“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр Г.Болдбаатар, Г.Чагнаадорж нарын есөн хүнд Тагнуулын ерөнхий газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Есөн гишүүний дөрвийг нь суллаж таван хүнийг хорьж шалгаж байна. Тус холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг ШШГЕГ-ын харьяа Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Зүүн хараагийн 413 дугаар ангид хорьж байгаа юм байна.
Ц.Мөнхбаярыг өчигдөр түүний хүү М.Эрдэнэ, хэрэгт холбогч нарын өмгөөлж буй н.Энхбаяр нар очиж эргэжээ. Энэ талаар М.Эрдэнээс тодруулахад “Аавыг эргэхээр өмгөөлөгчтэй нь хамт Зүүн хараагийн хориход очихоор явж байна. Намайг уулзуулах эсэхийг сайн мэдэхгүй байгаа” гэв. “Гал үндэстэн” холбооныхонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177.1-т зааснаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулахаар шууд олон нийтэд айдас төрүүлсэн, заналхийлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Мөн Эрүүгийн хуулийн 91.1-т зааснаар хүний аминд хүрэхийг завдсан хэрэгт буруутгаад байна. Тус холбооныхон эрүүгийн хэрэгт шалгагдаж буй гишүүддээ өмгөөлөгч нэмж авах үүднээс хандив цуглуулж эхэлсэн байна. Эрүүгийн хэрэгт татагдсан тус холбооныхоныг нэг өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа ажээ.
Т.Амартүвшин