Таны амралтанд: Хүний нэрний тухай сонин хачин

5(36)Сүүлийн арав гаруй жил ховор, содон монгол нэрийг цуглуулсаар 800 гаруй болгов. Надтай ижил “ хобби”-той хүнтэй ч холбоо тогтоолоо. Орхон аймгийн Жаргалант сумаас Ц.Нарандулам захидал ирүүлж, “Би оюутан байхдаа нэрний цуглуулга хийдэг байсан юм. Ижил сонирхолтой хүн байдагт урамшин нэрсийн цуглуулгаасаа бичиж явуулав …Таны нэр цуглуулахаас гадна утга учрыг нь олж, тайлбарлаж чаддаг нь илүү сонирхолтой байна” гэж бичжээ.

Би нийгмийн даатгалын ажилтан болохоор олон хүнтэй уулзаж харилцдаг. Сэтгүүлч мэргэжилтэй болохоор содон сонин зүйлд ажигч гярхай ханддаг. Нэг удаа хөдөөнөөс Хэнбилээ гэдэг хүн шилжиж ирээд тэр хүнийг шилжүүлсэн байцаагч нь Ямарчбиш гэдэг нэртэй байж таараад надад их сонирхолтой санагдсан. Энэ үеэс л эхэлж содон сонин нэр цуглуулж тухайн үедээ “Ням гараг” сонинд нийтлүүлэн улмаар “Хөөрөг солих агшин” номондоо оруулж байсан. Цуглуулгаа арвижуулан олж мэдсэн зүйлсээ олон түмэнтэйгээ хуваалцаж телевиз, радиогоор нэг биш удаа ярьж, гарын авлага болох “Зөв нэр” ном бичин хэвлүүлсэн минь олны хүртээл болсон билээ. Номынхоо хэсгээс та бүхэнд сонирхуулая.

Содон нэртэй хүн зөвхөн монголд төдийгүй гадаад оронд ч байдаг ажээ.

Нэг Франц хүн /Жуэн Миль Сэткатрвэнтрэз/ Мянга долоон зуун ерэн гурван оны зургаан сар гэсэн нэртэй байжээ. Тэр хүнийг нас барсаны дараа “Мянга долоон зуун ерэн гурван оны зургаан сар гуай мянга найман зуун далан гурван оны тавдугаар сарын хорин долоонд өөд болов” гэсэн зарлал бичээд сонинд гаргасан чинь хүмүүс гашуудахын оронд инээлдээд байсан юм гэдэг.

Мөн улсад 1792 гэсэн цифр бүхий овогтой гэр бүл байсан гэдэг. Энэ гэр бүл 4 хүүгээ сараар нэрлэжээ. Тухайлбал тэдний паспорт болон бусад бичиг баримтуудад Нэгдүгээр сар 1792, Хоёрдугаар сар 1792, Гуравдугаар сар 1792, Дөрөвдүгээр сар 1792 гэсэн нэр дурайдаг байжээ.

Энэтхэгийн Орисса мужийн Кандхмал дүүргийн 2 иргэн бие биетэйгээ уулзах үедээ “Сайн байна уу? Хоёр килограмм цагаан будаа”, Сайн байна уу? Мөнгөн доллар минь” гэж мэндэлдэг байжээ. Энэтхэгийн энэ буланд эцэг эхчүүд хамгийн анхны хүүхэддээ өвөрмөц нэр бодож олдог уламжлалтай. “Хоёр килограмм цагаан будаа” гэдэг нэр  бол төрийн буцалтгүй тусламжийг дурсан санаж өгсөн нэр гэнэ. Тус улсын засгийн газрын шийдвэрээр тухайн үед шинэ төрсөн хүүхэд бүрт хоёркилограмм цагаан будаа өгдөг байжээ. Энэ тосгонд “Би төмсөнд дуртай” гэдэг нэртэй залуу байдаг гэнэ.

Америкийн сэтгэл судлаач Жон Трейн хамгийн утгагүй нэрсийн жагсаалтаар ном гаргажээ. Тухайлбал Шинэ Орлеан мужийн Май гэдэг айлынх охиддоо Му, Ву, Гу хэмээх хачин нэр өгсөн байна. Чикаго хотын иргэн Жексоны гэр бүл таван охиндоо Менингит, Төвөнх үрэвсэх өвчин, Олгой ургах, Хэвэлтэс, Тонзилит зэрэг өвчний нэр өгчээ.

Урт нэртэй хүмүүсийн тухай

Дэлхий дээрх хамгийн урт нэр 1478 үсгээс бүрддэг. Үүнийг уншихын тулд дор хаяж 10 минут шаардагддаг гэнэ.

Америкийн Висконсин мужийн улаан арьст индиан нарын удирдагч нь 122 үсгээс бүрдсэн “Леподотемачоселачогалеоокраниолеапса нотриумупотрим матосифио параомелитокатакецлуммено кичлейпкоссуфо фаттоперистералектруоноп” гэдэг нэртэй байжээ.

Нэрт зураач Пабло Пикассог бүгд мэднэ. Гэхдээ түүний овог нэрийг бүтэн мэддэг хүн ховор гэнэ.Түүний овог нэрэнд нийт 93 үсэг ордог ажээ. Тэр испани хүн. Испанид түүний нэр төдийлэн ховорт тооцогддоггүй гэнэ.

Хавайн арлын Гонолулу хотын сургуулийн нэгэн оюутан охины овог нэр 102 үсгээс бүтсэн “Уул хөндийн олон сайхан цэцэг анхилам үнэрээрээ Гавайг уртааш нь болон өргөөш нь дүүргэдэг” гэсэн утгатай.

Нэг худалдаачин Англи эр гоё нэртэй болохоор санаархаж нэрээ өөрчлөн “Хэрвээ Христос бурхан бүхний төлөө амиа өгөөгүйсэн бол Бирбончи хараал идэх байсан”  гэдэг нэртэй болжээ. Энэ урт нэр нь эхнээсээ хаягдсаар “Бирбон хараал ид“ гэж хүмүүс түүнийг дууддаг болжээ.

Япон баян эр хүүдээ айхтар урт нэр өгчээ. Нэг өдөр тэр урт нэртэй хүү худагт унасан байхыг хүүхдүүд олж мэдээд эцэгт нь очиж хүүгийн нэрийг хэлэхэд аав нь :

Та нар миний хүүгийн нэрийг буруу хэлж байна гээд нэг бүрчлэн засаж бүтэн хэлүүлжээ. Хүүгийн нэрийг “Онюдо Конюдо мапирапонюдо – Хиранюдо – Сейта Капонюдо – Харимапобето – Хайтока – Хейтако – Хэмета– Кэмэтаиччиочирика – Чоччорачирика – Чооничоони – чобикуни – чоторабуцуши – нагонабицуни – апояма – копояма – амосу – комосу – моосу – моосумоосиго – асиклап – дони – Темоку – темоку – мокуно – мокуно – мокудзобо – таванчоосуна – хихид зоэшка”  гэж бүтэн хэлсэний дараа: “Хүү чинь худагт унасан байна” гэж хүүхдүүдийг хэлэхэд аав нь сандран худагт очвол урт нэртэй хүү аль хэдийн нас барсан байжээ.

Манай 8-р Богд “Агваанлувсанчойжнямбалсамбуу” гэдэг нэртэй байсан. Төвд нэртэй монгол хүмүүс дотор урт нэртэй хүн цөөнгүй. Тухайлбал: Нягтлан бодогч Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар өөрийн энэ нэрээ  тайлан дээрээ нэрээ багтааж бичих гээд будилдаг гэж ярьж байлаа.

 Зөвхөн монгол үг орсон урт нэртэй хүмүүсийн нэрээс сонирхвол:

ГанганмөрөндалайОлзмэдэххүүхэнбаатар

ГүнгалбаатарОчирбаянмөнхдоржсүрэнжав

ДалантаванбаатарӨлзийбадрахлянхуа

ДэлгэрбаянзунСууринбүрнээбаатөр

ТэрбишдагваЭнхтайванбаатар

УламундрахтуяаЭнэбишчулуун

УулынягаанцэцэгЭрдэнэцагаанчулуу

ХүсэлОршихмөнхтөрЭрдэнэхишигдэлгэр

ЦогзаяабаатарЭрдэнэбатнасан

ЧулуунтөмөртогооГүрсоронзонгомбосүрэнболд

Богино нэртэй хүмүүс:

Өмнө дурдаж байсан урт нэртэй япон хүүгийн хөрш ядуу эр хүүдээ Чон гэсэн нэр өгчээ. Нэг өдөр тоглож байгаад Чон хүү худагт уначихжээ.

“Хүүеэ Чон худагт ойчлоо“ гэнгүүт л эцэг нь ухас хийгээд хүүгээ татаж гарган амийг нь аварчээ гэж япон үлгэрт гардаг.

Манай улсад богино нэртэй хүмүүс их олон байдаг. Миний олж мэдсэнээр :

Аз, Од, Үр, Иш, Оч, Яа гэх мэт хоёрхон үсгээс бүтсэн богино нэр цөөнгүй байна. Мөн Бор, Гүц, Олз, Өмд, Мөр, Хөх, Үст гэх мэт 3 үсгээс бүтсэн нэр нилээд түгээмэл байна. Орчин үеийн эцэг эхчүүд үр хүүхэддээ урт нэр өгөхийг нэг их сонирхохгүй болсон бололтой. Харин богино нэр нь дуудах, бичих зэргээс эхлээд олон зүйл дээр хялбар юм.

Амьтны нэртэй хүмүүс:

Эртний Германчууд: Чоно, Хэрээ, Бодон, Баавгай, Бүргэдийн нэрийг эрхэмлэдэг байжээ.

Арабчуудын нэрэнд: Бух, Тэмээ, Чоно, Хэрээ, Тагтаа, Туулай, Могой, Арслан, Үнэг, Сармагчин, Илжиг, Гахай, Нохой, Гүрвэл зэрэг амьтны нэр орсон байдаг.

Грек хүмүүст: Минж, Бух, Оронго, Далайн хавч, Ирвэс, Торой, Зөгий, Яст мэлхий, Царцаа,  гүрвэл гэх мэт амьтны нэр оролцуулан өгдөг байжээ.

Амьтны нэртэй Монгол хүмүүс: Арслан, Арсланбаатар, Бар, Барс, Барсболд, Баавгай, Заан, Олон заан, Эрдэнэзаан, Бүргэд, Ирвэс, Харцага, Начин, Булга, Минж, Минжинсор, Халиун, Хэрэм, Хулан, Үхэртар, Ямаахүү, Адууч, Буур, Ухна, Бухаа, Бамбарууш, Ишгэн, Зулзага, Батбэлтрэг, Нохойжав, Муунохой, Амьтан, Баавгайн бамбарууш, Ноосонхорхой, Огтоно, Овогухна, Сайннохой, Хачиг, Элээ, Алтанзагас, Бүжин, Зулзаганбор, Тахиа, Нарантогоруу, Нохойцагаан, Өндгөн, Үенцэцэг, Янзага, Голио, Марал, Хөхчоно,  Тахиа овогтой Шувууны Болжмор гэх мэт олон байна.

Содон нэр цуглуулагч Ц.Нарандуламын захидлаас дахин иш татая.

Говь-Алтай аймгийн Бигэр сумын сум нэгдийн дарга нь Бухаа, номын санч нь Ухнаа, жижүүр нь Бяруу гэдэг нэртэй байжээ.

Ц.Нарандуламыг  Шатахуун түгээгчээр ажиллаж байх үед нэг жолооч ирээд:

“Замын хуудсаа машиндаа орхичихож. 164-р анги. Нохойцагаан гээд биччих гэлээ. Би гайхаж замын хуудсыг нь авчруулан үзээд, Танд яагаад ийм нэр өгсөн юм бэ? гэж асуухад: Аав ээжээс л асуухгүй юу? гээд их л төвөгшөөсөн байдалтай харсныг нь би ер мартдаггүй юм.

Мөн Хорхойгийн Идэш, Хужаагийн Оросоо, Хятадын Хөл зэрэг овог нэр нь хоёулаа содон хүмүүс байдаг юм билээ гэж бичжээ.

Ургамлын нэртэй хүмүүс:

Дорно дахинд: Цэцгийн нэрээс гаралтай эмэгтэй хүний нэр их байдаг.

Орос хүний нэрэнд: Хус, Шарилж, Мөөг, Царс, Бургас, Олс, Манжин гэсэн утгатай нэр

Грек хүний нэрэнд: Лийр,  Царс , Лавар , Үүргэнэ …

Араб хүний нэрэнд: Хуайс, Сарнай гэсэн утгатай нэр бий.

Ургамлын нэртэй Монгол хүмүүс: Будаа, Төмс, Онгонцэцэг, Арвинтариа, Арцанхүү, Зээргэнэ, Нэрсмаа, Алимаа, Алтанцэцэг, Сарнай, Хонгорзул, Хонхонцэцэг, Үзмээ, Гоёо, Алтаргана, Сонгино, Ямаахай, Цэцэгбал, Цэцэгбаяр, Навчаа, Жимсээ, Дэлбээ …

Гадаад хүний нэрэнд хүн, амьтны бие эрхтэн хэсгийн нэр, мөн идэх уух юмны нэр, хувцас хунарын нэр багагүй байдаг. Монгол хүний нэрэнд ч эдгээр нэрүүд байдаг.

Эрхтний нэртэй хүмүүс: Бөөр, Хамар, Магнайдүүрэн, Чих,  Алагнүдэн, Тавхай, Мөр, Боов, Умай ….

Хоол ундны нэртэй хүмүүс: Алагшавай, Идэш, Ундаа, Боовхүү, Будаа, Төмс ….

Тааруухан нэртэй хүмүүс: Туранхай, Түрэмгий, Хорхой, Угаадас, Үрэлгэн, Шалбааг, Чалчаа, Тавингай, Чандар ….

Аятайхан нэртэй хүмүүс: Чамбай, Хонгорбагахан, Энэрэлтсэтгэл, Эрдмийнтүлхүүр, Яруусайхан …

Үйл үгтэй нэртэй хүмүүс: Хааяа, Энэхаачив, Бай, Боль…

Өгүүлбэрийн шинжтэй нэртэй хүмүүс: Майгарав, Хэнбэ, Биирлээ, Хэнмэдэхэв, Огтбишхэнмэдэх,   Отгонбиз, Дүүдагуул, Мөнхзогс, Хүндөргүүл ….. гэх мэтээр олон төрөл зүйлд ангилж болно.

Улс орны нэртэй хүмүүс:  Орос, Монгол, Ану /Америкийн нэгдсэн улс/, Сэсээр /ссср буюу зсбнху/, Хятад, Энэтхэг…

Хот, суурингийн нэртэй хүмүүс: Улаанбаатар, Бээжин, Дархан, Эрдэнэт…

Тухайн цаг үеэс шалтгаалан монгол хүнд өгч байсан орос нэр:

Володя, Ленин, Суваров, Чапаев, Буденин, Жуков, Сталин, Калинин

Мэлс /Маркс-энгельс-ленин-сталин үгийн товчлол/, Пушкин, Гагарин, Мичурин,

Мартбаяр, Майцэцэг, Октябрь, Елка, Музей, Архив, Банк, Бааз, Адмирал, Аспирант, Жанибеков, Винтов, Шинель, Медаль, Метр, Пионер, Яшик, Шофёр, Фабрикжав, Ферм, Молоток, Пропуск, Мотор, Партизан, Маршал, Механик, Яблок, Лимон, Август, Отряд, Фронт, Озеро, Олимпиад, Фестиваль, Победа, Оочер, Мост, Долголети/Уртнас/ Марш, Директор, Молоток /Алх/. Сталин гэдэг нэртэй эмэгтэй хүн ч байсан.

Овог нэр нь хоёулаа содон хүмүүс ч цөөнгүй байдаг ажээ.Тухайлбал:

Анжаагийн Чангарав, Агчбазарын Шийлэгдамба, Уртбаярын Шараа,Цагаандоржийн Чухалбум, Сайнхүүгийн Наряд, Ургамалцэцэгийн Урангуа, Ховор-Эрдэнийн Баланк Ажнайн Гиймэл гэх мэт.

Содон нэртэй хүмүүст тохиолдсон хөгжилтэй явдлаас:

Содон нэртэй хүмүүс нэг дор тааралдах эсвэл олон хүний дунд содон нэртэй хүний нэрийг тодоор дуудах заримдаа содон нэрийг андуурах зэрэг хөгжилтэй тохиолдол цөөнгүй  гардаг байна. Зарим тохиолдлыг сонсож дуулснаа сонирхуулая.

