Коронавирус илэрч дүүргийн эмнэлэгт хөл хорио тогтоож байна хэмээн худал мэдээлэл тараасан иргэнийг хоёр сая төгрөгөөр торгожээ.
Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр “Баянзүрх дүүргийн эмнэлэгт дөнгөж сая Коронавирус илэрч хөл хорио тогтоож байна” гэх мэдээллийг өөрийн фэйсбүүк цахим хаягтаа нийтэлсэн иргэнийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагаа явуулжээ.
Ингээд худал мэдээллийг нийтэд дэлгэсэн иргэн Э-г Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгож арга хэмжээ авсан байна.
Иймд иргэд та бүхэн Коронавирустэй холбоотой худал ташаа мэдээлэлд итгэхгүй байж, энэ талын мэдээ, мэдээллийг албаны эх сурвалжаас авч байх, нөгөө талаас нийгэмд худал ташаа мэдээллийг зориудаар тарааж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлбэл зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.