Шинэ өглөөний мэнд. Ugluu.mn сайт Өглөөний зочин буландаа Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуултай ярилцлаа.
Ажил маш их байдаг учраас манай мэргэжилтнүүд өдөр шөнөгүй, цаг наргүй ажилладаг
Сайн байна уу? Таны ажил тавтай юу. Хараад байхад их завгүй байх юм. Ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна?
Манайх бол нийгмийн бүх л чиглэл рүү үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага. Хуучин бол Хүүхдийн төлөө үндэсний газар, түүний салбар нэгж байгууллага гэдэг утгаараа зөвхөн хүүхдийн асуудал хариуцдаг байсан. 2016 оноос хойш гэр бүл, хүүхэд, залуучуудын гээд бүх насны хүмүүсийг хамарсан ажлыг чиглүүлж хэргэжүүлдэг. Хэрвээ манай ажлыг хувиар тодорхойл гэх юм бол бараг 50 хувь нь хүүхдийн асуудал байдаг. Үлдсэн хэсэг нь гэр бүл, залуучуудыг хариуцсан, түүнд чиглэсэн үйл ажиллагаа багтдаг. Хүүхдийн асуудал маш эмзэг.
Мэдээллийн технологи, техникийн дэвшил зэрэг орчин үеийн хөгжлийг дагаад маш олон боломжийг бидэнд олгож байгаа ч зөрүүлээд бэрхшээлүүд, сорилтууд гарч ирж байна. Магадгүй 10 жилийн өмнө цахим донтолт гэдэг эмгэг байгаагүй бол одоо энэ нь нийгэмд аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрчихсэн байна. 20 жилийн өмнө ахуйн болон бусад төрлийн осол гэмтэл, стресс уур бухимдал ийм их байсангүй. Гэтэл өнөөдөр эдгээр нь нийгмийн суурь шалтгаан болчихсон. 10 жилийн өмнө өсвөр насны хүүхдүүдийн нас баралтын үндсэн шалтгаан нь халдварт болон халдварт бус өвчин байсан бол өнөөдөр амиа хорлолт нас баралтын суурь шалтгаан нь болсон байна. Яагаад амиа хорлож байна вэ гээд судлаад үзэхээр үндсэн хэдхэн асуудал байдаг. Техник технологийн дэвшилтэй холбоотойгоор үе тэнгийнхний дарамт шахалт, гадуурхалт маш их болсон. Анги бүр, сургууль бүрт хүүхдүүд жижиг, жижиг бүлгүүдтэй болчихсон. Хазгай гишгэсэн нэгнийгээ, эвгүй үйлдэл гаргасаныгаа нийтэд зарладаг, эвгүй байдалд оруулдаг, энэ байдал нь өөрийгөө нийгмээс тусгаарлах механик хүчин зүйл болж, амиа хорлоход хүргэдэг гэх мэтчилэн маш олон асуудал байна.
Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл байна. Холбогдох хууль дүрмүүд гарсантай холбоотойгоор илрүүлэлт нэмэгтдсэн. Нөгөө талаас энэ төрлийн гэмт хэрэг гараад байна гэдэг нь хүчирхийлэл байгаад байна гэсэн үг. Бид хүчирхийлэл байлгахгүйн төлөө ажиллаж байгаа. Энэ мэтчилэн олон асуудлын улмаас Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдийн асуудал эмзэг хэвээрээ.
Дийлэнхи олонх нь бэлгийн хүчирхийллийг л хүчирхийлэл гэж ойлгоод байдаг. Зарим арай ойлголттой нь цохиж, зодох нь хүчирхийлэл болдог гэж ойлгодог. Гэтэл сэтгэл санааны хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийлэлийг нийгэмд ойлгохгүй байна. Ганцхан зүйл хэлье. Таны хүүхэд яг одоо хаана, юу хийж явж байгааг мэдэхгүй байх юм бол та хүүхдээ үл хайхарч байна гэсэн үг. Хэнтэй найзалж байгаа, найзыг нь мэдэхгүй бол та хүүхдээ үл хайхрах хүчирхийллээр хүчирхийлж байна. Бидний зүгээс үл хайхрах хүчирхийллийг бууруулах чиглэлээр олон ажил хийж байгаа.
Иймэрхүү сайнтай, муутай маш олон ажил хийдэг учраас зав ер нь бага. Улаанбаатар хотод өдөрт дундажаар 5-6 хос гэрлэлтээ цуцлуулж байна. Цуцлуулахдаа хүүхдээсээ болж маргаан үүсгэнэ. Манай байгууллагаас шинжээчийн дүгнэлт гардаг. Энэ хүүхдийг аав дээр нь үлдээх үү, ээж дээр нь үлдээх үү гэдэг дүгнэлт гаргана. Улсын хэмжээнд 10-11 өрх өдөрт гэр бүлээ цуцлуулж байна. Ажил маш их байдаг учраас манай мэргэжилтнүүд өдөр шөнөгүй, цаг наргүй ажилладаг.
Хүүхдийн тухай, залуучуудын тухай, гэр бүлийн тухай гээд тус тусдаа хуультай маш том хүрээ. Нэг газарт ахадсан ажил биш үү?
Гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль, залуучуудын хууль гээд салбар салбарынх нь хуулиудыг харахаар тусдаа асуудал юм шиг харагддаг. Гэхдээ нийгмийн болон хүн ам зүйн үүднээс гэр бүлд суурилан авч үзвэл маш уялдаа холбоотой юм л даа. Хүүхдээр авч үзвэл гэр бүлд суурилсан хүүхэд хөгжил, гэр бүлд суурилсан хүүхэд хамгаалал, гэр бүлд суурилсан залуучуудын хөгжил, тогтвортой найрсаг харилцаатай гэр бүлийн систем рүү чиглэх учраас эдгээрийг салгах нь өрөөсгөл байгаа юм.
Бид бүх зүйлийг өөрсдөө хийх гэхээсээ илүүтэй зарим асуудалтай зүйлүүд дээр төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлээд мэргэшсэн ИНБ-уудаар, мэргэшсэн зарим төрийн байгууллагуудтай хамтраад үйлчилгээг нь тэднээр дамжуулж үзүүлэхээр ажиллаж байна.
Маш том хүрээг хамарч олон ажил хэрэгжүүлж байгаа байх. Хэрэгжүүлж байгаа ажлынхаа зах зухаас дурдвал?
Жишээ нь “БИ НАР” гэдэг төслийг Монголын хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтарч хийж байна. Энэ төсөл нь алслагдсан дүүргүүд, алслагдсан хороонд амьдарч байгаа хүүхдийг Монголын хүүхдийн ордон, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн сургалт, дугуйлангуудад хамруулхад чиглэсэн ажил. Уулын орой дээр байгаа айлын хүүхэд Монголын хүүхдийн ордны дугуйланд очиж сууна гэдэг хэцүү. Амьдарч байгаа газраасаа шалтгаалаад хөгжих боломж нь хязгаарлагдаад байгаа учраас “БИ НАР” төслийг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлж байна. Манайхаас санхүүжилт, зардлыг нь гаргаад, тухайлбал Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Зүрх уулын дэргэд байх хорооны байранд хүүхдийн ордны багш нь очоод тэр хавийн хүүхдүүдэд дугуйланг хичээллүүлж байгаа. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо буюу Зүүнсалаагийн хорооны байранд Хүүхдийн урлан бүтээх төвийн багш нь очоод Урлан бүтээхийнхээ дугуйланг хичээллүүлж байна. Хүүхдийн ордны стандартаар хамгийн зах хязгаарт байгаа хүүхдүүдэд мэргэжлийн багш нь хөтөлбөрийнхөө дагуу мэргэжлийн сургалтыг явуулах боломжоор хангасан.
Мөн Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтарсан “Хүүхэд хамгаалагч” төсөл хэрэгжиж байна. Хүүхэд хамгааллын тухай хуулиараа сургуулийн орчинд боловсролын байгууллага хүүхдийг хамгаалдаг. Сургуулийн орчноос гэрлүүгээ явах замд нь хамгаалах хүнгүй болчихоод байсан. Гэтэл хүчирхийлэл, осол гэмтэл сургуулиа тараад гэртээ харих замд нь гараад байдаг. Осол эндэгдэлд, хулгайд өртчих гээд байдаг, хүчирхийлүүлчих гээд байдаг учраас “Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлээд, энэ төслийн хүрээнд цагдаагийн албанаас болон бусад газраас тэтгэвэртээ гарсан хүүхдэд элэгтэй, хууль мэддэг хүмүүсийг хүүхэд хамгаалагч болгоод, хүүхдийг сургуулийн орчноос гэрийн орчинд хүрэхэд нь хөтчийн үүрэг гүйцэтгэх ажлыг хийж байгаа.
Саяхан нийслэлээс эхний ээлжинд 40 автобус гаргасан, хувийн сургуулиудыг бүгд автустай бай, тодорхой цэгүүдэд хүргэж бай гэсэн шаардлагыг нийслэлийн удирдлагын зүгээс тавьсан. Энэ 40 автобусанд “Хүүхэд хамгаалагч” төслийн хүүхэд хамгаалагчид явсан. Өөрөөр хэлбэл автобус дотор элдэв төрлийн эрсдэл үүсэхгүйгээс гадна гараас гарт буюу хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгөх боломжийг бүрдүүлж байгаа юм. Энэ төсөл жил ирэх тусам улам боловсронгуй болоод цааш нь хэрэгжинэ.
За тэгээд хүүхэд гэртээ орохоор хүүхэд хамгааллын хуулийн дагуу гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгаалал буюу аав ээж асран хамгаалагч нар хүүхдээ хайрлах, асран хамгаалах үүрэг үүсч байгаа юм. Ингээд нийт зургаар нь хархаар хүүхэд аюулгүй байна гэж харж байгаа.
Нэгэнт хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд бас байна. Зодуур амссан, архины хамааралтай гэр бүлд байж байгаад гэр бүлйийн хүчирхийлэлд өртөөд гараад явсан, тэнэмэл амьдралтай, бэлгийн хүчирхийлэлд өртсөн маш олон хүүхдүүд байдаг. Тэднийг мэргэжлийн ТББ-уудад нь хариуцуулаад нөхөн сэргээх эмчилгээг нь хийгээд, боловсролын үйлчилгээг нь үзүүлээд, хэвийн амьдралд нь оруулаад, буцаагаад ар гэрт нь өгдөг ийм ажил хийгдээд явж байгаа. Бид бодлогоор дэмжээд, мэргэжлийн бусад байгууллагуудад холбогдох ажлыг нь хариуцуулаад, Төрийн байгууллага болон төрийн бус байгууллага хоорондын хамтын ажиллаганд түшиглэн ажлуудаа хэрэгжүүлээд явж байна.
Танайх анхны газар нь гэж хэлж болохоор байх тийм үү. Ажлаа хэрхэн эхэлж байв?
2018 оны тавдугаар сард Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар байхад нь хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн.
Өмнө нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ахлах мэргэжилтэнгээр нь ажилж байгаад 2018 онд энд ирсэн. Манайх өнгөрсөн гуравдугаар сард, ЗГ-ийн 2019 оны 100 дугаар тогтоолоор Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн хүүхэд гэр бүл, хөгжлийн газар нэгдэж нийлээд Нийслэлийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болсон.
