Шар өвс шатааж гал алдвал зөрчлийн хуулиар торгоно

Хуурайшилттай салхи, шуургатай байгаа энэ үед иргэдийн сонор сэрэмжтэй байх улирал эхэлжээ. Сүүлийн өдрүүдэд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гал түймэр ихсэх хандлагатай байгаа бөгөөд өөрийн болон бусдын эд хөрөнгийг хохироох эрсдэл ч бий.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Яргайтын Богинын аманд дөрөвдүгээр сарын 7-ны өдөр шар өвс шатаж дөрвөн га газар, найман айлын байшин түймэрт өртөж, хоёр айлын байшин үнс болж хувирав. Гэхдээ энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйл гэхээс илүүтэй иргэдийн санамсар болгоомжгүй байдал, хайхрамжгүй зангаас үүдэлтэйг албаныхан анхааруулж байна.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд энэ амралтын өдрүүдэд Майхан толгойн зусланд гал гарч нэг айлын байшин хайрагджээ. Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлснээр хэрэв гал унтраах алба хаагчид дүрэлзсэн галыг шуурхай унтраагаагүй байсан бол арван айлын байшин шатаж, эд хөрөнгөөр хохирох эрсдэлтэй байсныг сануулав. Мөн нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага долоо, үүнээс обьектын гал түймрийн хоёр, шар өвс шатсан дуудлага тав иржээ. Чингэлтэй дүүргийн 19-р хороо Дээд салхитад шар өвс шатааж байгаад гал алдаж гурван га газар шатсан байна.

ХАШААНДАА ШАР ӨВС ШАТААВАЛ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ТОРГОНО

Улсын хэмжээнд он гарснаас хойш эхний гурван сарын байдлаар 772 удаагийн ахуйн гал түймэр гарч, 4.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 33 хүн нас барж, 372 толгой мал хорогдож, 456 гэр орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 395 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 14.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 35.7 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 27.3 хувиар өссөн байна. Харин Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ аймгийн найман суманд найман удаагийн ой, хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 22 га ой, 14810 га хээр нийт 14 мянга 832 га талбай түймэрт өртсөн байна. Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.

Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байгаа юм.

Өвс шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан бол Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэл тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэдэг. Тухайлбал, дээрх хуулийн 5-ын 14-д иргэний үүргээ биелүүлээгүй бол, 15-ын 2-т хууль ёсны алба хаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй гэдгээр иргэнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болон нөхөн төлбөр олгуулахаар заажээ.

Дашрамд дурдахад хөл хорионы үеэр иргэд зуслангийн байшин болон гэртээ цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гэртэйгээ шатаж амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд ч бүртгэгджээ. Өнгөрсөн онд гал түймрийн улмаас 54 хүн амь насаа алдсан тоон мэдээлэл бий.

http://credit-n.ru/debitovaya-karta.html http://credit-n.ru/potreb-kredit.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …