Монгол Улсад бизнесийн олон талт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудаас хэрэглэгч олон нийтийн цахим санал асуулгаар шилдгийг шалгаруулан алдаршуулах зорилгоор “Best of Mongolia” арга хэмжээг 2012 оноос зохион байгуулж ирсэн билээ. Тэгвэл цахим санал асуулга өдгөө найм дахь жилдээ зохион байгуулагдаж оны шилдэг байгууллагуудыг шалгарууллаа.
“Best of Mongolia-2019” цахим санал асуулгад 1500 байгууллага 70 номинацид өрсөлдсөнөөс Улсын Драмын Эрдмийн театр 2019 оны шилдэг театраар шалгарлаа.
Мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын драмын эрдмийн театр түүхэн хөгжлийнхөө 88 жилийн туршид, аль ч цаг үед нийгмийнхээ тэргүүлэгч эгнээнд байж, хүн ардаа соён гэгээрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн юм.
Улсын Драмын эрдмийн театрын хамт олон тайзнаа дэлхийн сонгодог болон үндэсний, орчин үеийн бүтээлийг авьяаслаг уран бүтээлчдийн хүч хөдөлмөрөөр бүтээн туурвиж үзэгч олны хүртээл болгон жилээс жилд урын сангаа улам бүр баяжуулсаар байна.
Мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдийн хувьд өнгөрсөн 2019 онд Л.Өлзийтөгсийн зохиол “БҮСГҮЙН ЗУРВАС”, Ц.Балдоржийн зохиол “ХАЙРЫН ВИЗ”, Зохиолч О.Элбэгтөгсийн “НАДТАЙ ҮЛДЭЭЧ” жүжгүүдийг тайзнаа амилуулж үзэгчдийн хүртээл болгосон билээ.Тэгвэл энэ оны анхны үзвэрээ Зохиолч, яруу найрагч О.Элбэгтөгсийн “Надтай Үлдээч” уянгын драмын жүжгээр нээжээ.
Тиймээс энэ амралтын өдрүүдэд жүжиг үзэхийг сонирхож байгаа уншигчдадаа дуулгахад Улсын Драмын эрдмийн театрыг зорьж залуу уран бүтээлчдийн бүтээсэн Зохиолч, яруу найрагч О.Элбэгтөгсийн “Надтай үлдээч” уянгын драмын жүжгийг үзэхийг санал болгож байна.
“Надтай Үлдээч” уянгын драмын жүжгийн гол дүрд Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Шинэбаяр, М.Тогтохжаргал, залуу жүжигчин Д.Асардарь Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх, Ц.Баясгалан тоглох бол туслах дүрүүдэд Б.Золжаргал Ц.Жаргалсайхан, О.Майдарравжаа, Сэргэлэн, Золжаргал, Ганбат, болон театрын залуу уран бүтээлчид тоглох гэж байна.
Энэхүү жүжиг нь орчин үеийн залуусын үерхэл, нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн үнэт зүйлийн тухай өгүүлэх юм.
“НАДТАЙ ҮЛДЭЭЧ” уянгын драмын жүжиг энэ сарын 25,26 ны өдрүүдэд 18:00 цагаас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдоно.
Тасалбарын үнэ: 10.000₮, 15.000₮, 20.000₮, 25.000₮
Тасалбарыг: УДЭТ-ын билетийн касс, ticket.mn-ээр худалдаалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70128999,99199794
Сонирхуулахад Улсын Драмын эрдмийн театрын уран бүтээлчид ирэх хоёрдугаар сард Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн “Анна Каренина” романыг үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.