Үндэсний статистикийн хорооноос COVID-19 халдварын дэгдэлттэй холбогдуулан Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн төлөв байдлыг танилцууллаа.
Монгол Улсын 2020 оны эхний 2 сарын нийгэм, эдийн засгийн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, улсын төсвийн орлого 11.7 %, экспорт 29.5 хувиар, импорт 10.4 %, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 14.2, тэр дундаа уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 23.8 %, агаарын тээврийн орлого 21.7 %-аар тус тус буурчээ.
Харин улсын төсвийн зарлага 42.7 %, нийт хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 11.2 % хувиар өссөн байна.
Тээврийн салбарын өсөлт бууралтыг харвал:
Төмөр замын тээвэр
Төмөр замын тээврээр 2020 оны эхний 2 сард 4.6 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеэс 296.2 (6.8%) мянган тонноор өсжээ. Төмөр замын тээврээр тээсэн ачааны өсөлтөд экспортын ачаа 540.1 (35.1%) мянган тонн, импортын ачаа 21.2 (4.8%) мянган тонн, дамжин өнгөрөх ачаа 3.6 (0.7%) мянган тонноор тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Харин төмөр замын тээврээр тээсэн ачаа 2020 оны 2 дугаар сард 2.2 сая тонн болж, өмнөх сараас 246.9 (10.1%) мянган тонноор буурсан байна.
Агаарын тээвэр
Агаарын тээврээр 2020 оны эхний 2 сард 624.3 тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеэс 183.7 (22.7%) тонноор буурсан байна. Мөн агаарын тээврээр тээсэн ачаа 2020 оны 2 дугаар сард 182.7 болж өмнөх сараас 259.0 (58.6%) тонноор буурсан байна. Агаарын тээврээр дотоодод тээсэн ачаа 2020 оны эхний 2 сард 11.4 (1.8%) тонн болж, өмнөх оны мөн үеэс 1.5 (10.9%) тонн, олон улсад тээсэн ачаа 613.0 (98.2%) тонн болж, өмнөх оны мөн үеэс 182.3 (22.9%) тонноор тус тус буурсан байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо