Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Энхзул нар “Онцгой нөхцөл байдлын энэ үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх” гэрээг үзэглэлээ.
Дэлхий нийтээр цар тахал гарсан энэ онцгой цаг үед Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас холбогдох хуулийн хүрээнд чатбокс үйлчилгээг нэвтрүүлж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зөрчлийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах, хүүхэд өсвөр үеийнхэнд нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Тэгвэл энэ нөхцөл байдлын хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллага хамтран “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх гэрээг үзэглэж энэ хүрээнд өчигдрөөс эхлэн гурав хоногийн турш Хүүхдийн тусламжийн 108 утасны Чатбокс үйлчилгээнд сэтгэл зүйч бэлтгэх сургалтыг эхлүүллээ.
Энэхүү сургалтад дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйч, Хүүхдийн тусламжийн 108 утасны сэтгэл зүйч, гэрээт байгууллагын сэтгэлзүйчид хамрагдаж байгаа бөгөөд коронавируст “COVID-19” халдварын цар тахалын энэ үед чатбокс үйлчилгээг ашиглан хүүхэд, өсвөр үеийнхэнд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн илрүүлэлтийг нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зуучлахад сэтгэл зүйч нарыг бэлтгэх тэдний ур чадварыг дээшлүүлж буй гэдгээрээ ихээхэн ач холбогдолтой юм.
Түүнчлэн Улсын онцгой комисс, Монгол Улсын Засгийн газраас Коронавируст цар тахалаас урьдчилан сэргийлэх талаар олон арга хэмжээ авч байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас л гэхэд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.2.1 дэх заалт мөн Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх журам”, “Ковид-19 цар тахалын халдварын онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-ний биелэлтийн хүрээнд тодорхой арга хэмжээ авч ажилласаар байгаа юм. Гэвч цар тахалын энэ үед дэлхийн олон орны эдийн засагт ачаалал үүсч, улмаар амжиргааны түвшин доогуур өрхүүдэд хүндээр тусахын зэрэгцээ түүнийг дагаад гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалтын тоо эрс нэмэгдэж, хүүхдийн эрх зөрчигдсөөр байна. Манай улсын хувьд мөн л гэр бүл салалтын тоо нэмэгдэж түүнийг дагаад хүүхдийн эсрэг хүчирхийллийн тоо буурахгүй байна. Тухайлбал, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд нийтдээ 27.050 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс хүүхэд хамгааллын 4456 дуудлага ирсэнээс хүүхдийн эрх зөрчигдөн, эрсдэлт нөхцөлд амьдарч байна гэсэн 1326 дуудлага бүртгэгджээ. Мэргэжлийн байгууллагынхан дээрх 1326 дуудлагад хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн байна.