Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаатай ярилцлаа.
–НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ТОО ТӨЛӨВЛӨЖ БАЙСНААС ЭРС ХУРДТАЙ НЭМЭГДЭЖ БУЙ. ХҮН АМЫН ТОО ӨСӨН НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР АСУУДЛУУДЫГ ШИЙДЭХИЙН ЗЭРЭГЦЭЭ НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯМАР БОДЛОГО БАРИМТЛАН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?
Улаанбаатар хотын иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийн тулд эхлээд судалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл, боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байгааг, ямар үр дүнд хүрэх ёстойгоо тодотгов. Эрүүл мэнд, боловсролын салбарт цаг тутамд асуудал тулгардаг. Энэ хоёр салбарыг хөгжүүлэхэд хамгийн түрүүнд хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх шаардлагатай байсан. Намайг үүрэгт ажлаа хүлээж авахаас өмнө буюу 2012-2016 онд энэ салбарт дорвитой хөрөнгө оруулалт, бодлогын шинэчлэл гэхээр ажил хийгээгүй. 2016 онд гэхэд 36 сургууль гурван ээлжээр хичээллэж, 26 хороо төрийн өмчийн цэцэрлэггүй байсан. Судалгаа гаргаж тайлангаа шийдвэр гаргагчдад хүргүүлснээр нийслэлийн 2017 оны төсөвт долоон цэцэрлэг, 2018 оны улсын төсөвт 34 сургууль өргөтгөх, 52 цэцэрлэг шинээр барих хөрөнгийг суулгуулсан. Түүнээс хойш жил бүр сургууль, цэцэрлэг нэмж барьсаар байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 22 цэцэрлэг, дөрвөн сургууль, БНХАУ-ын Засгийн газрын болон Японы JICA олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар нийт 11 сургууль барьж байна. Өнөөдрийн байдлаар гурван ээлжээр хичээллэж байгаа хоёр сургууль бий. Ирэх оны хоёрдугаар улиралд багтааж бүх сургуулийг хоёр ээлжээр хичээллэх нөхцөлийг бүрдүүлнэ.
-ХОЁР ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛСЭНТЭЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ ХҮҮХЭД ОРОЙН ЦАГААР ХОЛ ЗАМ ТУУЛАХ, АВТОМАШИНЫ ОСОЛД ӨРТӨХ ЗЭРЭГ ЭРСДЭЛ ҮҮССЭН ГЭЖ ЭЦЭГ, ЭХЧҮҮД ШҮҮМЖИЛСЭН. УГ АСУУДЛЫГ УРЬДААС ТООЦООЛСОН БАЙЖ ТААРАА. ЭНЭ ТАЛААР ТОДРУУЛБАЛ?
-Хүүхэд бүрийг хамрагдах тойрогт нь боловсрол эзэмшүүлэхээр төлөвлөсөн. Гурван ээлжээр хичээллэж байна гэдэг нь хүүхдийн сурлагын чанар, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Хоёр ээлжээр хичээллэдэг болсноор багш нарын ачаалал ч багасна. Улмаар сурагч төдийгүй багш нарт ч мэдлэг, чадавхаа хөгжүүлэх боломж бүрдэнэ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон арга хэмжээ авсны нэг нь “Сургуулийн автобус” төсөл. Төслийн хүрээнд 2017 оноос хойш жил бүр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гурван сургуулийн сурагчдыг автобусаар хангасан. Одоогоор нийслэлд улсын 31, хувийн 25 сургуульд 152 автобус үйлчилгээнд явж байна. Мөн Нийслэлийн Засаг даргын албан даалгаврын дагуу ажлын хэсэг байгуулж, автобусаар зорчих зайлшгүй шаардлагатай 6034 суралцагч байгаа тухай судалгааг гаргалаа. Цаашид тэднийг автобусаар хангахад анхаарч ажиллана.
-СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫГ НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД БҮР ХҮРТЭЖ ЧАДДАГГҮЙ. УЧИР НЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРЭЛЦЭЭ МУУ. ОЛОН УЛСАД ТУХАЙН НИЙСЛЭЛД АМЬДАРДАГ ХҮҮХДҮҮДИЙН 85 ХУВЬ НЬ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙВАЛ ҮҮНИЙГ ХЭВИЙН ГЭЖ ҮЗДЭГ. МАНАЙ УЛСАД ЭНЭ ҮЗҮҮЛЭЛТ ЯМАР БАЙГАА БОЛ?
-2016 оноос өмнө сургуулийн өмнөх боловсролын хүртээмж 68 хувьтай байлаа. Гурван жилийн дотор уг үзүүлэлтийг 83 хувьд хүргэсэн. Өөрөөр хэлбэл, нийслэлд 100 орчим сургууль, 200 орчим цэцэрлэг өргөтгөж, шинээр барьсан. Цаашид ч энэ тоог нэмэхээр ажиллаж байна. Өмнө нь цэцэрлэгийн хүртээмжийг нэмж чадаагүйн шалтгаан нь хөрөнгө оруулалттай холбоотой болов уу.
-НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР ЯМАР БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА ВЭ?
-Эрүүл амьдрахын нэг чухал үндэс бол биеийн тамир спорт. Тиймээс нийслэлчүүдийн хөдөлгөөний хомсдол орохоос сэргийлэх арга хэмжээнүүдийг бодлогоор дэмжин ажиллаж байгаа. 2020 онд Азийн хүүхдийн наадам, 2023 онд Зүүн Азийн-Залуучуудын наадмыг нийслэлд зохион байгуулна. Үүнд зориулж спортын ордон барих газрын асуудлыг шийдэж Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг буюу Яармагт шав тавьсан. Мөн Үндэсний цэнгэлдэх хүрээлэн барих ажлыг эхлүүллээ. Мөн хороо бүрт спортын төв байгуулахын зэрэгцээ иргэдийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд хамруулахад чиглэсэн бодлого баримталж байна. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу “Улаанбаатар Марафон” Олон улсын гүйлт, спортын наадам, цэцэрлэг болон сургуулийн сурагчдын дунд Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. “Улаанбаатар марафон”-д гэхэд анх 16 мянга гаруй хүн оролцож байсан бол энэ жил 32 мянган иргэн хамрагджээ. Мөн “UB CUP”, “Дуулиан-2020” зэрэг хөл бөмбөгийн тэмцээн, “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спортын наадам зэрэгт жилд давхардсан тоогоор 750 000 гаруй иргэн оролцдог боллоо. Эрүүл мэнд, боловсрол, спорт зэрэгт анхаарснаар хүн цогц хөгжих боломж бүрдүүлж байгаа юм.
–НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ИРГЭДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДЭД АНХААРАХ НЬ БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХЭЭС ДУТАХААРГҮЙ ЧУХАЛ. ЭНЭ САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА АЖЛУУДААС ДУРДВАЛ?
– Юуны өмнө НИТХ Төлөөлөгчдийн-ийн 2017 оны 89 дүгээр тогтоолоор “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийг батлуулсан. Тус дэд хөтөлбөр нь нийслэлийн эрүүл мэндийн салбарыг дунд хугацаанд хөгжлийн нэгдсэн бодлогоор хангах анхны баримт бичиг юм. Энэ дэд хөтөлбөрт нийт 8 чиглэлээр зорилтоо тодорхойлж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан олон ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгыг үе шаттай шинэчлэх, засварлах ажлуудыг хийж байна. Тухайлбал: ШЭНЭСТ, Багахангай дүүргийн ЭМТ шинэ байртай боллоо, одоо удахгүй СХД-ийн нэгдсэн эмнэлэг, Хүрээ амаржих газар, Туул тосгоны эмнэлэг шинэ барилгатай болно. Тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, автомашинаар хангах ажлуудыг тогтмол хийж байна. Өмнө дүүргийн эмнэлэгт зөвхөн хүүхэд, дотор, мэдрэлийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлж байсан бол одоо бүх дүүрэг хавдрын хөнгөвчлөх, өдрийн хими эмчилгээ, гемодиализ эмчилгээг үзүүлдэг боллоо, мөн 3 дүүрэг гэмтэл мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Одоо Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Эмч мэргэжилтэнүүдийг үр дүнгээр урамшуулах, гадаад дотоодын сургалтад явуулж чадавхжуулах гэх мэт олон ажлуудыг хийж байна.
– НИЙСЛЭЛД ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ МАШ ХҮНДРЭЛТЭЙ. ЯЛАНГУЯА УЛСЫН ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ИРГЭДИЙН ТОО ИХ УЧРААС АЧААЛЛАА ДИЙЛДЭГГҮЙ. ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР ХЭРХЭН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?
– TIKA олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар 10 өрхийн эмнэлэг байгуулах гэрээ хийсэн. Үүнээс гурвыг нь ашиглалтад оруулаад байна. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Сонгинохайрхан дүүрэгт олон улсын жишигт нийцсэн дүүргийн нэгдсэн эмнэлгийг баригдаж байна. Ирэх оны I улиралд ашиглалтад оруулна. Чингэлтэй болон Хан-Уул дүүрэгт ч ийм эмнэлэг барихаар ЭМСХХ-6 төсөлд саналаа тусгуулж Засгийн газраар төсөл амжилттай батлагдсан. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өрхийн жишиг эмнэлэг 10-ыг барихаар гэрээ, хэлэлцээр хийсэн.
Өнөөгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй томоохон асуудлуудын нэг нь хүүхдийн эмнэлгийн хүртээмж. Ялангуяа, томуу, томуу төст өвчин дэгдэхэд хүүхдийн эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг. Ор нь хүрэлцээгүйн улмаас коридорт шалан дээр хэвтэн эмчлүүлэх нь энүүхэнд. Өнгөрсөн жилүүдэд хүүхдийн эмнэлэг болон орны тоог тогтмол нэмэгдүүлж хүртээмжийг сайжруулах зорилт тавин ажилласан. Тухайлбал 2016 онд нийслэлийн хэмжээнд хүүхдийн 785 ор ажиллаж байсан бол 2017 онд 877, 2018 онд 977, 2019 онд 1033 болж орны тоо өссөн. Мөн Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Баянзүрх, Налайх дүүрэгт хүүхдийн 50 ортой , Баянгол дүүрэгт 100 ортой эмнэлгийг барьж ашиглалтад оруулсан. Түүнчлэн яармагт барьж буй 300 ортой эх, хүүхдийн эмнэлгийг ирэх оны I улиралд хүлээн авна. Одоо нийслэлийн 152 хороонд 134 өрхийн эрүүл мэндийн төв, 8 салбартайгаар иргэдэд анхан шатны тусламж үзүүлж байна. Бид өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байна. Жил бүр өрхийн эмнэлгийг шинээр барих, завсар хийх, тоног төхөөрөмжөөр хангах, үр дүнгийн урамшуулалд хамруулах ажлуудыг хийж байна. 2018 онд 710 гаруй сая төгрөгөөр 58, 2019 онд тэрбум гаруй төгрөгийг төсөвт суулгаж 62 өрхийн эрүүл мэндийн төвд засвар хийсэн. Мөн 2018-2019 онд 780 сая төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүх ӨЭМТ-г хангасан. Улсын клиникийн эмнэлгүүд нийслэлчүүдээс гадна орон нутгийн иргэдэд үйлчилдэг. Тиймээс ачаалал их. Улсын томоохон эмнэлгийн ачааллыг бууруулахаар Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт гэмтэл мэс заслын болон өдрийн эмчилгээний тасаг нээсэн. Ингэснээр жижиг мэс заслуудыг дүүргийн эмнэлэгт хийх боломж бүрдсэн гэж болно. Өөрөөр хэлбэл, мухар олгой, цөсний чулуу авах зэрэг бичил мэс заслыг дүүргийн эмнэлэгт хийх болсноор улсын эмнэлгийн ачаалал эрс буурах юм. Түүчлэн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад адаглаад автомашины зогсоол, ногоон байгууламж, суух сандалгүй байлаа. Үүнийг шийдвэрлэхээр нийслэлийн хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ, ГССҮТ, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ, мөн зарим дүүргийн эмнэлгийн гадна тохижилтыг сайжруулж, автомашины зогсоол байгуулсан. ЭХЭМҮТ, ГССҮТ-д гэхэд нисэх онгоц буух талбайтай боллоо.
-ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН АСУУДАЛ ОЛНЫ АНХААРЛЫН ТӨВД БАЙСААР БАЙГАА. ТА ХҮҮХЭД, ГЭР БҮЛ ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛД Ч АНХААРЧ АЖИЛЛАДАГ ХҮНИЙ ХУВЬД ЭНЭ АСУУДАЛД ХЭРХЭН АНХААРЧ БАЙНА ВЭ?
-Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаарх эрх зүйн орчинг боловсронгуй болгож, 36 журам хэрэгжүүлж байна. Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахын тулд нэгдүгээрт, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хоёрдугаарт, эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх, гуравдугаарт, хохирогчдод мэргэжлийн үйлчилгээг хурдан шуурхай, үр дүнтэй, чанартай үзүүлэх бодлого барин ажиллаж байна. Хүчирхийллийг бууруулахад урьдчилан сэргийлэх ажил хамгийн чухал. Тиймээс хороо, дүүргүүдийн холбогдох хэлтсүүд, төрийн бус байгууллагуудын гишүүдийг чадавхжуулах ажлуудыг сар, улирал тутамд зохион байгуулдаг. Нөгөө талдаа хүүхдийн хүчирхийллийг бууруулахын тулд эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай. Ингэхийн тулд “Би хариуцлагатай ээж, аав” аяныг өнгөрсөн есдүгээр сараас хойш зохион байгуулж 20 гаруй мянган иргэдийг хамруулаад байна. Түүнчлэн хүчирхийлэл үүсгээд байгаа шалтгааныг бууруулах үүднээс 2430 гэр бүлд байгаа архины хамааралтай иргэдийг сургалтад хамруулсан гэх мэт ажлуудыг хийж байна.