Кино найруулагч, зохиолч, “Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн хөтлөгч А.Миеэгомботой ярилцлаа.
-Арван жилдээ их ноомой хүүхэд байсан гэж ярьсан байсан. Ер нь яаж яваад СУИС-ийн жүжигчний ангид орчихов?
-Тийм шүү арван жилдээ дуугай, ном уншдаг, хажуугаар нь маш их кино үздэг хүүхэд байсан. Уншсан ном, киногоо найзууддаа ярьж өгнө. Ангийнхан намайг үзсэн киногоо өнгөтөөр ярьж өгдөг гээд л шавчихна. Энэ нь сүүлд телевизэд ороход их дөхөм болсон шүү. Арван жилийнхнээс урлагаар явсан нь Дуучин Quiza, “Содура” киноны найруулагч Б.Жаргалсайхан байна. Арван жилээ төгсөөд Б.Жаргалсайхан бид хоёрыг СИУС-ийн жүжигчний ангид орно гэхэд манай ангийнхан бүгдээрээ их гайхаж байсан.
-Яагаад тэр вэ?
-Манай найз Жагаа угаасаа их хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд. Харин би бол олон нийтийн ажилд их оролцдог мөртлөө нээлттэй биш, бүрэгдүү хүн. Намайг жүжигчин болно гэхэд хүмүүсийн нүд нь орой дээрээ гарсан гэж байгаа. Нийгэм даяараа жүжигчин хүн нүүрэмгий, хөдөлгөөнтэй байдаг гэсэн ойлголттой. Гэхдээ миний орсон зорилго бол найруулагч болох. Тухайн үед найруулагчийн анги хоёр жилийн өмнө авчихсан, одоо хоёр жилийн дараа элсэлт авна гэдэг байгаа. Эсвэл жүжигчний ангид ороод яваандаа найруулагчийн мэргэжлээр давхар сураад төгсөх боломжтой юм билээ. Ингээд СУИС-д ороод яваандаа “нүүр хагарсан” юм шиг байгаа юм.
-2011 онд “Сайн, муу, хэрцгий 1” киногоо найруулж олны хүртээл болгосон. Түүнээс хойш олон ч уран бүтээл гаргалаа. Ер нь кинонуудынхаа талаар тэр болгон ярилцлага өгөөд байдаггүй юм байна лээ?
-Тийм шүү. Ер нь ярилцлага өгч байгаагүй. Миний зохиол бичсэн кинонууд бол 100 хувь гэж бодоход 70 хувь нь хит болдог. Үүнийг бардам хэлнэ. Их сайн продюсер, найруулагчидтай ажилласан нь амжилт гаргахад нөлөөлсөн болов уу.
-Таны найруулсан кино, бичсэн зохиолууд ихэвчлэн адал явдалт, гэмт хэргийн драм байдаг. Энэ жанраа өөрчилье гэсэн бодол бий юү?
-Найруулсан кино, зохиол бүхэнд минь миний онцлог бий. Мэдээж адал явдалт, мт хэргийн төрөл жанрт би дуртай. Жишээлбэл, “Сайн муу хэрцгий 1, 2” кинонд эргэлтийн цэг олон бий. Үзүүштэй. Миний сүүлд хийсэн “Тэрбумын хэрэг” кино ч мөн улс төрийн агуулгатай мөртлөө гэмт хэргийн драм. Одоогоор гэмт хэргийн драмаар кино хийдэг найруулагчид цөөхөн байна. Жилдээ 32 кино гарлаа гэхэд нэгээс хоёр нь л энэ чиглэлийн кино гэсэн үг. Харин одоо бол сонирхол өөрчлөгдөж байна. Илүү тулхтай, даацтай бүтээл хийнэ гэсэн бодолтой байна. Даацтай гэхээр хүмүүс түүхэн кино гэж ойлгоод байдаг. Үгүй. Бидний хэлдгээр фестивалийн чанартай бүтээл. Нөгөөтэйгүүр монгол уламжлалын талаар кинонууд хийх юмсан гэсэн мөрөөдөл байна. Энэ мөрөөдлөө ажил хэрэг болгох гээд хоёр ч зохиол эхлүүлчихсэн явж байгаа.
-Ямархуу зохиол бол. Сонирхуулж болох уу?
-Хоёр том төсөл бий. Гэхдээ эхлээгүй, дөнгөж бэлтгэл шатандаа явж байгаа учраас хамаагүй зарлаад хэрэггүй байх. Энэ хоёр кино гарах юм бол нийгэмд нэлээн дуулиан, шуугиан үүсгэнэ. Хүмүүсийг бараг шоконд оруулж ч магадгүй./ инээв / Шуугиан үүсгэнэ гэхээр гэмт хэргийн төрлийн кино болов уу гэж бодох байх. Үгүй. Ер нь гэмт хэргийн шинжтэй кино хийж олны хүртээл болгоно гэдэг амар ажил биш л дээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу