Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж, Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г.Мөнхтуул нар өнөөдөр барилгын загвар зурагт тавигдах ерөнхий шаардлага болон гэр хорооллын дахин төлөвлөлийн хүрээнд сонгон шалгаруулалт зарласан талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт барилга байгууламж барих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн материалуудыг нийслэлийн нэгдсэн төвүүд дээр нэгтгэн төвлөрүүлж, 10 хоногийн дотор шийдвэрлэдэг байна.
Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул “Барилга барих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн барилгын зураг төсөл, архитектур төлөвлөлт болон загвар зургаа батлуулсан гэх зэрэг стандартын дагуу үндсэн шаардлагуудыг хангасан материалуудыг хоёр хоногийн дотор бүрэн шийдвэрлэдэг. Гэтэл материал дутуу, стандартын дагуу бүрдүүлээгүй, зөвлөх компаниудын даалгавар дутуу байдлаас үүдэж материал буцах тохиолдол гарч байгааг иргэд буруу ташаа ойлгож хүнд суртал гаргасан мэтээр гомдол гаргадаг” гэв.
Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг стандарттай хот болгох зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд орчны аюулгүй байдлыг хангаж барилгын хашаа хатгах А даалгавар буюу зөвшөөрлийг заавал авах ёстой. Үүний дараагаар барилгыг эхлэх гэрчилгээг авдаг. Журмаар зохицуулсан зохицуулалтаар түр хашаатай байх нөхцөл шаардлагуудыг Хот байгуулалт хөгжлийн газрын вэб сайтнаас авах боломжтой. Стандарттай хот болгох зорилтын хүрээнд орчны аюулгүй байдлыг хангах шаардлагуудыг барилгын ажил эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдүүдэд хяналтыг байнга тавина” хэмээн хэллээ.
Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас 2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин барилгажуулах, гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж барилгажуулах гэсэн үндсэн хоёр чиглэлд онцгой анхаарч ажиллах аж. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гурван дүүргийн 11 байршилд төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 20-ныг хүртэл зарлажээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын WWW.UDA.UB.GOV.MN вэб сайтаас авч болох аж.