Монгол Улсын иргэн та сонгуульдаа оролцохдоо бэлэн үү?
UGLUU.MN сайт сонгогчдын боловсролд зориулан “Сонгуульдаа бэлэн үү” нийтлэлийг цувралаар хүргэж байна. #1 дугаарыг хүлээн авна уу.
Өнөөдрөөс 13 хоногийн дараа буюу Зургаадугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгууль болно. Ийнхүү бид сонгуулийн 32 жилийн түүхтэй болж байна.
Сонгууль гэж юу вэ?
Сонгууль гэдэг нь ямарваа нэг хувь хүн өөрийн биеэр, өөрийн бодлоор, хараат бусаар тодорхой түвшний олон нийтийн удирдлагыг сонгох цогц үйл явц юм. Энэ нь 17-р зуунаас хойш төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх үндсэн оньс болсоор ирсэн гэдэг. Сонгууль нь хүмүүсийн ямар нэгэн нэгтгэлийн удирдаж буй албан тушаалтныг солиход ашигладаг хамгийн ардчилсан тогтолцоо гэж үздэг билээ.
Өнгөрсөн 32 жилийн түүхэнд бид сонгуульд хэрхэн оролцсон бэ?
17 нам эвслийн 606 нэр дэвшигч өрсөлдөж, түүнд сонгуулийн насны 2,130,000 гаруй иргэн саналаа өгч сонгох юм.
Монгол Улсын үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн 16-р зүйлд заасны дагуу бид төрийг удирдах хэрэгт оролцох эрхээ эдэлж, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлнэ. Сонгуульд оролцохдоо бид үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй. Бид ч энэ эрхийгээ хангалттай эдэлж байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Энэ удаагийн сонгуульд өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал илүү олон буюу нийт 17 нам эвслийн 606 нэр дэвшигч өрсөлдөж, түүнд сонгуулийн насны 2,130,000 гаруй иргэн саналаа өгч сонгох юм.
Долоон удаагийн сонгуульд давтагдсан тоогоор 532 гишүүн сонгогдож төрийн үйл хэргийг явуулжээ.
1990 онд Ардын депутатуудын хурлын сонгуулийн хууль батлагдсанаар парламентын чөлөөт сонгуульд олон нам оролцож, Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаа сонгосон нь ардчилсан сонгуулийн үндсийг тавьсан анхны том алхам болсон юм.
Анхны сонгууль 1992 болж түүнээс хойш нийт долоон удаагийн сонгуульд, нэг удаад 76 гишүүн сонгогдсон гэж үзэн давтагдсан тоогоор 532 УИХ-ын гишүүн сонгогдож төрийн үйл хэргийг явуулжээ.
Долоон удаагийн сонгуулийн сонгогчдын оролцоо ямар байв?
Жил жилийн сонгуульд сонгогчдын ирц хамгийн чухал байдаг.
Дээрх хүснэгтээс харвал анхны УИХ сонгууль болох 1992 оны сонгуульд хамгийн өндөр буюу 95,6 хувьтай оролцож, түүнээс хойш буурсаар 2012 оны сонгуулиар сонсогчдын ирц дөнгөж 67,3 хувьтай болсон. УИХ-ын 2016 оны сонгууль 74.4 хувийн ирцтэй буюу 1.42 сая хүн санал хураалтад оролцжээ. Энэ нь 2012 оны сонгуулийнхаас 6.4 хувиар өссөн боловч 1992, 1996, 2000, 2004, 2008 онуудын сонгуулийн ирцтэй харьцуулбал буурсан үзүүлэлт байсан юм.