Энэ удаагийн ярилцлагын буландаа Масс академийн захирал Б.Сэлэнгээг урьж, ярилцлаа. Масс академи нь өнөөдрийн байдлаар Филиппин улсын 30 гаруй сургуультай албан ёсны хамтын ажиллагаатай бөгөөд Сэбү хотод байрлах нэр хүндтэй 10 гаруй сургуульд монгол төлөөлөгч томилогдон ажиллаж байна. Тэд англи хэлийг орчинд сурах зорилго өвөртлөн Филиппин улсад суралцаж байгаа оюутан залууст хэрэгтэй бүхий л мэдээлэл, зөвлөгөөг өгдөг юм. Түүнчлэн тус хамт олон гурван жилийн хугацаанд “Англи хэлтэй Монгол залуус” төслийг хэрэгжүүлж, энэхүү төсөлдөө 5000 залууг хамруулахаар зорилго тавьжээ.
МАСС АКАДЕМИ НЬ ЗУУЧЛАЛЫН ХӨЛС БОЛОН БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ ОГТ АВДАГГҮЙ
– Сайн байна уу. Масс академийг зорьж, англи хэлийг орчинд нь сурах хүсэлтэй залуучууд нэмэгдэж байна. Юуны түрүүнд академийнхаа талаар мэдээллээр ярилцлаагаа эхэлье?
– Баярлалаа. “Масс Академи” нь 2010 оноос эхлэн байгууллагын дотоод болон гадаад сургалтыг зохион байгуулж ирсэн. Бид үйл ажиллагаагаа 2019 оноос өргөжүүлэн Филиппин, Сингапур, Канад, Энэтхэг улсын англи хэлний сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Англи хэлийг сурах зорилготой хүн бүхэнд хамгийн боломжит зардлаар, дэлхийн хэмжээний чанартай боловсролыг, богино хугацаанд орчинд нь эзэмших боломжийг олгодог. Олон Улсын англи хэлний сургуулиудад манай академийн төлөөлөгчид ажилладаг бөгөөд суралцахаар очсон хүн бүрийг онгоцны буудлаас тосон авч, суралцах хугацаанд нь бүхий л заавар зөвлөгөөг тогтмол өгч, дэмжин ажиллаж байна.
– Масс академ нь суралцахыг хүссэн хүмүүсээс зуучлалын хөлс огт авдаггүй гэдгээрээ онцлогтой. Энэ талаар?
– Тийм ээ. Масс академи нь тухайн сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг. Ингэснээр манайд хандаж суралцахыг хүссэн хүмүүсээс ямар нэгэн зуучлалын хөлс болон бүртгэлийн хураамж огт авдаггүй. Филиппин улс руу англи хэл сурахаар зорьж байгаа хүмүүст ерөнхий болон ярианы англи хэл, IELTS, TOEFL, ТOEIC-ийн сургалт болон гэр бүлийн хөтөлбөр, бизнесийн англи хэл, мэргэшил дээшлүүлэх зэрэг сургалтуудыг санал болгодог. Тухайлбал, инженер техник, эмч, эмнэлгийн байгууллага, багш, аялал жуулчлал, хөтөч тайлбарлагч гэх мэт чиглэлээр мэргэшүүлэх сургалтууд явагддаг.
– Суралцахыг хүссэн хүмүүс хугацааны хувьд ямар нөхцлөөр сурах боломжтой вэ?
– Хувь хүн сонголтоо хийсний үндсэн дээр суралцах хугацаагаа өөрөө сонгоно. Ер нь тухайн хүн хоёр долоо хоног, нэг сар, гурван сар болон зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар суралцах боломжтой. Энэ нь ажил, амралтаа өөрөө зохицуулаад хугацаагаа зөвхөн өөрөө сонгоно гэсэн үг. Хичээлийн хувьд ерөнхий англи хэлийг тухайн хүн өдөрт ачаалал багатайгаар суралцах хүсэлтэй байвал 4-6 цагийн хичээлд хамрагдаж болно. Харин англи хэлийг түргэвчилж сурахыг хүсвэл 12 цагийн хичээлийн хөтөлбөрт хамрагдах боломжтой.
