Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажлын явцтай ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан танилцлаа.
Арьс шир, ноос, ноолуур боловсруулж дэлхийн стандартад нийцсэн нэмүү өртөг шингээсэн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөнгөн үйлдвэр технологийн паркийг Дархан хотод барихаар бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна.
Төсөл хэрэгжсэнээр арьс, шир боловсруулах 13, желатин боловсруулах 1, завод ноос, ноолуур боловсруулах 1 үйлдвэр, судалгаа хөгжил, технологи, инновацийн төв 1 байгуулагдаж, жилд 10 сая ширхэг арьс, ширэнд гүн боловсруулалт хийх, 10 мянган тонн ноос, ноолуур угаах самнах хүчин чадалтай болж хөнгөн үйлдвэрийн боловсруулах салбарт томоохон ахиц гарах юм.
Үүнээс гадна үйлдвэрт шууд ажиллах ажлын байр 2300, үйлчилгээ, ханган нийлүүлэлтийн салбарт шууд бусаар 5000 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, Монгол улсын ажиллах хүчний 40 хувь болох 288,000 малчин, худалдаа, тээврийн салбарын 6000 гаруй, түүхий эдийн тогтолцооны 2400 гаруй ажилчин, малын эрүүл мэндийн салбарын 1200 гаруй малын эмчийн орлого, амжиргаанд мэдэгдэхүйц орлого нэмэгдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид танилцууллаа.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Дэлхий нийтээр Ковид-19 вирусын аюулд нэрвэгдэж ажлын байр багасах хандлага ажиглаглаж байгаа энэ үед ажлын байр нэмэгдэж, хүн амын 40 хувийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой салбарт бүтээн байгуулалт хийж байгаа нь засгийн газрын бодлого оновчтой байгааг харуулж байна.
Энэ ч утгаараа Монгол Улсын засгийн газар нь Дархан арьс, ширний цогцолбор байгуулах төслийн хэрэгжүүлэгчдийн авсан зээлийг хүүг хариуцаж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр шийдвэрлэж бодитой дэмжин ажиллаж ирсэн. Цаашдаа Дархан арьс, шир боловсруулах цогцолбор нь Монгол малын арьс, шир ноос ноолуурыг нэмүү өртөг шингэсэн брэнд бүтээгдэхүүнийг орчин үеийн шинэ технологи, менежментээр хөгжүүлж олон улсад өрсөлдөхүйц байр суурьтай, өөрийн улсын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах томоохон салбар болж хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Энэ онд тус цогцолборт цахилгаан түгээх, дамжуулах дэд станцын барилга, дулааны шугам хоолой татах, ноос угаах, самнах үйлдвэрийн барилгын ажлууд хийгдэж байгаа юм. Мөн ноос, ноолуур, бог болон бодын үйлдвэр байгуулахаар компаниуд гэрээ байгуулж хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа талаар төслийн багийнхан ярьж байна. Манай Улсад жилд дунджаар 10-15 сая ширхэг арьс зах зээлд нийлүүлэгддэг.
Түүхий эдийн арвин нөөц боломжтой ч тогтвортой нийлүүлэлт, борлуулалтын суваггүйн улмаас чанар болон зах зээлийн нөхцөл байдал туйлын хангалтгүй байдаг. Тиймээс Дархан хотод тус цогцолборыг барьж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын зах зээлд борлуулснаар Дархан хотод 7500 орчим иргэд байнгын ажлын байр бий болж төдий хэмжээгээр орон нутгийн эдийн засаг өргөжин тэлэх боломжтой болох юм байна.