АНУ-ын Чикаго хотод Консулын газар нээхийг зөвшилцөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Консулын газар нээн ажиллуулах тухай асуудлыг зөвшилцөх талаар хэлэлцэв. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан.

АНУ-ын баруун, зүүн эргийн хотуудад амьдарч буй Монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч АНУ-ын төвийн бүсэд, тодруулбал 8000 орчим монгол иргэн оршин суудаг Чикаго хотод консулын үйлчилгээг ойртуулах зайлшгүй шаардлагатай байна. АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газрын одоогоор 7 орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 3 орон тоог нь Чикаго хотод нээх Консулын газарт шилжүүлэн ажиллуулахаар төлөвлөсөн. Ингэснээр улсын төсвөөс нэмэлт зардал гаргахгүйгээр шинээр нээх Консулын газрын төсвийг шийднэ гэдгийг Гадаад харилцааны сайд танилцуулгадаа онцолсон. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.

Дараа нь Монгол Улс, АНУ-ын cтратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-д айлчлахаар төлөвлөж байна. Манай Улсын Их Хурал  Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тухай асуудлаар 1998 онд тогтоол баталж байсан бөгөөд Монгол, Америкийн өнөөгийн харилцааны хөгжил, ололт амжилтыг  харгалзан, 1998 оны тогтоолыг хоёр талын хамтын зорилт, цаашдын төлөвтэй уялдуулан шинэчлэх саналтай байна. Тогтоолыг УИХ-ын даргын айлчлалын өмнө батлах нь айлчлалд нөхөрсөг, дотно уур амьсгал бүрдүүлэхээс гадна Конгрессын зүгээс “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг батлахад чухал түлхэц болно гэж үзэж байна. Тогтоолыг шинэчилж, АНУ-тай тогтоосон стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг онцолж тусгах нь Монголын төр, засгийн зүгээс АНУ-тай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагийн илэрхийлэл болохын зэрэгцээ Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг бататгаж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа салбарын сайд танилцуулгадаа онцлов. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Энхболд нар асуулт асууж, хариулт авсан тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63,6 хувь нь дэмжсэн. 

http://credit-n.ru/credit-card-single-tinkoff-platinum.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …