Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Модун Ресурс” компани /ASX: МОВ/ нүүрсний шахмал түлшний үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүн нийлүүлэх тухай Монголын Засгийн газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Уг мэдээлэл цацагдсанаар компанийн хувьцааны ханш 16 хувиар өссөн байна.
Дээрх санамж бичигт заасны дагуу тус компани нь Нүүрст төслийнхөө ордод олборлолт явуулах, ордод түшиглэн хагас коксон шахмал түлшний үйлдвэр байгуулах болоод шаардагдах хөрөнгө оруулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй аж. “Модун Ресурс” компанийн Ерөнхий захирал Рик Далтон “Монгол улсын Засгийн газартай санамж бичиг байгуулсан нь манай компанийн Нүүрст төслийн үйл ажиллагааг албан ёсны болгож байгаа юм.
Энэхүү санамж бичиг нь төрийн хяналтын эрх үүргийг маш тодорхой болгохоос гадна хоёр талын сонирхолд бүрэн нийцэж байна” хэмээн мэдэгдэв. Тус компанийн зүгээс ирэх жилд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж буй нүүрсний шахмал түлшний үйлдвэр нь жилд 200-250 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Монголын Засгийн газартай санамж бичиг байгуулснаар “Модун Ресурс” компанийн зах зээлийн үнэлгээ 20-30 хувиар өсөх магадлалтай хэмээн олон улсын ажиглагчид таамаглаж байна.
эх сурвалж: mining.news.mn