Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдээс удаа дараа ирүүлсэн гомдол саналын дагуу есдүгээр сарын 07-ны өдөр Хан-уул дүүргийн 11-р хороо Зайсангийн Peace Village, General town хотхонуудад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах сөрөг нөлөө үзүүлэхүйц аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан тухайн орчны газар дээр нь албаны хүмүүсийн хамтаар очиж ажиллан, иргэд, оршин суугчдын санал гомдлыг сонсож, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан.
Энэ үеэрээ Хотын Захирагч холбогдох албаны хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулах үүрэг өгч, ажлын хэсэг хотхоны орчимд үүссэн нөхцөл байдлыг шат дараатай шийдвэрлэн ажиллаж байна. Тэгвэл өчигдөр Хотын Захирагч С.Амарсайхан дахин газар дээр нь очиж ажиллан үүрэг даалгаврын биелэлтийг шалган, зарим ажлуудыг шуурхай хийж гүйцэтгэх үүрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст дахин өгөв. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хотхонуудын дунд хүүхдийн тоглоомын талбай байгуулах үүргийг өгсөн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хот бодлогын асуудлаас гадна жижиг гэж хаясан хамгийн том хүндрэлээ цэгцэлж байна. Сууц өмчлөгчдийн холбооны дарга та ч бас хариуцлагатай байж иргэдээ идэвхижүүл.
Бид иргэддээ ч хатуу шаардлага тавьж байгаа. Амьдрах орчны аюулгүй байдлыг хангахад иргэдийн оролцоо их чухал. Мөн энд үйл ажиллагаа явуулж аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан тохижилт, ногоон байгууламж, тоглоомын талбайгаа хийх хэрэгтэй” гээд хотхоны гадна талбайд байгаа стандартын шаардлага хангахгүй иргэдийн амь нас, амьдрах орчинд эрсдэл учруулах хашаа, хайсыг буулгаж, ухсан нүхийг тэгшлэх, авто замыг засварлах үүргийг холбогдох албаныханд өгч, энэ ажилд хотхоны иргэд, оршин суугчдыг оролцоогоо нэмэгдүүлэх, мөн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хамтарч ажиллах шаардлагатай гэдгийг онцолж хэллээ.