Хоёр төрийн байгууллагыг эмхэлж нийлүүлэх, хоёр өөр байгууллагын ажилтнуудыг нэг итгэл үнэмшилтэй, нэг зорилготой, нэг хүсэл тэмүүлэлтэй нэг хамт олон болгох, бичиг цааны ажил, бодлого шийдлүүдээ нэг болгох, тус тусдаа байсан хөтөлбөрүүдийг нэг болгох гээд өнгөрсөн жил нилээд ачаалалтай байсан. Хагас жилийн дотор бид нэг итгэл үнэмшилтэй, нэг үнэт зүйлтэй байгууллага болчихлоо. Цаашид ажиллаад явах боломжоор хангагдсан. Одоо 2020 онд бидэнд үр дүн хэрэгтэй гэж хараад ажиллаж байна.
Их сургуульд багшилж байсан хүнийг хороонд, гэрээт аижлтнаар ажилла гэсэндээ санаа зовсон байлгүй. Би хувьдаа огтхон ч эргэлзээгүй, зүгээр хүнтэй ажиллах нь, хороонд ажиллах нь гоё санагдаад зөвшөөрчихсөн.
Анх хүүхэд гэр бүлийн байгууллагатай холбогдож байхдаа юу төсөөлж байсан бэ?
Миний үндсэн мэргэжил бол философийн багш. 2006-2010 оны хооронд их сургуульд багшилж байсан. 2009 он манай Хишигжаргал гэдэг оюутан хичээл дундуур, лекц орж байтал “Багшаа би нэг юм хэлье” гээд босч ирсэнээ “Багшаа та дандаа ном яриад, онол яриад байх юм. Хүмүүс дунд амьдраач. Амьдрал гэдэг чинь уншсан номноос чинь, ярьдаг онолоос чинь арай өөр шүү дээ” гэж хэлсэн. Би одоо ч шавьдаа баярлаж явдаг. 10 жилд байхдаа ч, оюутан болоод ч хичээл ном, хичээл ном гэдэг л хүүхэд байсан. 2006 онд их сургуулиа төгсөөд үргэлжлүүлээд шууд л багшилсан. Дахиад л онол, хичээл ном гэж амьдарч байлаа. Шавийгаа хэлэхэд бид бодсон л доо. Нээрээ л бодит амьдрал юу вэ гэдгийг мэдэхгүй. Тэгээд бодит амьдрал дээр ажиллах ямар байдгийг сонирхоё гэж бодоод дараа жил нь өөрийн хүсэлтээр багшийн ажлаа өгсөн.
Их л зориг гарсан байх даа?
Төрийн албанд ажиллая, анхан шатнаас нь эхэлье гэж бодоод хороонд ажилд орлоо. Тухайн үед Налайх дүүргийн ЗДТГ-ын дарга нь Лхагва-Очир гэдэг хүн байсан. Лхагва-Очир дарга “Мандуулаа чи голохгүй бол манай Налайхын дөрөвдүгээр хороонд гуравхан сарын хугацаатай гэрээт ажилтны ажлын байр байгаа. Ийм ажил хийх үү” гэж асуусан. Ярианаас нь хархад санаа зовсон харагдаж байлаа. Их сургуульд багшилж байсан хүнийг хороонд, гэрээт аижлтан гэдэг алба өгөхөөсөө санаа зовсон байлгүй. Би хувьдаа огтхон ч эргэлзээгүй, зүгээр л хүнтэй ажиллах нь, хороонд ажиллах нь гоё санагдаад зөвшөөрчихсөн. 2010 онд иргэний үнэмлэх цахим үнэмлэхэд шилжиж, шинэчилсэн бүртгэл хийгдэж байсан үед Налайх дүүргийн дөрөвдүгээр хороонд бүртгэлийн гэрээт ажилтнаар ороод хорооныхоо бүх хүмүүсийн мэдээллийг бүртгэж, шинэчлээд, хурууг нь таниулж уншуулсан. Зарим иргэдийн бичиг баримтны нэр зөрөөтэй, алдаатай зэрэг асуудлууд тухайн үед гарч байв.
Гэрээт ажилтны хугацаа дуусахад 2010 оны арваннэгдүгээр сард Лхагва-Очир дарга өрөөндөө дахиад дуудлаа. Очсон чинь “Мандуулаа чи сайн ажилласан. Одоо манай дүүргийн ЗДТГ-т мэргэжилтнээр ороорой.” гэхээр нь за тэгье, тэгье гэлээ. Тэгээд Нийгмийн хөгжлийн хэлтсийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн бол гэлээ. Юу хариуцах вэ? гэсэн чинь дүүргийн эрүүл мэндийн асуудлыг хариуцна гэж байна. Эрүүл мэндийн салбар надаас тэс хөндлөн санагдаад чадахгүй гэхэд “Мандуулаа би чамайг нэг хүнд онош тавиад, нэг хүнийг эмчил гээгүй. Чи Найлайлын Эрүүл мэндийн бодлогын асуудлыг хариуцаад, чиглүүлээд, менежерийн үүрэг гүйцэтгээд яв гэж байна.” гэхэд нь надад хэлэх үг байгаагүй.
Тэр ажлаас би маш их юм сурсан. Төрийн захиргааны ажил гэдэг төрийн үйлчилгээний ажил шиг гардаж хийхгүй, чиглүүлдэг, удирддлаг гэдгийг сурч, мэдэж авсан.
Налайхад бэлтгэгдсэн байх нь?
Налайхад ажиллаж байхдаа маш мундаг гурван эмэгтэй даргын удирдлага дор хамтарч ажиллаж туршлага хуримтлуулсан. Анх дүүргийн бүртгэлийн гэрээт ажилтан болж байхад Бүртгэлийн хэлтсийн О.Нямсүрэн даргатай таарч удирдлага доор нь ажиллаж байв. Тэр эмэгтэйгээс би төрийн алба гэж юу байдаг, төрийн албаны ёс дэг гэдгийг маш сайн сурсан. Удирдлага доор нь ажиллаж байсан хүмүүс ёс зүйтэй, чамбай маш сайн төрийн албан хаагч болдог.