– Англи хэлийг гэр бүлээрээ орчинд нь сурах хүсэлтэй хүмүүс маш олон байдаг шүү дээ. Гэр бүлийн сургалтын хөтөлбөрийн давуу талыг дурдахгүй юу?
– Тэгэлгүй яахав. Гэр бүлээрээ англи хэлийг орчинд нь сурах хүсэлтэй маш олон хүн бидэнд ханддаг. Масс академийн өвлийн хөтөлбөрт хамрагдаж Филиппин улс руу олон гэр бүл явсан. “Мөрөөдлийн театр” –ын жүжигчийн Батаагийн гэр бүл “Өвлийн хөтөлбөр”-т хамрагдаж эхнэр, гурван охинтойгоо Филиппинд суралцаад ирсэн. Тэдний гэр бүлийг Филиппинд суралцаад ирснийг мэдсэн хүмүүс “Бид яг л Батаагийн гэр бүл шиг хүүхдүүдээ дагуулаад гэр бүлээрээ суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, зөвлөгөө, мэдээлэл авсны үндсэн дээр тус улсыг зорьсон. Тэдгээр гэр бүлүүд маш өндөр сэтгэгдэлтэй буцаж ирсэн. Гэр бүлээрээ суралцахыг хүссэн хүмүүст насны хязгаар гэж байхгүй. Эцэг, эх асран хамгаалагч нь хичээлтэй үед хоёроос доош насны хүүхдээ “Хүүхэд асрагч”-аар хүүхдээ харуулж болдог. Ингэснээр эцэг, эхчүүд нь хүүхэддээ санаа зовних шаардлагагүй зөвхөн хичээлдээ анхаарлаа хандуулах боломжтой. Харин 2-5 насны хүүхэд “Хүүхдийн хөтөлбөр”-т хамрагддаг бол 5-аас дээш насны хүүхэд “Үндсэн хөтөлбөр”-т хамрагдана. Мөн Филиппинд гэр бүлээрээ хамт амьдрахад зориулсан дотуур байр бий. Өөрөөр хэлбэл сургууль бүр гэр бүлийн өрөөтэй гэсэн үг. Мэдээж аль болох гэр бүлээрээ тав тухтай амьдрах орчныг бүрдүүлж өгсөн.
СУРАЛЦАХААР ИРСЭН ОЮУТНУУДЫГ ОНГОЦНЫ БУУДЛААС ТОСОХООС ЭХЛЭЭД ТӨЛӨӨЛӨГЧ ХҮНИЙ АЖИЛ ЭХЭЛДЭГ
– Филиппин улсын нэр хүндтэй сургуулиудад Масс академийн төлөөлөгчид ажилладаг. Тухайн улс руу төлөөлөгчөөр ажиллахад ямар шалгуур тавьдаг вэ?
– Нэгдүгээрт Филиппин улс руу төлөөлөгчөөр ажиллахад англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх шаардлагатай. Мөн англи хэлний ахисан шатны сургалтад хамрагдаж, сошиал платформууд болон Facebook,Twitter, Insgramm, Linkedln дээр хэрхэн ажиллах талаар мэдлэгтэй болдог бөгөөд байгууллагын ёс зүйн хичээлүүдийг ч ордог. Өмнө нь ажиллаж байсан төлөөлөгчид тухайн сургуулийнхаа мэдээллийг маш сайн өгөөд 3-4 шаардлагыг хангасан тохиолдолд ажиллах сургуульдаа шалгалт өгнө. Мөн гурван шатны ярилцлагад орно. Ингээд төлөөлөгчөөр ажиллах хүний хувийн мэдээллийг сургууль руу нь илгээснээр шаардлага хангасан тохиолдолд төлөөлөгчөөр ажиллах боломж бүрдэнэ.
– Тэгвэл төлөөлөгч хүн ямар үүрэг хүлээж, суралцаж байгаа оюутнуудтайгаа хэрхэн хамтарч ажиллах уу?
– Филиппин улсын 30 гаруй сургуулиас төлөөлөгчгүй сургуулиуд бас бий. Төлөөлөгчтэй сургуулийн давуу тал их. Тухайлбал, англи хэлийг анхан шатнаас нь сурах гэж байгаа хүмүүст сургуулийн мэдээлэл, зохион байгуулах арга хэмжээ, хичээлийн хуваарь, шалгалт хэзээ эхэлж, дуусах гэх мэт оюутанд ямар л мэдээлэл хэрэгтэй байна тэр бүгдийг зөвлөж, нэг үгээр хэлбэл “хөтөч” болдог. Филиппинд бүх хүн англиар ярьдаг учир анх очсон хүмүүст хэлний бэрхшээлээс эхлээд олон асуудал тулгардаг. Тиймээс монгол төлөөлөгчөөрөө дамжуулж энэ бүх асуудлаа шийдэх боломжтой. Манай төлөөлөгчид шинэ оюутнуудаа онгоцны буудлаас тосож аваад, сургууль, дотуур байртай нь танилцуулахын зэрэгцээ мөнгөө хэрхэн солиулах, хаагуур аялах боломжтой зэрэг мэдээллийг өгч, тусалдаг. Ялангуяа гэр бүлээрээ явж байгаа хүмүүст төлөөлөгчийн туслалцаа маш их гардаг юм. Тухайлбал, хүүхэд нь өвдсөн тохиолдолд эмнэлгийн тусламж хэрхэн авах, хичээлээсээ чөлөө авахад хаана, хэнд хандах уу зэргийг төлөөлөгчид хэлж өгнө дөө.
АНГЛИ ХЭЛИЙГ ОРЧИНД НЬ СУРГАХ ЗОРИЛГООР “АНГЛИ ХЭЛТЭЙ МОНГОЛ ЗАЛУУС” ТӨСЛИЙГ ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛНЭ
– Филиппин рүү анхлан суралцахыг хүссэн хүмүүст англи хэлний түвшин заадаг уу?
– Анхлан суралцах гэж байгаа хүмүүсээс англи хэлний түвшин шаардахгүй. Манай академд ихэвчлэн англи хэлийг зайлшгүй сурах хэрэгтэй аль эсвэл өөрийгөө илэрхийлэх чадвартай болохыг хүссэн хүмүүс ханддаг. Мөн төрийн албаны болон Олон улсын шалгалтад орохоор зорилгоо тодорхойлоод сургалтын хөтөлбөрт хамрагдахаар ирж байна. Ер нь манай академийн зүгээс сурахыг хүссэн хүмүүст англи хэлийг хэтэрхий урт хугацаанд сурахыг зөвлөдөггүй. Харин маш богино хугацаанд, цаг алдалгүй, хямд үнээр, өөр дээрээ илүү ачаалал аваад сурах нь үр дүнтэй санагддаг. Та зургаан сарын хугацаанд 4-6 цагаар сурах уу аль эсвэл гурван сарын хугацаанд 12 цагаар сурах уу гэдэг нь таны сонголт.
– Филиппинд суралцахыг хүссэн хүмүүс сурахынхаа хажуугаар ажиллах боломж бий юу. Энэ талаар олон хүн сонирхож асуудаг?
– Зарим орнуудад суралцах хугацаандаа хажуугаар нь ажиллах боломж байдаг. Харин Филиппинд ажиллах боломжгүй. Учир нь олон хүн амтай, аялал жуулчлал хөгжсөн орон учраас суралцаж байгаа хүмүүсийг ажилд авдаггүй. Зөвхөн сургалтын хөтөлбөртөө хамрагдаад, англи хэлийг чанартай сурах нөхцлийг бүрдүүлж өгсөн.
– Mасс академийн зүгээс “Англи хэлтэй монгол залуус” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийн зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
– “Англи хэлтэй Монгол залуус” төслийг бид гурван жилийн хугацаанд нийтдээ 5000 залууг хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдөр англи хэл сурах залуусын эрэлт, хэрэгцээ асар их болсон. Тиймээс бид юуны түрүүнд Монголд үйл ажиллагаа явуулдаг хичнээн сургалтын төв байна, эдгээрээс гаднын орнуудад зуучилдаг хэдэн төв байна. Англи хэл сурахыг хүссэн хичнээн хүн байна гэсэн тандалт, судалгааг хийсэн юм. Энэхүү судалгаанаас харахад англи хэл сурахыг хүссэн олон залуус байгаа нь ажиглагдсан. Гэхдээ монголд IELTS-ын шалгалтад бэлдэж байгаа хүмүүсийн ярианы чадвар болон сонсголын чадвар муу байдаг. Учир нь англиар ярьж, сонсох орчин алга. Тиймээс англи хэлийг орчинд нь бүрэн хэмжээнд сурах боломжийг л олгох юм. Бидэнтэй хамтарч ажилладаг сургуулиуд энэхүү төслийн хүрээнд олон боломжуудыг санал болгосон. Тодруулбал, хичнээн хүн англи хэл сурахыг хүсэж байна. Тэдгээрээс ямар насны хүмүүс, хэдий хугацаагаар сурах уу? гэдгээс шалтгаалаад сургалтын хөтөлбөр болон төлбөртөө уян хатан нөхцөлтэйгөөр хандаж, хямдрал, боломжуудыг өгч байна. Мэдээж тухайн сургуулиуд хатуу дүрэм журамтай ч санхүүгийн хувьд уян хатан боломжууд бий. Насны хязгаар гэж байхгүй. Манай академаар дамжуулан дөрвөн сартай хүүхдээс авхуулаад 60 настай хүн ч явсан. Филиппиний сургуулиудад Солонгос, Япон улсаас 70 настай хүн хүртэл ирж, залуучуудтай нэгдэж, хөл нийлүүлэн суралцдаг.
– Филиппин бол аялал, жуулчлал өндөр хөгжсөн орнуудын тоонд зүй ёсоор ордог. Чөлөөт цагаа өнгөрүүлж, аялж, зугаалах олон сайхан газрууд бий. Тэгвэл сурч байгаа оюутнууд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ. Аяллын хөтөлбөрийг сургуулиас нь зохион байгуулдаг уу?
– Тийм ээ. Сургууль бүрт амралтын өдрөөр аяллын хөтөлбөр зарлагддаг. Зарлалын самбарууд дээрээ аялах боломжтой газруудыг танилцуулаад үнэ болон бусад мэдээллийг байршуулдаг. Монгол мөнгөөр 30-100 мянган төгрөгний хооронд аяллын хөтөлбөрүүд байдаг. Ингээд баасан гаригт ч юм уу аялах хөтөлбөрөө сонгоод захиалгаа өгдөг.
ФИЛИППИНД СУРАЛЦААД ИРСЭН ОЮУТНУУД ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ БУЦАЖ ЯВАХАА ИЛЭРХИЙЛЖ ЭРГЭХ ХОЛБООТОЙ БОЛЖ БАЙНА
– Таны хувьд саяхан Филиппин улс руу явж, сургуулиудын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ сурч байгаа оюутнуудтайгаа уулзаад ирлээ. Тэд ямар сэтгэгдэлтэй байна вэ?
– Тийм ээ. Масс академаар дамжуулан сурч байгаа оюутнууд болон төлөөлөгчидтэйгөө уулзаад ирлээ. Мөн тухайн сургуулийн багш, удирдлагуудтай нь уулзаж, оюутнуудынхаа хандлага болон цаашид юун дээр анхаарах талаар ярилцсан. Шинэ оны өмнө төлөвлөгөөгөө ярилцаад, ажлаа дүгнээд ирлээ. Мөн нэгдүгээр сард дахин Филиппинийг зорьж “Англи хэлтэй Монгол залуус” хөтөлбөрийн хүрээнд санал солилцоод бусад гаднын орнуудын сайн жишгийг судалж хэрхэн ажиллах талаар ярилцсан. Мэдээж тэнд суралцаж байгаа хүмүүс таатай байгаа талаар бидэнд үргэлж хэлдэг. Бид суралцаж байгаа хүмүүстээ цогц үйлчилгээг үзүүлэхээс гадна явах гэж байгаа хүмүүсээ маш сайн судалдаг. Тухайн суралцагч манайд хандах үед өөрийнх нь саналыг сонсоод шаардлагатай бүх л мэдээллийг нь өгнө. Суралцаж байгаа хүмүүстээ даатгалын үйлчилгээ, эрүүл мэндийн даатгал болон тасалбар захиалах зэрэг үйлчилгээг үзүүлдэг нь суралцагчдын талархлыг хүлээсээр байна. Суралцаад ирсэн хүмүүс зун буцаад хүүхдээ, аав ээжийгээ аваад явна гэж хэлдэг. Энэ нь эргэх холбоо бий болж байгааг харуулж байна. Мөн тухайн хүн явахаасаа өмнө манай академ дээр онлайн сургалтад үнэ төлбөргүй хамрагддаг. Онлайн сургалтад хамрагдсанаар яриагаа сайжруулаад, чихээ онгойлгоод явна гэсэн үг. Монголоос мэдээллээ авчихсан хүн Филиппинд очоод хаана юу байгааг төвөггүй олдог.
– Филиппинд суралцахыг хүссэн хүмүүс сургалтын төлбөрийн талаар тодорхой мэдээлэл авахыг хүсдэг. Энэ талаар?
– Филиппиний сургуулиудын нэг сарын төлбөр 999-2760 ам. долларын хооронд байдаг. Сургуулийн орчин нөхцөл, сургалтын хөтөлбөрөөс хамаараад төлбөрийн нөхцөл өөр өөр байдаг. Жишээлбэл хамгийн бага төлбөртэй сургуульд өдрийн гурван хоол, амьдрах байр, өдрийн 6 цагийн хичээл багтдаг. Тухайн суралцагчийн хүссэн амьдрах орчин нөхцөл, сургалтын хөтөлбөрөөс хамаараад харилцан адилгүй. Сонголтоо та өөрөө хийнэ.
– Монголоос Филиппин рүү ямар маршрутаар явдаг вэ?
– Филиппин рүү олон сонголтоор явж болно. Тухайлбал, Улаанбаатар-Инчеон-Сэбү аль эсвэл Улаанбаатар-Хонконг-Сэбү. Мөн Улаанбаатар-Турк-Сэбү чиглэлд аялангаа зорьсон газраа очиж болдог. Ер нь Сэбүг зорих гэж байгаа хүн ажлаа төлөвлөж, хаанаас очих гэж байгаагаасаа шалтгаалаад маршрутаа зохиодог. Голдуу залуучууд суралцахынхаа хажуугаар найз нөхөдтэйгөө аялах сонирхолтой байдаг
– Англи хэл сурахаар зорьж байгаа залуучууддаа хандаж юу хэлэх вэ?
– Гаднын улсад сурахаар зорьж байгаа хүмүүс хамгийн нэгдүгээрт эрүүл мэнддээ маш сайн анхаараарай. Эмчийн үзлэгт бүрэн хамрагдаж, эмчлүүлэх шаардлагатай бол яаралтай эмчлүүлээрэй. Учир нь гаднын бусад оронд та өвдөөд ганцхан дусал хийлгэхэд та доод тал нь 500 доллар төлнө. Мөн даатгалгүй л бол халааснаас тань их мөнгө гарна. Мөн залуучууд тухайн орныхоо соёлыг хүндэтгэж, хөрвөх чадвартай байх хэрэгтэй. Жишээлбэл, монгол зангаараа “уучлаарай” гээд гар барихад хэрхэн хүлээж авах вэ? гэдгийг сайн бодолцож тухайн сурч, ажиллаж байгаа орныхоо ёс, уламжлалыг хүндэтгээрэй. Англи хэлийг орчинд нь сурахын давуу тал маш их. Тиймээс нэгэнт англи хэл сурна гэж өөртөө зорилго тавьсан л бол эцсийг нь хүртэл тууштай суралцах хэрэгтэй. Хэл сурахад хэзээ ч оройтохгүй, яг одооноос та алхам хийгээрэй. Мөн залуу насандаа боломжийг зөв ашиглаж, олон орноор аялж, мартагдахааргүй дурсамж үлдээгээрэй гэж хэлье.
– Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
– Баярлалаа.
БОЛОВСРОЛ БОЛ ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛЖ ЧАДАХ ХАМГИЙН ХҮЧТЭЙ ЗЭВСЭГ
БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ : 7007-8888, 9911-6555, 9910-4177, 9910-4153, 9910-4157
www.massacademy.mn
marketing@massacademy.mn
БАРУУН 4 ЗАМ ГРАНД ПЛАЗА 9 ДАВХАРТ 901 ТООТ
Ярилцсан сэтгүүлч Б.МӨНХЦАЦРАЛ