Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хүүхдийн баярт зориулан Ксения Драгунскаягын “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгийг тайзнаа амилуулж байна. Уг жүжиг нь 2007 онд БСШУЯ-наас зарласан хүүхдийн уран бүтээлийн улсын хоёрдугаар уралдаанд шалгарсан шилдэг бүтээл юм.
Хүүхдийн драмын жүжгийг орчуулагч Ц.Нямсүрэн орчуулан, ерөнхий найруулагчаар нь Б.Хишигзаяа, хөгжмийн зохиолч С.Алтан-Уяа, ерөнхий зураач С.Энхсайхан нарын уран бүтээлчид оролцсон байна. Жүжгийн гол дүрүүдэд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Нармандах, Д.Ганцэцэг нар тоглож буй аж.
Уг жүжгээр дамжуулан хүүхэд, багачуудад ахмад настнаа хайрлан хүндлэх, байгаль эх, хүн хоорондын уялдаа холбоо шүтэлцээг ойлгох, хайрлан хамгаалах, тэд бидний нэгэн адил амьд гэдгийг ухааруулахыг зорьсон. Жүжгийн зохиол нь орчин үеийн үлгэрийн төрлөөр бичигдсэн учир тайз дикорацийг хүүхдийн сэтгэлгээнд тааруулан үлгэрийн оронд сууж байгаа мэт сэтгэгдэл төрөхүйцээр бүрдүүлжээ.
“Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжиг ирэх амралтын баярын өдрүүдэд буюу өнөөдөр 14.00 цагт, маргааш 10.00 цагт тус тус тоглогдоно. Тоглолтын тасалбарыг УДЭТ-ын кассаар 6000 төгрөгний үнэтэй борлуулж байна.
М.Сониуч.ugluu.mn