МАН-ын 27-р Их хурал Соёлын төв өргөөнд үргэлжилж байна. Хурлын эхэнд намын дарга Ө.Энхтүвшин улстөрийн илтгэл тавив. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд өгсөн дүгнэлтүүдээ танилцууллаа. Түүний илтгэлээс онцолбол, “Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Чингисийнхээ нэрийг худалдан байж авчирсан бондын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаагаас өдөр бүр хэдэн зуун саяар нь хүү төлж, нийт 108 тэрбум төгрөгийг хүүнд өгч, салхинд тууж байна. Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа зогссон байна, Тавантолгой дампуурч байна гэдгийг Ерөнхий сайд өөрөө хэлчихлээ. Иргэдийн амьжиргааны эх үүсвэр болж байсан 21 мянган төгрөгийг үгүй болгосон нь олон иргэдийн маань амьдралд хүндрэл учруулж байна. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр нь зорилтот хэсэгт хүрээгүй. Бидний өмнө хэрэгжүүлж байсан зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр анх удаа байранд орж буй иргэдэд чиглэж байсан бол энэ хөтөлбөр нь тийм байсангүй. Үүний үр дүнд овжин хэсэг нөхөд зээлийн мөнгийг өөр зүйлд авч зарцуулах боломжийг ч бий болгосон” хэмээн Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжиллээ.
Мөн “Монгол Улсын эдийн засгийн боломж уул уурхайгаас хамааралтай гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй бөгөөд Оюутолгойн ордоос эдийн засгийн хамаарал 40 хувь байгаа нь ирэх онд 60 хувь болж нэмэгдэх учир Оюутолгойтой холбоотой хэлэлцээг харилцан ашигтай байдлаар хийх шаардлагатай” гэв.
Дараагаар нь намынхаа ялагдсан шалтгаануудыг олон хүчин зүйлийн нэгдлээс болсон гэж дүгнэсэн байна. Тухайлбал, МАХН гэх улс төрийн хүчин МАН-ын авах ёстой байсан саналыг хуваасан. Нэрээ сольсныхоо дараа өөр улстөрч үргэлжлүүлэн авах боломжийг нь дутуу үнэлсэн. Нам нэр дэвшүүлэлтийн хувьд зарим зүйл дээр алдсан. Намын анхан шатны байгууллагаас хөндийрсөн зэрэг шалтгааныг онцолсон байна.
Намын даргын хувьд тэрээр өнгөрсөн сонгуульд намаа үзэл баримтлалаасаа болж ялагдаагүй, харин үзэл баримтлалаа хүргэж чадаагүйн улмаас ялагдсан гэж дүгнэжээ. Мөн МАХН-ын удирдлагад буй хүмүүстэй хэрхэн харилцах тухайгаа биш МАН-д сэтгэл зүрхтэй хэрнээ, улс төрийн нөхцөл шалтгаанаар салж явсан энгийн гишүүддээ нөхцөл байдлыг ойлгуулах, татах шаардлагатай буйг онцоллоо.
Б.Манд
news.mn