Монгол Улс 2020 оны эхний улиралд гадаадын 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.2 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.0 тэрбум ам.доллар, импорт 1.2 тэрбум ам.доллар болжээ. Бараа эргэлт өмнөх оныхоос 860.1 (28.1%) сая ам.доллараар, үүнээс экспорт 735.9 (41.5%) сая ам.доллараар, импорт 124.2 (9.7%) сая ам.доллараар тус тус буурсан үзүүлэлттэй байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.
Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний улиралд 485.9 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2020 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 611.7 сая ам.доллараар буурч, 125.8 сая ам.долларын алдагдалтай гарчээ.
Экспорт өмнөх оны мөн үеэс 735.9 сая ам.доллараар буурахад алтны экспорт 115.6 сая ам.доллар, зэсийн баяжмалын экспорт 152.6 сая ам.доллар, нүүрсний экспорт 391.3 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Манай 2 хөрш улс нь гадаад худалдааны нийт эргэлтэд хамгийн өндөр дүнг эзэлж, БНХАУ-тай 1.2 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 56.5 хувь, нийт экспортын дүнгийн 87.3 хувийг бүрдүүлж байна.
БНХАУ-д гаргасан бараа бүтээгдэхүүний 26.7 хувийг чулуун нүүрс, 38.8 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Их Британи улсад экспортолсон барааны 84.0 хувийг алт, ОХУ-д экспортолсон барааны 91.6 хувийг жоншны экспорт, Сингапур улсад экспортолсон барааны 51.7 хувийг чулуун нүүрс, эзэлж байна.
Импортын гол түнш улсуудын дүнг авч үзвэл, 2020 оны эхний улиралд, ОХУ 33.5, БНХАУ 29.0, Япон Улс 7.6, АНУ 4.6, БНСУ 4.0 хувийг тус тус эзэлж байгаа нь нийт импортын 78.7 хувийг бүрдүүлж байна. ОХУ-аас импортоор оруулсан барааны 54.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 64.7 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 9.3 хувийг цахилгаан эрчим хүч, 3.8 хувийг ачааны тэрэг, үлдсэн хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 124.2 сая америк доллароор буурахад суудлын автомашины импорт 36.3 сая америк доллар, ачааны автомашины импорт 15.3 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлжээ. Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.8 хувийг эзэлж байгаа бол импортын 69.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.