Зохиогчийн зөвшөөрөлтэйгээр нийтлэв.
Хөтлөгч: Хүүхдийн баяр болж буй тул хүүхдийн тухай асуултаар эхлэе?
Сайн: Хүүхэд бол цэвэр ариун бичигдээгүй цаас. Хаана хамгийн ариун цагаан сэтгэл байна тэнд хүүхэд зогсож байдаг юмаа. Хүн бүр хүүхдийнхээ төлөө амьдардаг юмаа. Хүүхдүүд ч хүүхдийнхээ төлөө амьдардаг юмаа. Ирээээдүйд (дуу нь өндөрсөж) энэ л багачууд чинь улсаа үүрнэ, тэднийг төрүүлж өсгөсөн ижий нар минь сүүн цацлаараа, сүүтэй хорвоо юмаа тийн. Нэг юм нэмж хэлэхэд эх хүний гар цэвэрхэн байдаггүй юмаа, эх хүний гар сүүтэй байдаг юмаа, эх хүний гарт хайр шингэсэн байдаг юмаа. Тэгэхээр эмэгтэйчүүдээ хайрлая аа. Эрчүүдээ ч бас хайрлая, Монгол эр хүн гэдэг цаанаа л нэг өөр дөө. Сайн эр хүний гар цэвэр байдаггүй юмаа, (дуу нь өндөрсөж), сайн эр хүний гарт хөлс шингэсэн байдаг юмаа, хөдөлмөр шингэсэн байдаг юмаа…
Муу: (Үгийг нь таслаж) Би ерөнхийлөгч болбол хүүхдүүдэд зориулж 100 сургууль 200 цэцэрлэг барьна. Хүүхэд бүрийн хөгжлийн цогц комплекс бодлогыг боловсруулж, системийн динамик тогтолцооны эрх зүйн үндсэн байдлын тухай хөтөлбөрийг түгээх болно.
Хэрцгий: Монголын хүүхдүүд зовж байна. МАНАН –гийн олигархууд хүүхдүүдийн оюун санааг зохион байгуулалттайгаар хордуулах ажиллагаа явуулсаар ирсэн. 2000 –аад оны үед Монгол хүүхдүүд үнэхээр жаргалтай байсан.
Хөтлөгч: Мөрийн хөтөлбөрийн хамгийн гол зорилго чинь юу вэ?
Сайн: Би саяхан иргэдтэйгээ уулзлаа. Долоон буудлын нэг эмгэнээс асуухад нэг шинэ санаа хэлж байна. Манай ард иргэд чинь ямар ухаантай юм бэ. Миний мөрийн хөтөлбөр бол миний ард түмний сэтгэл шингэсэн мөрийн хөтөлбөр өө. Миний мөрийн хөтөлбөр бол миний Монголчуудын шийдэл шингэсэн мөрийн хөтөлбөр өө, дэлхийн Монголчуудын хөгжлийн хөтөлбөр өө. (нүд нь гялалзаж) Миний мөрийн хөтөлбөр бол…
Муу: (үгийг нь тасалж) Бүх иргэдийг орон сууцтай, газартай болгоно. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 150 мянган доллар болгоно. Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг боловсролын тогтолцоотой уясанаар эргээд тэр хөдөө аж ахуйн бирж чинь ажиллана. Би болж бүтэхгүй бүх асуудлыг цэгцэлнэ.
Хэрцгий: Миний гол мөрийн хөтөлбөр бол их хэлмэгдүүлэлтийн шуургыг намжаах явдал. Хэлмэгдлийн шуургыг сүржигнэл гэж битгий бодоорой. 1937 онд гучин мянган хүн хэлмэгдсэн, харин одоо гучин мянга байтугай гурван сая хүнтэй тэнцэх их дарга маань хэлмэгдлээ. Тиймээс энэ бол их хэлмэгдүүлэлт.
Хөтлөгч: Уучлаарай одоохон… найруулагчаа гэрлээ жаахан нэмээч
Сайн: Найруулагч маань гэрлээ сайхан нэмчихлээ, одоо амьдралдаа гэрэл нэмэе ээ. Ер нь бидний амьдрал гэрэл жаахан дутмаг юм уу даа, үүн дээр одоо яг энэ эфирийн гэрэл шиг өнгө гэрэл нэмэе ээ. Төр цэвэр тунгалаг гэрэлтэй болох ёстой…
Муу: Монголд сүүлийн үед олон сайхан студи байгуулагдлаа. Гэхдээ муу муухайг үзүүлдэг студи найруулагчид ч олон байна. Үүнийг цэгцлэе.
Хэрцгий: Бид энд гэрэл голж суухад зарим нэг аугаа хүн гэрэл ч үгүй орчинд номоо туурвиж, ард түмнийхээ төлөө шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлж байна.
Хөтлөгч: Монголын эдийн засгийн тухай өөрсдийн бодлоо хэлнэ үү?
Сайн: Эдийн засаг гэдэг эдээр засаглахын нэр бишээ. Өнөөдөр эдтэй хүн, бяртай хүн хоёр л засагладаг даргалдаг дарамталдаг тогтолцоо руу шилжих аюул учирчээ. Эдтэй хүн эдээ л цуглуул, битгий төрд ор. (дуу нь өндөрсөж) Бяртай хүн бяраа л бахдуул, битгий төрд ор. Улаан мөнгө биш, хар бяр биш билэг оюун, Монгол ухаан засаглах цаг иржээ. Эдтэй эсвэл бяртай хүн бусдыг дийлдэг цаг өнгөрсөн шүү…
Муу: Монгол улсын эдийн засгийг ярихын тулд эхлээд дэлхийн эдийн засгийг ярих ёстой л доо. Дэлхийн эдийн засгийг ярихын тулд онолын гүнзгий мэдлэг шаардлагатай. Ер нь эдийн засаг гэдэг улс орны хамгийн чухал тулгамдсан асуудлуудын нэг л дээ. Монголын эдийн засгийг Фортуунаа гишүүн хөгжүүлж чадахгүй гэж би бодож байна.
Хэрцгий: Гадаадын эзлэн түрэмгийлэгчдийн гар хөл болсон МАНАН –гийн олигархууд эдийн засгийн алуурчид гэдэг нь илт. Орост төлөх их өрийг тэглэсэнээс хойш хэдхэн жилийн дотор эргээд бүр ч их өртэй боллоо. Гэтэл энэ их өрийг дахиад тэглэж чадах ганцхан хүнээ шоронд явуулчихсан нь барууны орнуудын Монгол дахь хүйтэн дайны эхлэл юм.
Хөтлөгч: Монголд архидалт ихэсчээ, энэ талаар?
Сайн: Та бүхэн санаж байгаа байх өмнө нь гудамжаар гуравхан алхаад л нэг архичин тааралддаг байсан, одоо бол тав алхаж байна. Зарим газар арав, хорь алхаад ч архичин тааралдахгүй байна. Энэ бол ахиц дэвшил, тэд сүү ууж байна. Гэхдээ би архичдыгаа буруутгахгүй ээ. Архи уудаг болгосон, архи уухаас өөр аргагүй байдалд хүргэсэн, амьдрах аргагүй болтол нь архи уухад хүргэсэн тэр этгээдүүд, тэр дарга нар л буруутай. Бид л архичин гэж хараад байгаа болохоос биш хүний л нөхөр, хүний л найз, хүний л эцэг, хүний л ах дүү байгаа шүү дээ. Архичид маань яг тулаад уулзахаар ямар аугаа хүмүүс байдаг гэж санана. (дуу нь өндөрсөж) Архичдын сэтгэлд…
Муу: (үгийг нь тасалж) Тамирчин хүний хувьд би өөрөө архинаас хол явдаг л даа. Өнөөдөр нэг Монгол хүнд 400 литр спирт ногдож байна. Би ерөнхийлөгч болчихвол 4 литр л ногддог болгоноо. Ер нь архитай холбоотой эмх замбараагүй анархи явдалууд хэрээс хэтэрсэн. Анархи гэдэг чинь ер нь АН+АРХИ гэсэн үг юм шүү дээ.
Хэрцгий: Монголын ард түмэн үнэхээр архины боолчлолд орсон. Дайн болж буй Иракаас ч их хүн архинд хордож үхэж байна. МАНАН –гийн олигархуудын явуулж буй энэхүү химийн дайнаас би ард түмнээ авран хамгаалах болно.
Хөтлөгч: Ядууралтай хэрхэн тэмцэх вэ?
Сайн: Ядууралтай тэмцэнэ гэдэг ядуу хүнтэй тэмцэхийг хэлэхгүй ээ. Ядууралтай тэмцэнэ гэдэг ядууруулж буй хүмүүстэй нь тэмцэхийг хэлнээ. Та ядуу хүн бишээ, та баян хүн, таны баялагийг л тэнд нэг дарга идчихсэн юм. Үүнийг ил болгоноо. Жирийн иргэдийн маань хэтэвч нимгэн ч тархи нь зузаан байнаа. Харин тэр дээр байгаа нөхдийн тархи нь нимгэн, хэтэвч нь зузаан байнаа, ингэж болохгүй ээ. Ядуу иргэд гэж байхаас биш ядуу сонголт гэж байхгүй ээ. (нүд нь гялалзаж) Таны сонголт хамгийн баян сонголт юмаа, таныг баяжуулах сонголт юмаа.
Муу: Өрхийн орлогыг нэмэгдүүлнэ, ядуурлыг бууруулна.
Хэрцгий: Шударга ёс ядуурлыг халж чадна. Монголд үгүйлэгдэж буй шударга ёсыг авчирцгаая. Бүгдээрээ шударгаар хөдөлмөрлөж, шударгаар улс төржиж, шударгаар дурлаж, шударгаар гэрлэж, шударгаар амьдарцгаая. Шударга сонголт хийж МАНАН –гийн олигархуудын мөнгө хүүллээс улсаа аварцгаая.
Хөтлөгч: Монголд юу хамгийн хэрэгтэй вэ?
Сайн: Монголд Монгол хүн л хамгийн хэрэгтэй. Яг одоо энэ нэвтрүүлгийг үзээд сууж буй иргэн та л энэ улсын амин сүнс. “Газар бол төрийн үндэс” гэж Добу Шанью хэлсэн, харин би “Иргэн бол улсын амин үндэс” гэж нэммээр байна. Монгол улсын иргэний үнэмлэхтэй л бол иргэн та энэ улсын эзэн нь шүү. Иргэд маань улам олуулаа болог ээ, үүний тулд бүгд хичээж ажиллая аа. “Манай хүн бүр больсон ш дээ” гэж ярьдаг миний сурталчилгаанд уухаа больсоныг л хэлж байгаа юм шүү.
Муу: Монголд шинэ хүчтэй ерөнхийлөгч хэрэгтэй байна.
Хэрцгий: Хүчтэй ерөнхийлөгч хэрэггүй, шинэ ерөнхийлөгч бүр ч хэрэггүй. Монголд гурав дахь ерөнхийлөгч маань л хэрэгтэй байна
Хөтлөгч: Ард түмэндээ захиж хэлэх үг?
Харин энэ хэсгийг уншигч та бүхэнд үлдээе ээ
Зохиогчийн зөвшөөрөлтэйгээр Ugluu.mn нийтлэв.