МАН нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат би Э.Бат-Үүл гэдэг хүнийг Монголын шилдэг сэхээтний удам угсаа, ардчиллын дүр төрх гэж ойлгож хүндэтгэдэг байсан юм. Харамсалтай нь хотын дарга болсноосоо хойш хийж буй үйлдлүүдээрээ нөгөө их яриад байдаг ардчиллынхаа үнэ цэнийг үгүйсгээд байгаа болохоор сэтгэл дундуурхан байдаг болсон. Хотын газар, барилгын тендерийг төрсөн хүүгийнхээ компанид өрсөлдөөнгүйгээр олгосон жишээг хүн бүхэн мэдэж байгаа. Монголын мундаг том зохиолчийн гэрт төрж, соёл урлагийн үнэ цэнийг мэдэрч өссөн атлаа соёлын өв, урлагийн бүтээл, уран бүтээлчийн сэтгэлгээний эрх чөлөө рүү эрээ цээргүй халдаж байгааг нь хараад урам хугарсан. Д.Нацагдоржийн ч байна уу, Д.Сүхбаатарын ч байна уу хөшөө дурсгал гэдэг өөрөө урлагийн бүтээл. Нөгөө талаасаа тухайн цаг үеийнхээ үнэ цэнэ болж үлдсэн байдаг. Юм л бол буулгана, нураана гэж түүх рүүгээ нулимж болохгүй. 1921 онд ардын хувьсгал хийж, улс орноо тусгаар тогтнуулж, сэргэн мандуулж, босгож ирсэн өвөг дээдэс байгаагүй бол өнөөдөр Э.Бат-Үүл хотын дарга, улсын баатар гэж цээжээ дэлдэхгүй байсан нь тодорхой. Хөшөөг нь буулгаж, талбайг нь өөрчилж болно, харин ард түмний зүрх сэтгэлд сүндэрлэсэн хөшөөг хэзээ ч нурааж чадахгүй л байхгүй юу. Энэ хоёр хүний гавьяаг ганц хөшөө, алга дарам газраар үнэлэхгүй шүү дээ. Түүх түүхээрээ, үнэн үнэнээрээ л үлдэнэ. Ингэж ард түмний үнэт зүйлийн эсрэг юм хийгээд байгаа болохоор хотын дарга гэдэг хүний үнэ цэнэ ч өөрөө унаж байна. Тийм учраас хатуухан үгтэй захидал бичсэн гэсэн юм.
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэхүү захидлыг хүлээн авасныхаа дараагаар Авлигатай тэмцэх газарт өөрийгөө шалгуулахаар хандсан гэдгээ мэдэгдсэн юм. Учир нь түүнийг нийслэлийн бүтээн байгуулалт болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан мэтээр ярьж олон нийтэд мэдээлэл өгсөнтэй холбоотой гэнэ. Иймд мэдээллийн үнэн зөвийг тогтоох, гэм буруутай бол хуулийн байгууллага өөрт нь хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзжээ. Тэрбээр АТГ-ын дарга Н.Ганболдод хандсан албан бичигтээ “Шүүхийн байгууллагаар шалгуулж нотолсон байх ёстой байтал олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан ямар ч баримт нотолгоогүйгээр бусдыг доромжилж, гүтгэсэн байна. Ийм учраас миний бие энэхүү мэдээлэлд дурьдагдсан авлигатай холбоотой асуудлыг шалган тогтоолгох хүсэлт гаргаж байна” гэжээ. Мөн Хотын дарга Э.Бат-Үүл “Намайг мөнгө идсэн, авлига авсан мэтээр ярьж бичих боллоо. Хүүгийнхээ компанид барилгын тендер өгсөн, албан тушаалаа ашиглалаа гэж гүтгэсэн байна лээ гэсэн юм. Харин тэрбээр МАН-ын 27-р их хурал болох гэж буйтай холбоотойгоор МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар ахин томилогдохын тулд, өөрийг нь муулж улс төр хийж байгаа гэж үзэж байгаа юм.
Ж.Мөнхбат Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандан илгээсэн захидалдаа “Та ардчилал гэдэг том хаягны ард нуугдсан шуналтан байжээ гэдгийг шулуухан хэлье. Та мэтийн хумсаа нуусан ийм шуналтангууд ардчиллын үнэ цэнийг өдрөөс өдөрт уландаа гишгэн үнэгүйдүүлж байна. “Ах дүүстээ төрийн мөнгийг тендер нэрээр хуваан өгч, хотын газрыг хууль бусаар олгох нь ардчилал биш, анархизм мөн” гэж хэлэхдээ унагасан шүлс чинь хатаж амжаагүй байхад хүү Б.Чулуудайгийнхаа “Гранд лайн” компанид нийслэлийн барилгын тендерийг өрсөлдөөнгүйгээр өгчихөөд хээвнэг инээж суухыг чинь хараад өмнөөс чинь ичиж билээ. /Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 сарын 29-ний өдрийн А/533 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ерөнхий төлөвлөгөөний дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан/ Таны хүүгийн компани Улаанбаатарын хаана, хэчнээн барилгыг ямар зөвшөөрлөөр барьж байгааг нийслэлчүүд мэдэж байгаа” хэмээсэн юм.
Ж.Мөнхбатын ил захидал болон Нийслэлийн МАН-ын бүлгээс түүнтэй холбоотой хийсэн мэдээллүүдийн үнэн зөвийг тогтоох хүсэлтийг одоогоор хууль хяналтын байгууллагуудад гаргаад байгаа юм. Удахгүй энэ хоёр хүний хэнийх нь үг үнэн болох нь олон нийтэд ил болох бизээ. Ямартай ч “овоо босгоогүй бол шаазгай юундаа суух билээ”. Ж.Мөнхбат хотын дарга Э.Бат-Үүлийг ямар учраас ийнхүү хайр найргүй илчилсэн нь ард олонд сонин байна. Хотын дарга маань үнэхээр газрын хэрэгт холбогдсон байвал, одоо ч гэсэн Балагт Г.Мөнхбаяр нэрээр цоллуулсан өмнөх хотын даргын араас орох юм. Хадаас шиг захидлын учир удахгүй олдох бизээ.
О.Рана