Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.08) нэгдсэн хуралдаан 10 цаг 24 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв.
Энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай албан бичгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлжээ.
Ерөнхийлөгч хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэдэндамбын Батбаяр, Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нэмэхийн Батаа, Тайландын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрхүлэгийн Төгсбилгүүн, Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Энхцэцэг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэгийг, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Доржийг, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амарсанаагийн Төмөрийг, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазарыг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд нарыг тус тус томилох асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Элчин сайдад нэр дэвшигчид нь мэргэжил, мэдлэг боловсрол, ажлын туршлага, чадварын Төрийн албаны тухай болон Дипломат байгууллагын тухай хуульд заасан шалгуур, шаардлагыг бүрэн хангаж байгаа гэж үзэж буйгаа Ерөнхийлөгчийн зөвлөх дурдаж байв.
Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургууль, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг төгссөн, дэслэг генерал цолтой. Тэрбээр 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Шагдарын Батцэцэг нь 1984 онд Орос хэлний дээд сургууль, 1987 онд Москвагийн Пушкиний нэрэмжит Орос хэлний дээд сургуулийг төгссөн, боловсролын докторын зэрэгтэй. Төрийн болон төрийн бус байгууллагад 1984 оноос хойш ажиллаж, 2008-2016 онд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2016-2017 онд Монгол Улсаас Индонез улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.
Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Бархасын Дорж нь Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “Вестминстр” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой. Тэрбээр 1989 оноос эхлэн Гадаад харилцааны яаманд ажиллаж эхэлсэн бөгөөд 2000-2004, 2013-2016 онуудад Варшав дахь ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх зэрэг дипломат ажил гүйцэтгэж байв. 2016 оноос хойш Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирлаар ажилладаг.
Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Амарсанаагийн Төмөр нь 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2007 онд Япон улсын “КЮҮШҮ” их сургуулийг төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой. 2003 оноос Гадаад харилцааны яаманд эрх зүйн чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2008-2011 онд Вена дахь ЭСЯ-нд III нарийн бичгийн даргаар, 2014 оноос Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байгаа аж.
Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Түвдэндоржийн Жанабазар нь 1987 онд хуучнаар ЗХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1989 онд Япон улсын Олон улсын харилцааны их сургуулийг тус тус төгссөн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолтой. Дипломат албанд 34 жил ажиллах хугацаандаа Бүгд Найрамдах Ардчилсан Лоас улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байгаад 2015 оноос Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байна.
Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томилохоор зөвшилцөж буй Воршиловын Энхболд нь 1989 онд хуучнаар ЗХУ-ын Владимир хотын Техникийн их сургуулийг төгссөн. Техникийн ухааны магистр, олон улсын эдийн засгийн докторын зэрэгтэй, “Тэргүүн шадар” дипломат цолтой. Тэрбээр 2001-2004 онд Женев дэх Байнгын төлөөлөгчийн газарт III, II нарийн бичгийн дарга, 2008-2011 онд Монгол Улсаас Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2012 онд Гадаад харилцааны яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2013-2016 онд Азийн хөгжлийн банкны төсөл, Европын Холбооны төслүүдэд Үндэсний зөвлөх, 2016 оноос Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байгаа аж.
Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм.
Элчин сайдад нэр дэвшигчдийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан А.Сүхбат, Ж.Ганбаатар, Ц.Гарамжав, А.Ундраа, М.Билэгт нарын гишүүд Гадаад харилцааны сайд болон Элчин сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж тодруулан нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ сүүлийн үед манай улсын гадаад нэр хүндтэй холбоотой асуудлууд ихээхэн яригдаж байна, ялангуяа гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд хар тамхи, мансууруулах бодис, хууль бус наймааны асуудалд нэр холбогдсон талаар янз бүрийн яриа, баримт мэдээлэл цацагдах боллоо. Энэ нь Элчин сайд нар, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын нэр хүнд тааруу, хариуцлага сахилга сул байгаатай холбоотой юм. Үүнд зөвхөн Гадаад харилцааны яам гэхгүйгээр Улс Их Хурал ч анхаарлаа хандуулах ёстой гээд Элчин сайд гэдэг эрх ямбын нэр биш гадаадад улс орноо төлөөлөх тун чухал үүрэг хариуцлагатай албан тушаал гэдгийг санаж ажиллах учиртай гэдгийг хэллээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хугацаа нь дууссан Элчин сайд нарыг эгүүлэн татаж, орных нь хүнийг томилсноор энэ ажил дуусдаг байдлыг цаашид өөрчлөх хэрэгтэй байна. Өмнө нь ажиллаж байсан Элчин сайд тухайн бүрэн эрхийн хугацаандаа юу хийж амжуулав гэдгийг хамтад нь ярьж, үнэлэлт дүгнэлт өгдөг байвал шинээр томилогдох Элчин сайд нарт санаа өгөх, туршлага болох, эргээд ажлын үр дүнг нь үнэлж тооцоход үр нөлөөтэй юм гэсэн санал хэлэв. Гишүүний энэ саналыг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Л.Болд хэлж байв.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар жижиг, дунд үйлдвэрийг Элчин сайд нар өргөн утгаар нь томоор харж, ач холбогдол өгч дэмжиж ажилламаар байна гээд ер нь Элчин сайд нарыг томилох асуудлыг ганц Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хязгаарлахгүй бусад Байнгын хороод, ялангуяа гадаад бодлогыг эдийн засагжуулах асуудал яригдаж байгаа энэ үед Эдийн засгийн байнгын хороо давхар ярьж санаа оноогоо хэлдэг, үгийг нь сонсдог баймаар байна гэсэн саналаа хэлсэн юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил нар Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа илэрхийлж, тухайн улсад ажиллаж, суралцаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээ үзүүлэх, улс орноо сурталчилж таниулахын зэрэгцээ хоёр талын худалдаа, бизнесийг дэмжиж хөгжүүлэх, тэр дундаа гадны хөрөнгө оруулалтыг эх орондоо татах, шинэ техник технологи, инновацийг нэвтрүүлэхэд гоц анхаарч ажиллах шаардлагатайг захиж хэллээ. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Я.Санжмятав нар дипломат албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, ёс зүйтэй, хариуцлагатай ажиллахыг нэр дэвшигчдэд захиад энэ асуудалд салбарын яам хяналт тавьж, дипломат ажилтнуудынхаа хариуцлага сахилгыг сайжруулах, дипломат ёс зүйг чанд сахиулахад анхаарах нь зүйтэй гэдгийг хэлж байв.
Ингээд Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.5 хувь нь дэмжлээ.
Үргэлжлүүлэн Элчин сайдыг томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгчийн саналаар нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшсэн Дуламсүрэнгийн Давааг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Шагдарын Батцэцэгийг 78.4, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Бархасын Доржийг 82.4, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Амарсанаагийн Төмөрийг 82.4, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Түвдэндоржийн Жанабазарыг 86.3, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томилохоор нэр дэвшсэн Воршиловын Энхболдыг 84.3 хувь нь тус тус дэмжив.
Иймээс Зарим улсад суугаа Элчин сайдыг томилох асуудлыг зөвшилцсөн тухай санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр болов.