ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.
Тэрбээр “Долдугаар сарын 26-нд гурван лабораторид нийт 264 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тэдгээрийн задалж танилцуулбал, долдугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 179 хүний гурав дахь давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 50 хүний давтан шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн 21 жолооч болон Сэлэнгэд тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 288 байгаагаас 218 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 70 хүний биеийн байдлыг үнэлбэл, 64 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр байна. Өнөө өглөө Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн хавьтал гэж үзсэн дөрвөн хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад бусад хүмүүсийг тусгаарлах байруудад хуваарилж байгаа.
Онгоцны тоо нэмэгдэж байгаа учраас ажиглах байр, ХӨСҮТ-ийн орны тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Тусгай үүргийн нислэг хамгийн багадаа 3-5 цаг, Америк, Европоос ирж байгаа нислэгүүд 10-12 цаг үргэлжилж байгаа. Тиймээс нислэгт мэргэжлийн хяналтын хоёр эрүүл ахуйч байцаагч, ХӨСҮТ-өөс нэг эмч явж байгаа бөгөөд тэдгээр эмч нар хамгаалалтын хувцастай үйлчилгээ үзүүлж байна.
Дараагийн үүргийн онгоцнуудыг хүлээн авах бэлтгэлээ холбогдох байгууллагуудтай хамтран хангасан. Онгоцны тоо нэмэгдэж байгаа учраас ажиглах байр, ХӨСҮТ-ийн орны тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна ” гэж мэдэгдлээ.