Брэндан Рожэрс: Суарэзийг Арсэнал хэзээ ч авч чадахгүй

Маргааш Эмирэйтс цэнгэлдэх хүрээлэнд тун чухал нэгэн тоглолт болох гэж байгаа бөгөөд Английн ПЛ-ийг өнгөлж яваа багууд буюу Лондонгийн Арсэнал Мэрсисайдын Ливэрпүүл багууд хүч үзэх гэж байна. Лигийг тэргүүлж яваа буучдаас Улаанууд 2-хон оноо дутуу яваа бөгөөд тэднийг талбай дээр нь буулгаж авбал ПЛ-г хошуучлах боломжтой байгаа.

Өнгөрсөн зуны наймааны цонхоор Буучид Ливэрпүүлийн Уругвай довтлогч Луис Суарэзийг эгнээндээ элсүүлчих санаатай нэлээн үзсэн ч чадаагүйг та бүхэн санаж байгаа байх. Тэд Луисын гэрээний заалтанд орсон тусгай заалтыг хүртэл ашиглах гэж оролдсон бөгөөд 40 сая дээр нэмэх 1 паунд гэсэн гэсэн үнэ санал болгож Копуудын эгдүйцлийг төрүүлж байлаа.

Маргааш болох хариуцлагатай тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр Ливэрпүүлийн Босс Брэндан Рожэрсоос сурвалжлагчид энэ тухай асуухгүй байж мэдээж чадсангүй. Брэндан Рожэрс хэлэхдээ Луис Суарэзийг Арсэнал хэзээ ч эгнээндээ элсүүлж чадахгүй хэмээн мэдэгдсэн байна.

” Ийм зүйл хэзээ ч болохгүй байсан. Би Арсэналын Луис шиг тоглогчийг эгнээндээ нэгтгэчих гэсэн санаархалыг ойлгож хүндэлж байна. Учир нь Луис бол орчин цагийн хөлбөмбөгийн ертөнцийн шилдэг довтлогчдын нэг шүү дээ.

Бидний хувьд багийнхаа шилдэг довтлогчийг өөр багт, тэр тусмаа өрсөлдөгчиддөө зарна гэсэн бодол хэзээ ч орж ирээгүй, ирэх ч үгүй. Ливэрпүүлийн уламжлал, бодлоготой эрс зөрчилдөх ийм наймаа байх ямар ч боломжгүй.

Тэгээд ч бид нөхцөл байдлыг эрс өөрчилж, илүү өндөр амжилт гаргах зорилго тавиад ажиллаж байгаа болохоор дээрхи наймааны асуудал дээр багийн эзэд, удирдлагуудынхаа дэмжлэгтэйгээр өөрийн байр сууриа хадгалж чадсан юм.

Багийн эзэд, гүйцэтгэх удирдлага маань үргэлж бидний талд байж, байр суурийг маань хуваалцаж, санал нэгтэй байсан” хэмээн өгүүлжээ.

О.Амарсайхан

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …