МАН-ын ХХVII их хурлын завсарлагаанаар зарим нэг төлөөлөгчтэй уулзаж ярилцсан юм. Туулсан амьдрал, насны хувьд харилцан адилгүй тэдгээр эрхмүүд бүгд л МАН шинэчлэгдэх ёстой гэдэг дээр санал нийлж байв.
-Та Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал гэсэндээ намынхаа их хуралд ч эко буюу чамин гоё ногоон, хар хослол өмсөж ирсэн нь үнэхээр дэгжин, сайхан харагдаж байна шүү?
-Тийм үү. За их баярлалаа. Гэхдээ би яагаад ч юм ихэвчлэн энэ өнгийг сонгочихсон байдаг юм.
-Сая Ө.Энхтүвшин дарга улстөрийн илтгэл тавилаа. Та энэ илтгэлтэй холбогдуулан санал бодлоо хуваалцахгүй юу?
-МАН-ын Бага хурлын гишүүний хувьд дүгнэхэд Ө.Энхтүвшин даргын илтгэл сөрөг хүчний намын даргын хувиар их чамбай, сайн боловсруулалттай болжээ гэж үзэж байна.
Эрх баригч хүчний өдөр тутам гаргаж байгаа олон алдааг гярхай олж харан тоо баримт сайтай үнэлэлт өгч, шүүмжилснээс гадна намын даргын хувьд МАН-д бугшиж байгаа алдаа дутагдлыг ч зоригтой шударга дүгнэлээ.
Миний хувьд яг л ийм зоригтой, шударга илтгэл тавиасай гэж хүлээж байсан юм. Зөвхөн надаар тогтохгүй хажуугийн суудлуудад сууж байсан олон төлөөлөгч ийм бодолтой байгаа нь илт анзаарагдаж байна лээ.
Ер нь аливаа нэгэн өвчний оношийг нь тодруулж байж эдгээдэг шиг монголын улстөрийн ууган хүчин, манай намд олон жил бугшсан алдаа, завхралаа зоригтой дэлгэн тавьж байж л бид ирээдүйн зорилтоо зөв тодорхойлж, ард түмнийхээ дунд сэвтсэн нэр хүндээ эргүүлэн авч чадна.
-Таны хувьд хэдэн онд МАН-тай хувь заяагаа холбосон бэ?
-Би 1999 онд хуучнаар МАХН буюу одоогийн МАН-ын гишүүнээр элсэж байсан.
-Энэ удаагийн МАН-ын ХХVII их хурал эхнээсээ л халуухан уур амьсгалтай болох шинжтэй. Хурлын эхэнд “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Т.Аюурсайхан илтгэл тавих гээд чадсангүй. Энэ талаар та ямар бодолтой байна?
-МАН бол дотоод ардчилал сайтай, олонхын саналыг хүндэтгэж үзэх зарчмаар ажилладаг гэдгийг бүгд мэдэж байгаа.
Тийм ч учраас “Шинэчилье” хөдөлгөөний зохицуулагчийн итгэлийг сонсох эсэхээр санал хураалт явуулахад хурлын төлөөлөгчдөөс 171 хүн дэмжиж цөөнх болсноор тэр асуудал шийдэгдсэн болов уу.
-Хэдийгээр арай эрт ч гэсэн МАН-ын ХХVII их хурлаас гарах эцсийн үр дүнгийн талаарх таны байр суурийг сонирхож болох уу. Залуучуудын дэвшүүлэн тавьсан шинэчлэл, өөрчлөлт хийгдэх найдвар харагдана уу?
-Хурлын үр дүнгийн талаар дүгнэхэд эрт байна. Манай намын тухайд шинэчлэлт, өөрчлөлт хүлээгдэж байгаа юу гэвэл зайлшгүй тийм. Гэхдээ үе үеийн их хурлаар байнга шинэчлэл, өөрчлөлтийн тухай яригдсаар ирсэн юм билээ.
Харин энэ удаагийн их хурал МАН-д тулгараад байгаа тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх түүхэн чухал хурал гэдгээ маш сайн ойлгож хуралдаасай гэж Бага хурлын гишүүний хувьд дүгнэж байна.
Хамгийн гол нь амьдралтай ойр, олон жил амьдрах дүрэм батлахын төлөө их хурлын төлөөлөгчид бүх хүч чадлаа дайчлах учиртай.
Бидэнд өөрчилж, шинэчлэх шаардлагатай олон зүйлс бий. Намын дараалсан ялагдалд гадаад, дотоод олон хүчин зүйлс ч нөлөөлсөн.
Эдгээр ялагдлаа зүгээр нэг яриад, маргаад өнгөрөх биш энэ ажилд мэргэжлийн судалгааны баг ажиллуулах шаардлага ч байгаа юм.