“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг барьж байгуулах төслийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас авто замын болон төмөр замын барилгын ажил, 110 квт-ын хаалттай хуваарилах байгууламж бүхий цахилгаан дамжуулах агаарын шугамын анкер барих зэрэг дэд бүтцийн ажлуудад шаардлагатай санхүүжилтийг олгосон. Энэ сарын 08-ны өдөр дээрх дэд бүтцийн ажлуудыг улсын комисст хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болж, уг арга хэмжээнд МУХБ-ны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин оролцлоо.
МУХБ-наас төмөр зам барихад шаардлагатай 70.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон юм. Нийт 27 км төмөр зам, 17.2 км 100 тоннын хүнд даацын авто зам барьж, улсын чанартай төв автозам болон төмөр замтай холбожээ. 110 кВт-ын эрчим хүчний агаарын дамжуулах шугам мөн барьж байгуулав.
БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2023 онд тус үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах юм. Энэ төсөл хэрэгжсэнээр газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн ажлын томоохон хэсэг хангагдаж хүнд үйлдвэр хөгжих суурь бий болж байна. Мөн импортыг орлох үйлдвэрлэл хөгжин, ажлын байр, эдийн засгийн өсөлт нэмэгдэн, валютын гадагшлах урсгал багасч, төсвийн орлого өсч, улс орны эдийн засгийн бие даасан тогтвортой хөгжил хангагдах юм.