Дараа нь Нийгмийн хөгжлийн хэлтсийн Эрдэнэцэцэг даргатай хамтарч ажиллах боломж гарсан. Тэр хүнээс иргэн хүнтэй яаж харьцдаг, дарга удирдлагуудтай яаж харьцдаг гэх мэт төрийн албаны харилцааг сурсан. Ямар ч хүнийг ялгалгүй та гэж хүндэтгэж харилцдаг соёл одоо ч надад дадал болоод суучихсан. “Иргэдэд хүндэтгэлтэй харьц. Яагад гэвэл бид тэдэнд үйлчлэх ёстой хүмүүс” гэж өдөр бүр хэлдэг байсан.
Захиргаа хуулийн хэлтсийн Болормаа даргатай ажилласан. Болормаа даргатай ажиллаад хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байхыг маш сайн ойлгосон. Өөрөөр хэлбэл ажилтнаа яаж хамгаалдаг, яаж хамгаалж болдог вэ гэдгийг зах зухаас нь суралцсан. Ажилтнууддаа, мэргэжилтнүүддээ хэрхэн шаардлага тавьдгыг тэр хүнээс үлгэрлэж байв.
Энэ гурван хүн намайг төрийн албанд ажиллах дөртэй болгосон. Үнэхээр баялаж явдаг.
Таныг Налайх дүүргийн Захирагчийн сонгуульд нэр дэвшиж байсныг санаж байна. Нэр дэвшхэд юу нөлөөлөв?
Дүүрэгт ажиллаад таван жил боллоо. 2015 онд Налайх дүүрэг Налайх хот болох ажил эхлээд бужигнаж байсан. Налайх дүүргийн Налайх хот болгох концефцийн хүрээнд нэг контент хийсэн. Налайх яаж үүсч хөгжөөд, одоо ямар байгаа, цаашид хэрхэх вэ, хэрвээ хот болвол яах ёстой вэ гэдэг агуулга багтаан нэвтрүүлэг байсан. Дүрэм журам гэх мэт маш олон зүйл дээр гар бие оролцож ажиллаж байгаад Налайх хотын захирагчийн сонгуульд нэр дэвшиж оролцлоо. Аав ээж маань нэг их дуртай байгаагүй. Би залуу хүний хувьд, энэ дүүрэгт ажиллаж амьдарч, төрийн албанд нь багаас нь эхэлж ажиллаж гар бие оролцсон хүний хувьд өрсөлдөөд үзье гэж бодсон. Яагаад болохгүй гэж, захирагчийн ажил гэдэг бол дарга биш, найлайх дүүргийг тоос шорооноос нь салгах, цэгцтэй, төлөвлөлттэй болгох, бохироос салгах жинхэнэ аж ахуйн ажил. Энэ дээр том, цоо шинэ бодлоготой ороод яагаад хийж болдоггүй юм. Би ерөөсөө нэр дэвшмээр байна гээд амьдралдаа анх удаа сонгуульд нэр дэвшсэн.
Дарга болно гэдэг байдлаар биш зүгээр л өөрийнхөө хувьд хувь нэмрээ оруулж зарим зүйлийг өөрчилмөөр санагдсан. Жишээ нь хүмүүсийг яагаад бохир усаа гудамжинд асгаж болохгүй гээд механикаар түлхээд байгаа юм. Төр бол альтернативыг нь зааж өгөх ёстой. Төр цооногийнх нь бохирыг соруулж авчихаад одоо бохир усаа наанаа хий, цооног хоосон байхад гудамжинд бохир ус асгаж болохгүй гээд сууж байх ёстой. Энэ бол төрийн ажил. Ийм алтернативууд зайлшгүй байх ёстой шүү гэдэг бодолдоо хөтлөгдөөд нэр дэвшээд ялагдсан. Иргэд олонхиороо хүнээ сонгоод явсан.
Ялагдчихаад байж байсан чинь надад дахиад дараагийн итгэл ирсэн. Нийслэлийн засаг даргын харьяа Налайхын барилгын материал, үйлдвэрлэл технологийн паркад ажиллах санал ирсэн. Би шууд л зөвшөөрсөн. Яагаад гэвэл налайхын хөгжлийн гарц нь иргэдээ өрсөлдөх чадвартай, ажилтай болговол амьдралын асуудал нь шийдэгдэнэ, архины асуудал нь шийдэгдэнэ. Ингэж байж хөгжил ирнэ гэсэн итгэл үнэмшилтэй байсан учраас зөвшөөрсөн. Төлөвлөлтийн тооцооллыг нь хийх ажил байсан. Философийн багш надад мэргэжлийн хувьд зөрж байсан. Бүхэл бүтэн үйлдвэр технологийн том төслийн төлөвлөлтийн тооцооллыг хийнэ гэдэг нь хэцүү санагдаж байсан ч надад итгэл үнэмшил, зөвлөх хашир туршлагатай инженер бас байсан учраас чадна гэж бодоод зөвшөөрсөн. Тэгээд Налайхын барилгын материал, үйлдвэрлэл технологийн паркын төлөвлөлтийг нь хийх ажилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулсан.
Тэгээд яаж явж байгаад хүүхэд залуучуудын ажил руу халтираад орчихов оо?
2016 оны есдүгээр сард Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Алтансүх дарга надад санал тавьсан. “Оюутан байхаасаа л оюутан залуучуудын ажил хийгээд явдаг байсан хүний хувьд манай агентлагт, залуучуудын хөгжлийн газарт ажилла” гэж санал тавьсан. Шийдвэр гаргахад хүнд байсан ч ажлын саналыг нь зөвшөөрсөн.
