Нийслэлийн 374 жилийн ойн өдрийг тохиолдуулан Соёл урлагийн их сургуулиас санаачилсан “Хотын гудамж-Миний нутаг” арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран анх удаа амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчид өөрсдийн урласан гар урлалын зүйлээр үзэсгэлэн гаргасан бол Чингэлтэй дүүргийн замын цагдаа, Онцгой байдлын албаныхан өөрсдийн үйл ажиллагаа танилцуулж иргэдэд сургалт, зөвлөгөө өгч байсан юм. Мөн дүүргийн иргэд өөрсдийн бэлтгэсэн урлаг соёлын үзүүлбэрүүдийг олон нийтэд толилуулж байсан агаад өдөрлөг 11:00 цагаас 18:00 цагийн хооронд амжилттай болж өндөрлөсөн юм.
Ингээд баярын арга хэмжээний талаар Чингэлтэй дүүргийн засаг даргын Тамгын газрын дарга Б.Мөнхбаттай ярилцлаа.
“Хотын гудамж-Миний нутаг” өдөрлөг маш сайхан болж өндөрлөлөө. Энэхүү сайхан арга хэмжээг зохион байгуулсанд иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна. Өдөрлөгийг зохион байгуулахын өмнө Чингэлтэй дүүргийн иргэд хамтран Анкара гудамжаа савандаж угаасан гэсэн. Ямар учраас Анкарагийн гудамжийг сонгосон бэ?
-Тиймээ. Бид энэхүү арга хэмжээгээ зохион байгуулахын тулд иргэдтэйгээ хамтран анх удаа гудамжаа савандаж угаасан. Ер нь хотын түүхэнд гудамж савандаж угаасан түүх байхгүй байх. Бид хамгийн түрүүнд сайхан гудамжиндаа сайхан арга хэмжээгээ зохион байгуулая гэж зорьсон. Мэдээж хэрэг өөрсдийн гараар угааж цэвэрлэсэн гудамжиндаа хэн ч шүлс, хогоо хаяхгүй. Тэрнээс гадна ард иргэдээ нэг өдрийг ч гэсэн сэтгэл амар сайхан өнгөрүүлээсэй, мөн иргэддээ хотын соёлыг түгээе гэж зорьсон юм. Тэр ч утгаараа хотын жишиг гудамжуудын нэг Анкара гудамжиндаа энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан.
– Өдөрлөгт чингэлтэй дүүргийн иргэд, арван жилийн хүүхдүүд үнэхээр их идэвхтэй оролцож байгаа нь харагдаж байсан.
Бид энэхүү арга хэмжээг хэн нэгэн улс төрийнхөн болон эрх мэдэлтэй хүмүүст зориулж хийгээгүй. Зөвхөн ард иргэдээ зориулж хийсэн. Тиймээс ч дүүргийн ард иргэд маань санал санаачлагатай оролцож байна. Жишээ нь гэхэд л арга хэмжээнд маань арван жилийн сурагчдаас эхсүүлээд наян настай ахмад буурлууд маань хүртэл удаан хугацаанд, сэтгэл гаргаж бэлтгэсэн урлагийн үзүүлбэрүүдээ нийслэлийн иргэддээ толилуулсан. Түүнээс гадна иргэд маань бүх нийтээрээ өөрсдөө их идэвхитэй, бүтээлч хандаж оролцоцгоосон. Өнөөдөр бид иргэдтэйгээ их амь нэгтэй байж байж л ийм сайхан арга хэмжээг хамтдаа зохион байгуулж чадлаа гэж бодож байна.
– Бүтэн өдөр үргэлжилсэн арга хэмжээний үеэр Анкара гудамж маш цэвэрхэн байсан. Тэгэхээр Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн ажилчид маш сайн ажиллажээ?
Ер нь төрийн ажил үйлчилгээ тэдгээрийг хариуцаж байгаа тухайн хүний ажилдаа хандах сэтгэлээс их хамаардаг. Ямарваа зүйлд сэтгэл гарган ажиллаж байж л ажил сайн явдаг. Тэр утгаараа ТҮК-ийн ажилчид маань үнэхээр сэтгэл гаргаж сайн ажилласан. Нөгөө талаар иргэд маань ч гэсэн хогоо хогийн саванд хийгээд соёлтой баярлаж байсан. Энэ бол хотын иргэд бид хоггүй байж болноо гэдгийг харуулж байгаагийн нэг илрэл юм. Мөн бүтэн өдрийн турш маш сайн ажилласан ТҮК-ийнхэндээ баярлаж талархсанаа хэлье.
-Чингэлтэй дүүргийн хэмжээнд 2013 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудаас танилцуулаач?
Бид дүүргийнхээ хэмжээнд ямар л газар байна тэр болгоныг өөд нь татаад, багахан зай талбайг ч зөв ашиглан иргэдийхээ амралт чөлөөт цагийг өнгөрөөчих талбай болгохыг л зорьж ажилладаг. Энэ зорилтынхоо хүрээнд Самбуугийн гудамж, Тусгаар тогтнолын гудамж, Явуугийн цэцэрлэгт хүрээлэн, болон Анкарагийн гудмаа хотын жишиг гудам болгож тохижуулсан. Цаашдаа хотынхоо гудамж талбайг улам л сайхан болгоно гэж төлөвлөж байгаа.
– “Хотын гудамж-Миний нутаг” өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулж байх уу?
Нийслэлээс санаачилсан санал санаачилгыг маань иргэд дэмжиж хамтарч ажилласнаар илүү амжилтай болдог гэдгийг өчигдрийн арга хэмжээ маань харуулсан гэж бодож байна. “Миний нутаг хотын гудамж” өдөрлөг арга хэмжээ бол нийслэлийн өдрийг угтаж хийсэн бидний эхний алхам цаашдаа төлөвлөсөн олон ажлууд байгаа. Ард иргэд маань нэг өдөр ч гэсэн хотынхоо гудамжиндаа тайван сайхан амарч чадсан байх гэдэгт итгэлтэй байна. Бид цаашдаа энэхүү арга хэмжээгээ жил болгон уламжлал болгон зохион байгуулаж байх болно. “Хотын гудамж Миний нутаг” өдөрлөг арга хэмжээг дэмжиж идэвхитэй оролцсон ард иргэдээ баярлалаа.
“Хотын гудамж- Миний нутаг” арга хэмжээ маш сайн зохион байгуулалттай болж өнгөрснийг сэтгүүлч миний бие хэлэх нь зүйтэй бизээ. Мөн олон сайхан урлагийн номеруудаар ард иргэдийнхээ сэтгэлийг баясгасан СУИС-ийн оюутнууд, арван жилийн сурагчид болон оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье.
О.Рана