Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг оны шилдэг даамчныг тодруулах “Final 2019” тэмцээн 12-р сарын 9-13-ны өдрүүдэд УБТЗ-ын Зүтгүүрийн депо дээр боллоо. Дээд лигийн цувралуудаас бүтэн жилийн туршид хамгийн өндөр оноо цуглуулсан шилдэг 10 тоглогч уламжлал ёсоор өрсөлдсөн бөгөөд энэ жилийн хувьд 4 оролцогч нь 13-19 насны охид байсан юм.
Тойргийн журмаар өрсөлдөн дүнгээ гаргахад “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ДДХМ Ц.Сүхбат боломжит 18 онооноос 14-ийг авсан амжилтаар анх удаагаа тус тэмцээний аваргаар тодорлоо.
Харин 2017, 2018 оны аварга ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол) сүүлийн хоёр учраатайгаа тэнцсэнээр 13 оноогоор удаалав. ОУИМ Г.Ганжаргал (Ирээдүй), ДДХМ Ц.Хашчулуун (Дебют) нар адилхан 11 оноотой гарсан бөгөөд нэмэлт үзүүлэлтийн чанараар Г.Ганжаргал гуравдугаар байр эзлэв.
Тэмцээнд оролцсон дөрвөн эмэгтэй тамирчнаас Э.Хүслэн хамгийн өндөр амжилтыг үзүүлж, 10 оноогоор “айргийн тав”-д шалгарсан байна.