Тэр үед би Залуучуудын хөгжлийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн гэдэг алба авсан. Ажлаа хүлээж авах болоход цоо шинэ компютер, принтер хүлээж авсан. /инээв/
-Цоо шинэ албыг хүлээж авчээ?
Тийм. Өөрөөр хэлбэл 2016 оны есдүгээр сараас Монгол Улс залуучуудынхаа хөгжлийн асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн. Ер нь залуу хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэг тодорхойлолт ч байгаагүй. Тэгээд Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төсөл дээр ажиллаад, Залуучуудын хөгжлийн дэмжих үндэсний хөтөлбөрийн төслийг хийхэд хувь нэмэр оруулсан.
Төрийн нарийн бичгийн дарга Өнөрбаярын тушаалаар Залуучуудын хөгжлийн дэмжих үндэсний хөтөлбөрийн нарийн бичгийн даргаар намайг томилсон.
Залуучуудын хөгжлийн тухай хуувь 2017 онд батлагдаад 2018 оны нэгдүгээр сарын 01-ээс мөрдөж эхэлсэн. Тэр үед бид өдөр шөнөгүй ажилласан. Маш шаргуу ажилсаны хүчинд 2016 онд ярилцаж байсан зүйлээ дараа жилийн нь тавдугаар сард их хурлаар оруулаад хууль болгоод батлуулж Монгол Улс залуучууддаа зориулсан тусгайлсан хуультай 23 дахь улс болсон юм. Энэ хуулийг бичилцэхэд өөрийн жижигхэн ч гэсэн хувь нэмрээ оруулж байлаа.
Хуулийг дагаж гарсан 13-н дүрэм журам байсан. Бүгдийнх нь нарийн бичгээр ажилласан. Нарийн бичиг гэдэг бол ердөөсөө л цаасны ажил. Үндэсний хөгжлийн хөтөлбөрийн тухайд хоёр зөвлөхтэйгээ хамтарч ажилласан бол хуультай нийцүүлээд гарсан таван дүрэм, найман журам дээр өөрийн биеэр сууж ажиллаад холбогдох байгууллага, ажилтнуудаар нь гарын үсэг зуруулж батлуулах ажлыг хийсэн. Дараа нь хуулиа, түүнийг дагаж гарсан дүрэм, журмаа аймгуудадаа явж таилцуулсан. Эргээд бодоход хоёр жилийн хугацаанд ачаалал ихтэй ажилласан байна.
Надад сайхан санагддаг зүйл нь төрийн албаныг хорооноос нь эхлээд, дүүргээр нь, нийслэлээр нь дамжаад Засгийн газрын түвшинд мэргэжилтний үүргийг гүйцэтгээд, одоо удирдах албан тушаал хашаад явахаар хороон дээр юу хийдэг, хэсгийн ахлагч юу хийдэг, ажилтан яаж шаардвал халтуурддаг, яаж шаардвал үнэн зөв ажилладаг вэ гэдгийг мэддэг болсон байна. Шийдвэрээ ч гэсэн хөрсөн дээр буусан байдлаар гаргахыг хичээдэг.
Шат шатных нь ажлыг хийгээд, төрийн захиргааны албыг хашаад 10 жил болсон байна.
Багш байсан үеийн Мандуул, Төрийн албыг хашаад, удирдаад явж байгаа Мандуул хоёрын хувь, дотоод мөн чанар, үнэт зүйл өөрчлөгдсөн үү?
Үнэт зүйл маань өөрчлөгдөөгүй. Гэхдээ юмыг ойлгож, хүлээж авах байдал өөрчлөгдсөн. Өмнө нь номон дээр байгаа нь туйлын үнэн, үүгээр явах нь зөв гэсэн зарчимын байр суурьтай байсан бол одоо өөр. Хууль, онол нь ийм байдаг юм байна, бодит амьдрал нь ийм байна, дундаас нь алтан дундажыг гаргах ёстой. Би хуулийг ч, онолыг ч зөрчихгүй, бодит амьдралыг ч үгүйсгэхгүйгээр шийдвэр гаргая гэсэн бодол хандлагатай болсон.
Багш мэргэжилдээ одоо ч дуртай. 2015 оноос хойш Боловсролын их сургуульд ажлынхаа зав зайгаар цагаар багшилж байгаа. Багш нар маань “Өмнө нь багш байсан Мандуулаас одоо байгаа байдал чинь илүү бодит болсон байна.” гэж хэлдэг юм.
Миний гаргадаг шийдвэр нэг ч гэсэн хүнд “наалдсан” шийдвэр байгаасай гэж бодож шийдвэрээ гаргадаг болсон. Одоо ч гэсэн сурах зүйл их байна.
Төрийн алба хүнийг их уян хатан болгодог юм шиг?
Дээд зэргийн уян хатан болгоно. Үнэнийг хэлэхэд одоо нийгэм тийм ч сайхан биш байна. Дээрээс нь тодорхой тооны иргэд төрийн албыг үгүйсгэх, няцаах хандлагатай. Надад ганцхан л итгэл үнэмшил байдаг. Би бол төрийн албан хаагч, тэр дундаа төрийн жинхэнэ албан хаагч. Төрийн жинхэнэ албан хаагч гэдэг бол иргэн хүний үгийг, үзэл бодлыг хүндэтгэлтэйгээр сонсох үүрэгтэй. Иргэн хүн орж ирээд шаардлага тавьж байхад тоомжиргүй хандаж огт болохгүй. Зөрүүлээд иргэн хүний тавьсан санал шаардлагын дагуу хууль ёсны ажлыг нь хийгээд, хууль ёсны үйлчилгээг нь үзүүлэх нь төрийн жинхэнэ албан хаагчын хууль ёсны эрхэм үүрэг. Өөрөөр хэлбэл иргэн хүн хууль ёсны шаардлага тавьбал үг дуугүй биелүүлэх ёстой. Хууль зөрчсөн шаардлага, хуулиас давсан шаардлага тавьбал тайлбарлаад ойлгуулж өгөх нь төрийн албан хаагчын үүрэг. Амин сүнс нь гэж ойлгож явдаг.