– Хөдөөний нэг айлд машинтай хүмүүс иржээ. Тэд гэрийн эздэд өөрсдийгөө танилцуулав.

Монгол телевизийн найруулагч Бүүмэд, галын байцаагч Хэнчмэдэхгүй, жолооч Нуудгай гэж нэрээ хэлэхэд гэрийн эзэн:

Та нар яагаад тоглоод байгаа юм бэ? Үнэн зөв нэрээ хэлээч гэжээ. Албан ажлаар хамт яваа хүмүүс бүгдээрээ содон нэртэй байсныг мэдээд тэд өөрсдөө ч гайхацгаасан гэнэ.

– Нэгэн залуу урт дараалалд зогссоор байцаагчтай уулзах ээлж болоход байцаагч түүний нэрийг асуув.

Миний нэрийг Боов гэдэг .

Овог чинь хэн бэ ?

Даваа гэхэд ихэмсэг байцаагчийн царай улайж “Муусайн юмнууд нэрээ ч өгч чадахгүй замбараагүй”  гэж бухимдав. Эрхэм байцаагчийн нэрийг Даваа гэдэг байж . Үйлчлүүлж байгаа хүн нь Даваа овогтой Боов болж таараад. Дараалалд байгаа хүмүүс Даваагийн Боов гэж шоолсноос байцаагч ийнхүү бухимджээ.

– Офицер , байлдагч хоёр хамт зогсож байв.

Офицероо генерал мах бариад явж байна гэж байлдагч хэлэхэд офицер:

Нөхөр байлдагч чи яваад генералын барьж яваа махыг аваад ир гэж тушаав.

Үгүй ээ. Офицероо Махбариад гэдэг нэртэй генерал ирж явна гэж байлдагч хариулжээ.

Хүүхдийн нэрт зохиолч С.Маршак

Дэггүй цагаан охиноо

Дэглэх санаатай нэг ээж

Дэгжин нэр олоод

Диктатура гээд нэрлэжээ

Сонин овоо уншдаг нэгэн

Содон лут нэр хүүдээ

Спутник нэр өгчихөөд

Ракета гэж охиноо нэрлэжээ

Энэ хочийг зүүсэн лайтай хүүхдүүд нь

Эринг тэрэнтэйгээ элээнэ гэдгийг

Эцэг эх хоёр мэдүүштэйсэн гэж халаглан бичсэн байдаг

Цог гэдэг хүн утсаар ярихдаа:

– Цог байна. Та хэн бэ? гэхэд цаад хүн нь Хорхой байнаа  гэхэд Цогхорхой хэмээн дооглов хэмээн бодоод Цог гуайн уур хүрч тэр хоёр утсаар хэрэлджээ. Тэгэхнээ хоёулаа л жинхэнэ нэрээ хэлцгээсэн хэрэг байжээ. Иймэрхүү тохиолдол Байна гэдэг нэртэй хүн дээр гарч байсан гэдэг. Байнаа. Байна. гэж нэрээ хэлээд байхад цаад хүн нь чи нэрээ хэлээч гэж уурлаад байсан гэдэг. Цог гуай ч, Байна гуай ч, бас Хорхой гуай ч бүгд л цэргийн хүмүүс байсан нь сонин тохиолдол юм.

Дээр үед манайд ирсэн Зөвлөлтийн хүндэт зочдын дотор халимагийн нэрд гарсан генерал Городовиков байжээ. Түүний уул нэр нь “Хар даага” гэдэг байсан юмсанжээ. Бага байхад нь хүн амын тооллого болох үед орос түшмэл түүнээс:

Нэр хэн бэ ? гэхэд

Хар даага гэжээ.

Орос түшмэл тэр үгийг хэлж чадахгүй тэвдэхдээ, За за Гародовиковими будешь гээд Хар даага гэдэгтэй дуудлага төстэй орос нэр өгч орхисон гэнэ. Тийнхүү халимаг хүү Хардаага орос язгууртан Городовиков нэр авч хожим нь генерал цолтой болон алдаршсан ажээ.

Белгийн зэвсгийн үйлдвэрийн эзэн Нагаан гэдэг хүн байсан бөгөөд тэрээр сайн гар буу үйлдвэрлэснээ өөрийн нэрээр алдаршуулжээ.

Энэ нэр манайд ч хэрэглэгдэж байгаа. Нагаанбуу, Төмөрбуу, Зэсбуу, Винтов гэх мэт бууны нэртэй Төмөрхяргуур, Батсэрээдэнэ, Алтансүх Баатарнум /сэтгүүлч Баатарнум Харваах гэдэг газар төрсөн/ гэх мэт багаж зэвсгийн нэртэй хүмүүс байдаг. Зохиолч Н.Нагаанбуу Соёл Урлагийн төрийн сан дээр очиж ангийнхаа охинтой уулзаж байхад нь би тааралдсан юм. Ангийн хоёрын нэг нь Нагаанбуу нөгөө нь Винтов, хамт ажилладаг хүн нь Галаавар нэртэйг нь би мэддэг тул Соёл урлагийн сан буу цуглуулдаг болоо юу? гэж хөгжөөж билээ.

Нэгэн оюутан охин ажил хөөцөлдөж яаман дээр очжээ. Түүнийг Идэш гэдэг хүнтэй уулз гээд явуулжээ. Өрөөнөөс гарангуутаа хэлж өгсөн нэрийг мартаж Тэжээл гуай хаана байдаг юм болоо гээд зэргэлдээх өрөөний хүнээс асууж гэнэ. Нас тогтсон эр инээмсэглэн угтаж:

– Тэжээл гуай нь би байна. Миний нэрийг уг нь Идэш гэдэг юм шүү гэжээ.

Иймэрхүү байдлаар нэр андуурсан тохиолдол мэр сэр байдаг. Хүний нэр сайн тогтоодоггүй дарга нэгэн ажилтнаа Хулгайчаа гэж дуудсан гэдэг. Ажилтан нь Миний нэр Оргодол шүү дээ гэхэд дарга За яагаав тэгээд ойролцоо л юм байна шүү дээ гэжээ. Бас нэг эмэгтэй барилга барьж байгаа хүмүүсийн нэгтэй уулзахаар очиж гэнэ. Уулзах хүн нь Балкон гэдэг орос нэртэй байжээ. Бүсгүй тэр нэрийг гайгүй сайн тогтоосон хирнээ яг асуух үедээ андууран Кондоом гуай байгаа юу? гээд асуучихжээ. Тэр хүн нилээд хөгжилтэй залуу байсан болохоор эмэгтэйг дамшиглаж “Кондоом гуай нь эмийн санд байгаа очоод аваад ирэх үү? Манай энэ барилга дотор түүнийг хэрэглэж амжих сул өрөө байгаа шүү” гэжээ.

Саяхан надтай хамт Хэнчбиш гэдэг хүн эмнэлэгт хэвтсэн юм. Түүнээс нэрийн нь тухай асуухад:

-Би Батбаатар гэдэг нэртэй байсан. Өвчин ороогоод байхаар нь нэрээ сольж Хэнчбиш болсон юм гэв.

Баянмөнх аваргын жолооч нь Аваргабаатар гэдэг нэртэй байжээ. Уулзсан таних танихгүй хүмүүс Аваргаа сайн уу? Баатараа сайн уу? Хэмээн мэдлэхэд Баянаа аварга тэд намайг хүндэлж байна гэж бодоод гар барьдаг гэнэ. Гэтэл тэд голцуу жолоочийн нь танил, найзууд байдаг гэнэ.

– Би Монгол улсын Хөдөлмөрийн баатар хүн. Бас дархан аварга бөх. Намайг хүмүүс Аваргаа, Баатараа гэж хүндэлдэг. Гэтэл чиний нэрийг дуудахад нь би андуураад эвгүй байдалд орчих юм. Ийм болохоор Чи “нэг бол нэрээ соль, эсвэл ажлаа соль“ гэж Баянаа аварга жолоочдоо хэлсэн гэдэг.

Монгол улсын хэл нь Монгол

Монгол төрийн бичиг нь Монгол

Монгол хүний нэр нь Монгол байгаасай.

Зохиолч, Хүний нэр судлаач Дархчуул Нанжимын Хүрэлбаатар  / 2009 он/

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …