БНСУ-ын Сувон хотноо зохион байгуулагдсан аэробик гимнастикийн “Korea Open” олон улсын тэмцээний цэцэрлэгийн насны ангилалд нийслэлийн Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачууд тэргүүн байр эзэлж “Шилдэг баг”-аар шалгаржээ.
Тэргүүн байрыг эзэлсэн шилдэг багийг өнөөдөр нийслэлийн Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул нар хүлээн авч уулзан баяр хүргэлээ.
Нийслэлийн Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Хүүхэд залуучууд гимнастикийн спортоор хичээллэж дэлхий дахинд эх орныхоо нэрийг дуурсгаж байгаад бахархаж байна. Цаашид гадаад дотоодын олон тэмцээнд оролцож Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулаарай” гэв.
Энэхүү тэмцээнд Япон, Солонгос, Вьетнам, Тайланд, Монгол, БНХАУ, Камбож, БНХАУ-ын Хонг Конг, Франц зэрэг 9 улсын 200 гаруй тамирчин авьяас билэг, хүч чадал, техник ур чадвараар өрсөлджээ.
Олон улсын гимнастикийн тэмцээний цэцэрлэгийн насны ангиллын тэргүүн байрт шалгарсан шилдэг баг тамирчдыг Монголын Хүүхдийн ордны “Эрдэм” алтан медалиар шагналаа. Мөн тус цэцэрлэгийн зарим багш нарт боловсролын Хүндэт тэмдэг, Шилдэг ажилтан, Багшийн алдар, Ахлах багшийн медиалаар тус тус шагнаж урамшууллаа.