Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ 1992 оны Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулж чадлаа. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан дээрх төсөл нь шинэчилсэн найруулга биш нэмж өөрчлөх төсөл учраас 1992 оны Үндсэн хуульд нэрээрээ явна.
Хууль батлах үед чуулганы хуралдаанд тааллаараа оролцоогүй Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх нь анхаарал татаж байна. Хууль батлах явцад АН-ынхан хурал хаяж гарсан бөгөөд АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгчийн хувьд төрийн тэргүүний үйлдэл яаж илрэхийг таашгүй.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16.1-т, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш ажлын хоёр өдрийн дотор УИХ-ын дарга Ерөнхийлөгчид биечлэн хүргэж танилцуулна” гэсэн. Пүрэв гарагийн орой баталсан Үндсэн хуулийн эхийг Ерөнхийлөгчид танилцуулах хугацаа өнөөдөр дуусна.
Мөн хуулийн 16.2-т Ерөнхийлөгч УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын долоо өдрийн дотор хянан үзэж хэрэв уг эх бүхэлдээ буюу түүний аль нэг зүйл, хэсэг, заалт, нэр томъёоны агуулга нь Үндсэн хуульд харшилсан гэж үзвэл Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар хориг тавьж болно гэж заажээ. Энэ хуваариар арваннэгдүгээр сарын 26-нд багтаан хориг тавьж болохоор юм. Гэвч энэ өдөр БНМАУ-ыг тунхагласан өдөр, маргааш нь буюу 27-нд Эзэн Чингис хааны төрсөн өдөр таарч, бүх нийтээр амрахаар байна.
Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт Ерөнхийлөгч бүхэлд нь буюу зарим хэсэгт хориг тавих эрхтэй талаар бичсэн. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж бичжээ.