Луис Суарэзийн хэт-трик, 3 оноо

517 x 400АПЛ –ийн 9 дүгээр тойрогт Ливэрпүүл өөрсдийн Анфилд цэнгэлдэхдээ Вэст Бромвичийг хүлээн авч, 4:1 харьцаатай хожин ээлжит 3 оноогоо авлаа. Өнгөрсөн тойрогт Нью кастлыг хожиж чадаагүй тул энэ удаад Вэст Бромыг заавал хожиж, хүснэгт дэх тэргүүлэх байраа хадгалах учиртай байсан юм. Ливэрпүүлд Кэнни Далглишийн туслахаар ажиллаж байсан Стив Кларкын удирдсан Вэст Бромчууд өнгөрсөн жилээс Улаануудын барж идэхгүй “хатуу самар” нь болоод байсан билээ.

44 мянган Копуудынхаа уухайн дор тоглолтыг эхлүүлсэн Улаанууд санаачилгыг гартаа аван тоглож байсан бөгөөд дасгалжуулагч Брэндан Рожэрс энэ удаагийн тоглолтонд тун их бэлдсэн нь харагдаж байлаа. 7 дахь минутанд Луис Суарэзийг эсрэг багийн хамгаалагч торгуулийн шугаман дотор унагасан боловч шүүгч Ж.Мосс алдаа өгсөнгүй. Үүнээс ердөө 4 минутын дараа Ливэрпүүлийн Уругвай довтлогч өөрийн ур чадвараа ашиглан гоолдож багтаа тэргүүллийг авчирлаа. Коло Турэгийн дамжуулалтыг хүлээн авсан Суарэз өөрийн нэрийн хуудас болсон хууралтаа гүйцэтгэж, эхний гоолыг оруулсан юм.

517 x 400

15 дахь минутанд Суарэз зүүн жигүүрт гүйж явсан Али Сиссокод дамжуулалтыг гаргаж өгөхөд тэрээр зөрүүлэн Луис Суарэзт гоолын дамжуулалтыг хаячихав. Энэ удаад Суарэз маань бараг торгуулийн шугамны гаднаас эргүүлэгтэй мөргөн гоолдсон юм. 17 яардын зайнаас ийнхүү амжилттай мөргөсөн нь энэ улирлын шилдэг гоолуудын тоонд зүй ёсоор орох биз ээ.

Луис Суарэзийн оруулсан 2 гоолоор талбайн эзэд эхний үед илүүрхлээ. Улирал эхэлснээс хойш Улаанууд нэгдүгээр үед тун сайн тоглолтыг үзүүлж, өрсөлдөгч бүрээ илүүрхэж байсан боловч сүүлийн хагаст тун тааруу тоглолт гаргаж байсан юм. Энэ нь Ливэрпүүл 2 –р үед ердөө хоёрхон гоол оруулсан гэдгээс харагдах болов уу.

2 гоолын давуутай сүүлийн хагасыг эхлүүлсэн Улаанууд ихэвчлэн бөмбөгийг эзэмшиж, тоглолтыг хянаж байлаа. 54 дэх минутанд Ливэрпүүл чөлөөт цохилт гүйцэтгэх эрхтэй болсон бөгөөд Стивэн Жэррардын дамжуулалтыг Луис Суарэз мөргөн гоолдож хэт –трик хийлээ. Энэ бол түүний Ливэрпүүлд ирсэн цагаас хойш хийж буй 4 дэх хэт –трик бөгөөд Анфилд дахь анхны гурвалсан гоол нь байлаа.

517 x 400

Үүнээс 10 минутын дараа Билли Жонэсийг торгуулийн талбай дотор алдаа гарган унагасан гэж үзэн хажуугийн шүүгч тугаа өргөсөн юм. Пеналтийг Жэймс Моррисон амжилттай болгосноор Хөөндэйнүүд нэр төрийн гоолоо хийв.

Энэ тоглолтонд тун гайхалтай байсан SAS хослолын нэг нь хэт –трик хийсэн боловч нөгөө S хараахан гоолдож чадахгүй л байлаа. Старрижийн фрий кик хаалгатай тун ойрхон өнгөрч, тун гоёмсог нэгэн цохилт нь хөндлөвч оносныг дурьдах хэрэгтэй. Тоглолтын 75 дахь минутанд талбайн төвд бөмбөгийг хүлээж авсан Даниэл Старриж Вэст Бромын хамгаалагчдын эсрэг зүтгэсээр, хаалгачийг хэмжиж нэгэн гайхалтай гоолыг орууллаа. Энэ нь түүний улирлын 10 дахь, лигт оруулж буй 8 дахь гоол нь болж байна. Ингэснээр Даниэл Старриж АПЛ –ийн мэргэн буучдын жагсаалтыг 8 гоолтойгоор ганцаараа тэргүүлж байгаа бөгөөд түүний араас 6 гоолтой Луис Суарэз бичигдэж байгаа юм. Суарэзийн хувьд эхний 5 тоглолтонд торгуулийн улмаас оролцоогүй ч сүүлийн 4 тоглолтондоо 6 гоолыг оруулаад байна.

517 x 400

Тоглолтын төгсгөлд Брэндан Рожэрс Стивэн Жэррардыг Жо Аллэнаар, Глэн Жонсоныг Мартин Кэллигээр, Луис Суарэзийг Луис Албэртогоор сэлгэсэн юм. Ийнхүү SAS хослолын оруулсан 4 гоолын ачаар хатуу самар Вэст Бромвичийг талбайдаа буулган авч, 20 оноотой хүснэгтийн 2 –р байранд хэвээр үлдлээ. Ливэрпүүл дараагийн тойрогт лигийг тэргүүлж байгаа Арсэналын талбайд зочилж, тун хариуцлагатай тоглолт хийх болно.

www.liverpoolfc.mn Вэст Бромтой хийсэн тоглолтын шилдгээр Луис Албэрто Суарэз Диазыг тодруулж байна.

517 x 400

эх сурвалж: ливерпүүлфс.мн Б.Бадруул

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …