Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгоно. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.2-д заасны дагуу “Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно” гэжээ. Тус хуралдаан хаалттай болох юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаар ҮХЦ-ийн даргад Ерөнхийлөгчийн зүгээс Ш.Солонгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн гэх мэдээлэл байна. Тэгвэл ҮХЦ-ийн даргад дэвшихээр яригдаж буй Ш.Солонго гэж хэн бэ?
Ш.Солонго нь 1979-1984 онд Москва хотын Улсын Их сургуульд суралцаж төгссөн, хуульч мэргэжилтэй. 1994-2000 онд Япон, Тайвань, Нидерланд, Англи, Итали, Австри зэрэг улсад худалдааны хууль тогтоомж, иргэний хуулийн загвар, олон улсын банк болон санхүүгийн байгууллагын эрх зүйн зохицуулалт, төрийн албаны хууль, эрх зүйн зохицуулалтын асуудлаар сургалт, семинарт оролцож дүүргэсэн.
1984-1992 онд Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн,1992-1996 Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт дэс түшмэл, түшмэл, тасгийн даргын үүрэг гvйцэтгэгч, 1996-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын референт, ахлах референт, 2000-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга, 2008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад ҮХЦ-ийн гишүүнээр сонгогдсон билээ. Өөрөөр хэлбэл хууль, эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, бэлтгэгдсэн хуульч эмэгтэй. Шатлан дэвших замаар буюу мэргэжилтнээс эхлээд Хэрэг эрхлэх газрын дарга болтлоо ажилласан туршлагатай хуульч. Цэцийн дарга байхад болохгүй гэх газаргүй. Түүнийг нь ч олж харсан бололтой Ерөнхийлөгчийн зүгээс дэмжихээ илэрхийлсэн гэх мэдээлэл байна.
Харин Цэцийн даргыг сонгох өнөөдрийн хуралдаанд зүй бус үйлдэл гаргаж олон улсад Үндсэн хуулийн цэцийн болон Монгол Улсын нэр хүндийг унагаасан Д.Одбаяр оролцож, санал өгөх нь зүйд нийцэхгүй юм. Тэрээр Хууль зүйн яамных гэх бүлэглэлийг байгуулж, нэр бүхий этгээдийг сонгох ажлыг удирдан зохион байгуулж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Ёс зүйтэй хүнийг Цэцийн даргаар сонгож эцэг хуулиа хамгаалах нэр төртэй үүргийг хариуцлагатайгаар хаших боломжийг олгоё. Цэцийн дээр гагцхүү хөх тэнгэр л бий.