Жил бүр зохион байгууллагддаг “Экспорт Монгол” бизнес форум энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаад “Олон Улсын Бизнес Форум” болж өргөжиж байгаагаараа өмнө зохиогдож байсан форумуудаас онцлогтой. Уг форумд төр болон хувийн хэвшлийн байгууллагууд идэвхтэй оролцож, цаашид экспортын баримжаатай бүтээгдэхүүнийг дэмжих юм.
Монгол Улсын Хөгжлийн банк тав дахь жилдээ Экспорт Монгол форумыг хамтран зохион байгуулж байна. МУХБ-ны тухай хуулинд Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн 60-аас дээш хувь нь экспортод чиглэсэн байхаар тусгасан. МУХБ экспортод бүтээгдэхүүнээ гаргаж байгаа, гаргахаар ажиллаж буй үйлдвэр, ААН, энэ чиглэлийн төслүүдийг түлхүү санхүүжүүлэн ажиллаж буй. Одоогийн байдлаар Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 55,6 хувь нь экспортыг дэмжсэн санхүүжилт байгаа нь дээрх хуулийн заалтад нийцэж байна.
Хөгжлийн банк томоохон төсөл, хөтөлбөрүүдэд шууд зээл олгохоос гадна арилжааны банкуудаар дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдийг санхүүжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 15 хөтөлбөрийг арилжааны 11 банкаар дамжуулан 1700-д аж ахуйн нэгжийг хамруулсан. Харин өөрийн банкнаас олгодог шууд зээлийг 74 зээлдэгч буюу төдий тооны төсөл, хөтөлбөрт олгоод байна. МУХБ-наас олгосон шууд зээлийн үр дүнд 5500 орчим ажлын байр бий болсон. Цаашид санхүүжүүлж байгаа төслүүд ашиглалтад орох үед 4200 орчим ажлын байр шинээр бий болохоор хүлээгдэж байна. Мөн МУХБ-наас арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн үр дүнд 17 мянга гаруй ажлын байр бий болсон нь Хөгжлийн банкнаас олгосон зээлийн санхүүжилтийн нэгэн үр дүн юм.
Форумд Сангийн Яам, Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын Үндэсний Хөгжлийн Газар, ХХААХҮЯ, ГХЯ, ЖДҮХС, Үндэсний Брэндийн Зөвлөл зэрэг байгууллага оролцож байна. Мөн Европийн холбоо, АНУ, Япон, БНХАУ, БНТУ, БНИУ, БНФУ, Зүүн өмнөд Азийн орнуудын төлөөлөл зэрэг дэлхийд хөгжил, хүн амаараа тэргүүлэгч арав гаруй улсуудын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн оролцож байна. Уг форум нь B2B бизнес уулзалтууд, сургалт семинар, үзэсгэлэн зэрэг зохион байгуулалттайгаар явагдана. Хувийн хэвшлээс 350 гаруй экспортлогч болон экспортод чиглэсэн чиг баримжаатай аж ахуйн нэгж, байгууллагын 1000 гаруй төлөөлөгчид оролцож байна.