Нялх үрд тань өнгө яаж нөлөөлж болохыг судлан тогтоожээ. Хөх, шар, улаан өнгө хамгийн таатай сэтгэгдэл төрүүлдэг учир хүүхдийн жижигхэн гар тухайн өнгөтэй зүйл рүү тэмүүлдэг, тиймээс өрөөндөө тухайн өнгөний хослолыг бий болгох нь тааламжтай.
Улаан өнгө нь баяр баясал авчирч сэтгэл сэргээж идэвхжүүлэх хэдий ч унтлагын өрөөнд улаан өнгө хэт давамгайлах нь хүүхэд тайван нойрсоход саад болдог байна.
Улбар шар өнгөний энерги сэтгэлийг баясгаж баярын сэтгэгдэл төрүүлэх учир хүүхдэд хамгийн ойр байж ганцаардлаас аврах аж;
Шар өнгө хамгийн зөөлөн нарлаг өнгө бөгөөд гэрийн тайван тухтай орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ улаан өнгөний адилаар хүний эрч хүчийг сулруулах бус идэвхжүүлдэг нөлөөтэй юм. Цочромтгой хүүхдийг тайвшруулж хоолны дуршлыг сайжруулдаг учир цэцэрлэгүүдийг дийлэнхэд нь цайвар шаргал өнгөөр тохижуулдгийн учир нь энэ юм.
Ногоон өнгө нь ургамал цэцгийн өнгийг билэгддэг бөгөөд амралт тайвширлыг өгч, найдвар бий болгодог. Зарим тохиолдолд даралт буулгах нөлөөтэй байдаг тул таны хүүхэд хэт тайван бол ногоон өнгийг бага хэрэглэхийг зөвлөх байна.
Хөх өнгө нь мөн л тайвшруулах нөлөөтэй учир хүүхдийн унтлагын өрөөний таазыг зөөлөн хөх өнгөөр будах нь хүүхдэд таатай байх хэдий ч өрөөний бүх зүйлийг хөх өнгөөр баяжуулж туйлшрах нь усны хүйтэн амьсгал авчирч болох юм шүү.
Цэнхэр өнгө нууцлаг өнгө учир үдшийн тайвширлыг өгөх ч өрөөнд нийлэнхүйд нь бус харин энэ тэнд нь цэнхэр өнгө оруулах нь тодорхой зүйлд анхаарал төвлөрүүлж нууцлагдмал ертөнцийг бий болгох давуу талтай;
Ягаан өнгөний эрч хүч нь өөртөө гүнзгий тайвширлыг агуулдаг. Ялангуяа цайвар шаргал өнгөтэй хослуулвал үр дүн сайтай. Харин өрөөний өнгийг нил ягаан өнгөнд хувиргавал ноомой унтаа байдал үүсгэдэг нь хэт хөдөлгөөнтэй хүүхдийг тайвшруулах сайн талтай ч хэт тод өнгөний нөлөө удах тусам сөрөг үйлчлэх эрсдэлтэй юм.
Ийнхүү хүүхдийнхээ зан төлөвт тохирох өнгөний хослолыг өрөөнд нь бий болгохыг санал болголоо.
“Амаржихуйн гайхамшиг” номноос