Миний харж байгаагаар хоёр янзын амбицаар өсч байгаа залуучууд байна. Нэг хэсэг нь муухайгаар хэлбэл цүнх баригчид, нөгөө хэсэг нь өөрчлөхийг хүссэн, шийдвэрлэхийг хүссэн зүйлээ надад хамааралтай асуудал биш гэж харахгүйгээр яагаад би хийж болохгүй гэж гэсэн урам зоригоороо дээшилж байгаа залуучууд байна?
Эхний төрлийн залуучуудын орон зай нь жил ирэх тусам, хугацаа өнгөрөх тусам хумигдаж байгаа. Маш амар хялбар аргаар амжилтад хүрье гэсэн бодолтой хүмүүс байдаг. Тийм төрлийн хүмүүс хэн нэгэн даргыг дагаж гүйж байгаад далбаан доор нь дарга болоод, сэтэр зүүгээд явдаг.
Залуучуудад хандаад хэлэхэд дарга болох гэж яараад яах вэ. Дарга байх гэж яар. Дарга болох нь нэг даргын үзэгний үзүүрийн ажил. Дарга байна гэдэг чанга. Би өөрөө ч бас залуу хүний хувьд нэгж дээр нь очоод ажиллаж үз, мэргэжилтэн хийж үз, салбарынхаа зовлон жаргалыг нь мэдэр. Дараа нь дарга бол. Тэгсэн дарга шийдвэр нь амьдралтай, хийж байгаа ажил нь амьдрал дээр бууна. Түүнээс биш нэг даргыг, гишүүнийг, сайдыг дагаж гүйж байгаад ажилд томилогдвол гаргаж байгаа шийдвэр нь хөрсөнд буухгүй хэцүү. Даргын үзэгний үзүүрээр маш олон асуудал шийдэгддэг учраас болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг хэлэхийг хүсдэг юм.
Сонгуульд нэр дэвшээд бүтэлгүйтэж байсан түүхээсээ хуваалцаач?
2015 онд Налайх дүүргийн захирагчийн сонгуульд янз бүрийн төлөөллөөс найман хүн нэр дэвшиж байсан. Тухайн үед хууль нь байгаагүй. Сонгуулийн ерөнхий хороонд хандхад бидэнд тийм чиг үүрэг байхгүй. Та нар өөрсдөө хий гэсэн. Ингээд бүгдээрээ бодлого хөтөлбөрөө танилцуулаад сонгууль болсон.
Одоо нэг зүйлийг дутуу бодож байжээ гэж боддог. Иргэдтэй уулзалт хийж явж байгаад зодуулах шахсан.
Яагаад?
“Налайхыг ер нь яаж хөгжүүлэх вэ гэж та бодож байна” гэж нэг иргэн асуусан. “Налайхыг яагаад хөгжихгүй байна гэхээр уурхай, нүүрс дагасан амьдрал биднийг ядуу амьдралын хэв маяг руу шилжүүлээд байна. Тийм учраас Налайх хөгжие гэвэл уурхайнуудаа хаах ёстой, тэгж байж Налайх хөгжинө” гэж намайг хэлхэд тэр залуу “чи өөрөө уурхайчны хүүхэд, өвөө чинь уурхайчин байж одоо уурхайг устга гэж ярьдаг чи хэн бэ” гээд зодох шахсан. Залуу ч байж дээ.
Үнэнийг хэлэхэд уурхайн амьдрал яадаг вэ гэхээр өглөө орлоо, орой гарч ирнэ. Гарч ирэхдээ дундажаар 50 мянган төгрөг олдог. Тэр мөнгөнийхөө талаар зарим нь архи уугаад, талыг нь эхнэртээ өгдөг. Зарим нь амьдралдаа бүрэн зарцуулдаг. Өглөө бослоо үйлдэл давтагддаг. Энэ цикл бараг 30 жил үргэлжилсэн. Би шинэ юм суръя, өөр төрлийн ажил хийе, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлье гэх зэргийг бодуулах шаардлагагүй тойрогт оруулчилсан. Гэтэл дэлхий нийтээр цаг ямагт өөрийгөө хөгжүүлж, боловсруулж, шинэ зүйл сурч, мэдэж амьдраад байдаг. Уурхайн циклээрээ амьдраад байвал бид яаж хөгжих юм бэ гэсэн итгэл үнэмшилтэй байсан.
Таны бодож байсанчлан өөрчлөгдөв үү?
Нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг нь харвал өөрчлөгдсөн зүйл бага байна. Механик дэд бүтцийн өөрчлөлт дэвшил гарч ирж байна. Түүнийгээ дагасан соёлжилт байна. Гэхдээ амьдралын хэв маяг нь өөрчлөгдөөгүй.
Таны итгэл үнэмшил хэвээрээ юу?
Миний итгэл үнэмшил одоо шал өөр болсон. Саяхаан энэ жил нэгдүгээр сар өөрчлөгдсөн. Юу гээч тэр үед би хэдэн үеэрээ нэг уулын аманд мал маллаж байсан малчинг одоо малаа орхиод хотод амьдар, офиссын ажил хий гэж байгаатай ялгаагүй зүйл хэлсэн байгаа юм. Зөвшөөрөх үү? Үгүй байхгүй юу. Санаанд нь буухгүй. Намайг нэг эмнэлэгт очоод мэс засал хий гэж байгаатай ялгаагүй. Тэгээд би бодсон л доо. Налайхад юу байж болох вэ, залуучууд юу хийвэл болох вэ гэж. Налайхад уурхайд ажилдаг, ажилдаггүй маш олон мундаг залуучууд байгаа. Тэгхээр Налайхын хөгжлийн гарц нь уурхайтай холбоотой зүйл байх ёстой юм байна гэж бодлоо.
