“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр бэлтгэлээ хангаж байна. Тоглолтыг МҮОНРТ орон даяар шууд дамжуулан үзэгчдэд хүргэнэ.
Гэвч уг тоглолтыг зарим улс төрийн хүчин өөрсдийн сонгуулийн сурталчилгаанд ашиглах гэсэн зохисгүй үйлдэл гаргаж байгаа учир “The Hu” хамтлаг болон зохион байгуулагчдын зүгээс дараах мэдэгдлийг гаргаж байна.
МЭДЭГДЭЛ
(COVID-19)-ийн цар тахлыг Монгол улсдаа тархаахгүй байх, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг эргэн сэргээхэд бодит хувь нэмэр оруулах зорилгоор, Дэлхийд уран бүтээлээрээ Монгол улсаа сурталчилж буй “THE HU” хамтлагийн санаачилгаар хандивын тоглолтыг 2020 оны 6-р сарын 23-нд МҮОНРТ-ийн үндсэн сувгаар орон даяар шууд дамжуулахаар ажиллаж байгаа билээ.
Уг тоглолт нь улс төрийн зорилго огт агуулаагүй, улс төрийн аль нэгэн хүчний захиалгагүй бөгөөд зөвхөн иргэд, ААН байгууллагуудын сайн санааны үндсэн дээр хандив цуглуулж УОК-т хүлээлгэн өгөх зорилготой болно.
Гэтэл уг тоглолтыг зарим нам, улс төрийн хүчин өөрийн сонгуулийн сурталчилгаанд ашиглах, нэр хүндээ өсгөх зорилгоор хэрэглэх зохисгүй хандлага гаргаж байгаа нь туйлын харамсалтай, бүдүүлэг үйлдэл болж байна.
Энэхүү хандивын тоглолт болон сурталчилгааг ямар нэгэн байдлаар улс төрийн зорилгоор ашиглахгүй байхыг албан ёсоор мэдэгдэж байна.
Уг хандивын тоглолтыг “Хүрээ энтертайнмент” ХХК зохион байгуулж, ивээн тэтгэгчээр ХААН БАНК, МОБИКОМ КОРПОРАЦИ ажиллаж байгаа ба улс төрөөс ангид, цэвэр сайн үйлийн төлөө хийж буй арга хэмжээ юм.
“The HU” хамтлаг
“Хүрээ энтертайнмент” ХХК
МҮОНРТ