Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаригт “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд монгол бичиг үсэг, өв соёлоо сурталчилсан төрөлжсөн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, уулзалт, ярилцлага, сургалт, монголчуудын бичиг үсгийн соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнгүүд зэрэг олон нийтэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг.
Энэ жилийн тухайд шинэ төрлийн Ковид – 19 цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос улс, орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэмийг тогтоон олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг түр хугацаагаар хориглосон.
Иймд энэ жил Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монгол Улсын Үндэсний номын сан Соёлын баримтат өвийн төрөл түүний хадгалалт хамгаалалтын асуудлыг хэлэлцүүлдэг, уламжлалт эрдэм шинжилгээ – онол практикийн бага хурлыг “ЧУЛУУ, МОДОН ДЭЭР БИЧСЭН СОЁЛЫН БАРИМТАТ ӨВИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ”сэдвээр цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Цахим хурлын гол зорилго нь олон улсын, бүсийн, үндэсний ач холбогдол бүхий баримтат өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, баримтат өвөө хамгаалах ухамсар ойлголтыг ард иргэдэд нэмэгдүүлэх, номын сан, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаа, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх, хадгалалт хамгаалалтыг сайжруулах анхаарал хандуулахад чиглэгдсэн юм.
“ЧУЛУУ, МОДОН ДЭЭР БИЧСЭН СОЁЛЫН БАРИМТАТ ӨВИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” эрдэм шинжилгээ – онол практикийн цахим бага хурлын хүрээнд эрдэмтэн судлаачдын үндсэн 4 илтгэлийг хүлээн авч, соёлын баримтат өвд хамаарах дурсгалуудыг хамгаалах бодлогын хэрэгжилт, хадгалалт хамгаалахтай холбогдох зааврыг мэргэжилтнүүдийн бэлтгэснээр эмхтгэн хэвлэн толилуулах болно.
Үндсэн 4 илтгэлийг цувралаар хүргэж байна.
http://nationallibrary.mn/mn/tuuh-soyliin-dursgaluud-линкээр орж үзэх боломжтой.