Коронавирусийн улмаас дэлхий дахинаа улс орнууд карантин зарлаж, кино театрууд үйл ажиллагаагаа түр зогсоох шаардлагатай болсон билээ. Энэ нь мэдээж кино урлагийн салбарт шууд нөлөөлж, тун удахгүй нээлтээ хийх учиртай байсан өндөр хүлээлттэй кинонууд нээлтийн товоо хойшлуулахад хүргээд байна.
Үзэгчдийн сэтгэлийг бага ч болов тайтгаруулах үүднээс Disney студи томоохон бүтээлүүдийнхээ шинэ нээлтийн товыг тодорхой болгон, саяхан Vanity Fair сэтгүүлд мэдээллээ өгчээ. Жишээ нь Хятадын жүжигчин ба дуучин Лю Ифэйн гол дүр бүтээсэн “Mulan” киноны нээлт гуравдугаар сард болох байсан ч долоодугаар сарын 24 руу шилжсэн байна. Мөн Скарлетт Йоханссоны тоглосон “Black Widow” киноны нээлт арваннэгдүгээр сарын 6-нд хийгдэхээр болсон бол Анжелина Жоли, Кумэйл Нанжиани ба Кит Харингтон нарын тоглосон “Eternals” киноны нээлт 2021 оны хоёрдугаар сарын 12 болж хойшлогджээ.
Түүнчлэн Доктор Стрэнжийн тухай хоёр дах кино 2021 оны арваннэгдүгээр сарын 5-нд нээлтээ хийх бол, Торын тухай шинэ кино 2022 оны хоёрдугаар сарын 18-нд гарахаар байна. Харин “Indiana Jones 5” киног бид 2022 оны долоодугаар сард дэлгэцнээ хүлээн авах нь ээ.
Үүнээс гадна найруулагч Уэс Андерсоны “The French Dispatch” кино долоодугаар сарын 24-нд нээлтээ хийх ёстой байсан ч IndieWire сэтгүүлийн мэдээллэж буйгаар нээлтийн товоо энэ оны аравдугаар сарын 16 болгон хойшлуулсан байна.