Тэгээд иргэдээс ч санал гарсан. Сайжруулсан шахмал түлшийг Налайхад үйлдвэрлэе гэсэн саналыг хороондоо, дүүрэгтээ цаашлаад нийслэлд саналаа хүргүүлсэн. Иргэний тавьсан үндэслэлтэй саналыг дүүргийн удирдлагууд маш сайн дэмжсэн. Нийслэлийн удирдлагууд дэмжсэн, Засгийн газарт санал тавихад Ерөнхий сайд нааштайгаар хүлээж аваад Баянзүрхэд баригдана гээд шийдвэр гарчихсан байсаныг өөрчлөөд Налайх дүүрэгт барьхаар болсон.
Иргэдээс гарсан санал уу?
Энгийн нэг иргэнээс гарсан санал байсан. Миний хувьд иргэнээс гарсан саналыг зүгээр л цааш нь дамжуулсан л ажил байсан. Тэр үед иргэнээс сайжруулсан түлшний саналыг сонсчихоод өөрийн эрхгүй би ямар тэнэг юм бэ гэж бодсон. Одоо Налайхад уурхайн ажил нь хүндрэлтэй болсон гэдгийг захын залуучууд мэдэж байгаа. Ийм үед сайжруулсан түлшний үйлдвэрт аюулгүйн ажиллагаа бүрэн хангагдсан, авдаг цалин нь хуучнаасаа буурахгүй боломжийн, уурхай нурах вий, дарах вий гэсэн айдасгүй, газрын дээр ажилла гэсэн саналыг залуучуудад таввьхад болно, чадна гэж байгаа юм. Энэ үйлдвэрт ажиллах хүч хангалттай байгаа. Энэ үйлдвэрт 1500 шууд ажлын байр бий болно, үүнээс хамааралтай дахиад 3000 айл өрх бий болно. Тэгхээр 4000 айл өрх буюу Налайх дүүргийн бараг таль хувийнх нь амжиргаа нь баталгаатай болж ирнэ. Налайхын хөгжил шинэ шатанд гарна.
Өнөөдрийн таны хийж байгаа ажил өнөөдөртөө ашиггүй байж болно. Тийм ч сайн үр дүн харагдахгүй байж болно. Та эцэст нь тултал хий. Заавал үр дүн гарна.
Налайхыг хөгжүүлье гэвэл таны бодлоор ямар бодлого баримталбал болох вэ?
Газар зүйн хувьд эрдэнэс шиг маш чухал байршилд байдаг. Монгол Улсын босоо хэвтээ тэнхлэгийн яг тэг дунд нь байдаг. Налайхаар урагшаа буюу Замын-Үүд рүү явж байгаа босоо тэнхлэг дайрна. Налайхаар зүүн аймгууд руу явж байгаа хэвтээ тэнхлэг дайрна. Улаанбаатар Налайхыг холбосон төмөр зам нь байна. Харьцангуй том газар нутагтай. Эрчимжсэн мал аж ахуй хөгжих боломж нь бүрдчилсэн.
Одоо Налайхыг хөгжүүлье гэвэл гуравхан хүчин зүйл байна.
Нэгдүгээрт Тэрэлжийг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлье. Жилд 500,000 хүн жуулчлал хийдгийн 80 хувь нь Тэрэлжийн бүсэд очдог. Энэ бол асар том зах зээл. Дээрээс нь гадаад дотоод ялгаагүй л жуулчид учраас дотоодын аялал жуулчлалыг тоолдог болох хэрэгтэй. Хойд хэсгийгээ түшиглээд аялалын маш том бүс нутагтай болох хэрэгтэй. Аль хэсгийг нь, ямар үйлчилгээг нь орон нутаг хариуцах вэ гэдэг бодлогоо илүү боловсронгуй болгоод, хуучин байгаа зохицуулалтаа сайжруулмаар байгаа юм.
Хоёрдугаарт Налайхын зүүн чиглэлд хүнсний ногоо тариалах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бүрэн боломж байгаа. Сүүний жижиг жижиг олон фермүүд бий. Жижиг фермүүдээ нэгтгээд үйлдвэрлэл бий болгоод, дотооддоо хэрэгцээгээ хангаад цаашлаад Улаанбаатарын зүүн хэсгийг хангах боломжтой. Төрөөс бодлогоор дэмжээд сүү сүүн бүтээгдэхүүний жижиг үйлдвэрийг оруулж ирхэд асуудал байхгүй хурдан хөгжинө. Яагаад Налайх гэсэн брендийн сүү, тараг, мах махан бүтээгдэхүүн байж болохгүй гэж. Ийм чиглэлүүддээ тодорхой бодлого бариад явбал хөгжинө гэж харж байгаа.
Гуравдугаарт Налайхын урд хэсэг бол социализын үеэсээ ч, одоо ч гэсэн аж үйлдвэржилтийн бүс нутаг. Яг тэндээ үйлдвэрлэл технологийн паркын төсөл хэрэгжээд үйлдвэрүүд баригдаж байна. Цаад талд нь сайжруулсан түлшний үйлдвэр орж ирж байна. Аялал жуулчлал, Мал аж ахуй, Аж үйлдвэр. Энэ бол Налайхыг хөгжүүлэх тулгын гурван чулуу. Ингээд Налайх өөрийн гэсэн хөгжлийн концефцитэй, жинхэнэ утгаараа хот удахгүй бий болно гэж би хардаг. Өгөгдөл нь, байгалийн баялаг, үнэт зүйл нь ийм байгаа учраас үүнийгээ дагаад жижигхээн өөрчлөлт хийчихэд хөгжих бүрэн боломж бий.
Налайхыг хөгжүүлхэд олон зүйл хараад байх шаардлагагүй. Энэ гурвыг түшиглээд бодлогоо хэрэгжүүлээд явчихад л болно.
Тавдугаар хороо У булан гэдэг бол социализмын үеэсээ эрчимжсэн мал ахуйг хөгжүүлж байсан бэлэн бүс. Шинэ зүйл хийх шаардлагагүй. Оригдчихсон байсан зүйлээ сэргээхэд хангалттай хөгжинө. Налайхад 1000 гаруй хүүхдийг сургах боломжтой Мэргэжил сургалт үйлдвэрийн төв нь бэлэн байна. Түүндээ түшиглээд боловсон хүчинээ дотооддоо бэлдчихэж болно.
Ер нь хөгжил гэж яриад байдгийн цаад утга, мөн чанар нь юу вэ?
Хөгжил гэж юуг, тэр дундаа хүний хөгжил гэж юуг хэлээд байна вэ гэхээр харагдаж байгаа эд материал биш. Хүний хөгжил гэдэгт дэлхий нийтээр дөрөвхөн зүйлийг нэгтгэсэн нэг ойлголттой байгаа. Тухайн хүний харилцаанд, хандлагад, оюун санаанд, бие бялдарт нь гарч байгаа ахиц дэвшилийг нийтэд нь хөгжил гэж ойлгоно.
Жишээ нь өвчин. Өвчинд бидний тогтсон нэг хандлага байдаг. “Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг” гэж хэлдэг. Ийм ойлголттой байхад бид өвдөхгүй яах юм бэ. Өвчин ирвэл ирвэл ирнэ л биз, үхвэл үхнэ л биз гэсэн хандлагатай байж болохгүй. Хүсвэл та өвчин тусна, хүсэхгүй бол өвчин тусахгүй. Дэлхий нийтээрээ хямраад байгаа Covid19-ийн халдвар. Баримтлах, мөрдөх хэдхэн дүрэм байгаа. Хувийн ариун цэврээ сахь, гараа тогтмол угаа, амны хаалт зүү, шаардлагагүй бол гадуур битгий гар. Тэгээд л өвчин тусахгүй.
Манай нэг багш хэлдэг байсан. Монголд боловсролыг шинэ шатанд гаргая гэвэл ганцхан зүйл хийх ёстой. Тэр нь бүх хүний хийж чадах хамгийн амар зүйл. Сурагчийн оюутны F авах эрхэд нь битгий халд. Даалгавараа хийгээгүй ирээд буюу би F авъя гэсэн сонголтыг хийгээд ирж байхад манай багш нар үүнийг хийгээд ирвэл F гаргахгүй гээд тэр эрх чөлөөнд нь халдаж байдаг. Ийм учраас нялцгай зуурсан гурил шиг болчихоод байгаа юм. F бол F шүү дээ, дүн засах, өргөх ямарч ойлголт байж болохгүй.
Өөрийнхөө гаргадаг муу үйлдэл, дадалаа боль. Энэ бол хөгжил
Түүнээс биш нэг даргыг өөрчлөхөд айлын амьдрал өөрчлөгдөнө гэж байхгүй.
Бид хоёрын яриа өндөрлөх тийшээ хандаж байна. Залуучуудын хөгжлийн байгууллагыг толгойлж байгаа хүний хувьд залуучууддаа хандаад юу хэлэхийг хүсч байна?
Залуучууддаа хандаад хэлхэд өнөөдрийн таны хийж байгаа ажил өнөөдөртөө ашиггүй байж болно. Тийм ч сайн үр дүн харагдахгүй байж болно. Та эцэст нь тултал хий. Заавал үр дүн гарна. Үр дүн гарахгүй юм байна гээд яаран өөр зүйл рүү битгий ор. Тэгвэл та жинхэнэ үр дүнд хүрэхгүй, бодсон амжилтандаа хүрэхгүй. Аз гэж байдаг. Гэхдээ тэр нь мөнгөний зураг биш. Аз ажилсаг хүнд л үүдээ нээдэг. Тууштай, оролдлоготой байж хэзээ ч битгий няц. Сур, боловсор, тултал нь сурвал тэр бол чадвар. Ийм хүн амжилтад хүрдэг, аз ирдэг. Гэртээ хэвтэж байхад тэнгэрээс буудаг зүйл биш.
Ингээд ярилцлаганыхаа төгсгөлд Нийслэлчүүддээ хандаад уриалга хэлнэ үү?
Монголчууд тэр дундаа нийслэлчүүд бид бүр илүү өндөр түвшинд байх ёстой. Яагаад гэвэл улсын нийслэл Улаанбааттар хотод амьдарч байгаа хүн та бусдыгаа хүндлээрэй, тэвчээртэй байж, нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрч хандаж байгаарай. Улс орнууд хүнээ хөгжүүлье л гэж боддог болсон. Барилга байшин чухал биш. Бид баян ядуу ялгаагүй аз жаргалыг хүсдэг. Аз жаргал гэдэг бол сэтгэл хангалуун байдлыг хэлдэг. Та өөрийнхөө гэрт сэтгэл хангалуун орчиныг бүрдүүлэхийн тулд зүтгэ. Бүх хүн гэр бүлдээ сэтгэл хангалуун байхын тулд оролцоотой байхыг уриалж байна.
Баярлалаа. Танд амжилт хүсье
Ярилцсан Б.Нямзул