсон залуу уран бүтээлчдээ дэмжиж ажиллаж буй.
Түүнийг “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа гайхалтай уран бүтээлүүдийг хүргэхээр зэхэж байгаа талаар өмнө нь дуулгаж байсан билээ.
Тэгвэл “The Voice of Mongolia” шоунд түүний багт багтсан Ж.Ариунжаргалын “Тал нутгийн охин” хэмээх содон нэртэй шинэ дуугаараа өнөөдрөөс FM сонсогчдын сонорыг мялаагаад эхэлжээ. Уг дууны аяыг Д.Болд, шүлгийг Quiza зохиосон байна.
Тал нутгийн охин дууг “The Voice of Mongolia” шоунд оролцож байхад нь Ж.Ариунжаргалд дуучин Д.Болд зөвхөн түүнд зориулан бүтээж, өгсөн дуу юм. Финалын шатанд хэрвээ багтсан бол тус шоуны тайзнаа эгшиглэх байсан гэдэг. Энэ талаар “Би энэ хүртэл явсандаа харамсахгүй байна. Зүгээр нэг юманд харамсаж байна. Тэр нь юу вэ гэхээр хоёр сонгогдсон хүн нь шинэ дуугаа дуулах эрхтэй болно. Миний тэр дуулах дуу болохоор Д.Болд ахын зохиож өгсөн бүр үнэхээр гоёмсог, хэний ч санаанд оромгүй маш гоё дуу байсан. Би түүнийг дуулахыг үнэхээр их хүссэн. Гэхдээ мэдээж юм санаснаар болдоггүй, би та бүхэнд тэр дуугаа хүргээгүй дээ л хамгийн их харамсаж байна. Гэхдээ миний өмнөөс харамсаад хэрэггүй шүү, би өөрөө яагаад гэвэл харамсахгүй байна. Би хэзээ ч дуулахаа зогсоохгүй” хэмээж байсан удаатай. Ийнхүү өөрийн дуулахыг хүсэж байсан гоёмсог дуугаа 100 хувь амьдаар бүтээж, тун удахгүй клипийг нь үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.
Дашрамд сонирхуулахад, Ж.Ариунжаргал нь Төрийн шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн охин. Түүний ээж нь хөгжмийн бүжгийн коллежийн ятга хөгжмийн багш. Ийнхүү урлагийн гэр бүлээс гаралтай гайхалтай хоолойтой түүнд Төрийн соёрхолт Д.Болд “Тал нутгийн охин” дуунд нь ятга хөгжмийн эгшгийн гайхамшгийг илүүтэй мэдрүүлэхээр аялгууг нь зохиосон байна.