Л.Цэдэвсүрэн: Чанарт суурилсан боловсролын шинэчлэл эхлүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнтэй салбарын шинэчлэл, хэрэгжүүлэх бодлогынх нь талаар ярилцлаа.

-Боловсролын салбарт шинэчлэл хийх шаардлагатайг иргэд ярьж байна. УИХ-ын гишүүд ч үүнийг эхлүүлээрэй гэж танд захисан.

-Аливаа улс хөгжлийн үе шатлалдаа нийцүүлэн боловсролын шинэчлэлийг зайлшгүй хийдэг. Боловсрол үе шаттай шинэчлэл, тасралтгүй сайжруулахыг шаарддаг, онцлог салбар. Монгол Улсын боловсролын салбар уналтад орлоо, шинэчлэл хийх ёстой гэдэгтэй би санал нийлдэггүй. Харин монгол хүн сурсан мэдлэгээ амьдралдаа бүрэн, бүтээлчээр ашиглан, үр шимийг нь хүртдэг байх үүднээс энэ салбарт өөрчлөлт, шинэчлэл хийх ёстой. Гэхдээ салбарын бүх үйл ажиллагааг өөрчлөх бус, хэрэгжүүлж байсан сайн ажлуудыг үргэлжлүүлж, шинэчлэлтэйгээ хослуулан хийх нь зөв. Манай улс хүн амын бичиг үсэг тайлагдсан байдлаар дэлхийд эхний 11-т эрэмбэлэгддэг. Гэхдээ боловсролын тогтолцооны чанараар 101, мэргэжилтэн бэлтгэх үзүүлэлтээр 92, дэлхийд өрсөлдөх чадвараар 102-т буюу дундаж, дунджаас доогуур үнэлэгдээд байна. Энэ бүхэн боловсролын чанарын асуудалд онцгой анхаарах шаардлагатайг харуулж буй. Тиймээс салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааг чанарт суурилж, шинэчлэл хийх юм.

-Шинэчлэлийг чанартай уялдуулж хийнэ гэлээ. Та багаа хэрхэн бүрдүүлж, ямар төлөвлөгөө, үе шаттайгаар энэ ажлыг эхлүүлэх вэ?

-Чанартай уялдуулна гэхээр одоо олгож буй боловсрол чанаргүй мэтээр ойлгож болзошгүй. Өнөөдрийг хүртэл боловсролын салбарт бий болсон чанарын түвшнийг нэмэгдүүлэх тухай гэж ойлгох хэрэгтэй. Бид суралцагчийн мэдлэг, чадварын түвшнийг үндэсний хэмжээнд тогтоох, сурлагын амжилтад нөлөөлж буй хүчин зүйлийг нь судлах, салбарын бодлого, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх чиглэлээр 2014 оноос ажиллаж эхэлсэн. Үүний хүрээнд чанарын үнэлгээг ерөнхий боловсролын сургуулийн тав, ес, 12 дугаар ангийн сурагчдын 15 хувьд нь түүврийн аргаар хийж ирсэн юм. Харин өнгөрсөн оноос есдүгээр ангийн сурагчдыг 100 хувь хамруулж эхэлсэн. Мөн хүрээг нь өөрчилж, гурав, аравдугаар ангийн сурагчдыг үүнд хамрууллаа. Энэ судалгааны дүнг stat.eec.mn программд нэвтрүүлсэн, багш, суралцагчид танилцдаг. Бид сурагчийн сурлагын амжилтын чанарын үнэлгээгээр эхний 40 байрт жагссан сургуулиудыг нээлттэй зарласан удаатай. Сурлагын амжилт тийм ч сайнгүй гарсан. Тиймээс энэ тоог ирэх дөрвөн жилд 60 хувьд хүргэх зорилт тавьж байгаа. Мөн олон улсын PISA үнэлгээнд хамрагдана. Ингэж дотоодын болон олон улсын чанарын үнэлгээний дүнг харьцуулан дүгнэснээр тодорхой арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ. Бид ерөнхий бодлого, чиглэлээ боловсруулсан ч хийх ажил маань Засгийн газрын үйл ажиллагаа батлагдсаны дараа тодорхой болно.

-Боловсролын шинэчлэлийг хэдий хугацаанд, ямар өртөгтэйгээр хийх бол?

-Боловсролын шинэчлэл хийж, үр дүн гарах хугацааг шууд товлон тогтоох боломжгүй. Мөн шинэчлэл гэдэг үйл явцыг цоо шинээр хийж эхэлнэ гэж ойлгож болохгүй. Одоогийн сайн, тогтвортой хэрэгжиж буй үйл ажиллагааг үргэлжлүүлэх, заримыг нь засан сайжруулах, өөрчлөх, шинэчлэх хэлбэрээр хийнэ. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн таван жил, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дөрвөн жилийн төлөвлөгөөний төслийг бүх яам хийж байна. Үүнийгээ бид салбарын оролцоог хангах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах талаас нь харж, боловсруулж байгаа. Үүний хүрээнд төсвийн тооцоо, төлөвлөлтийг хийж буй. Одоогоор тодорхой тоо хэлэх боломжгүй.

-Багш мэргэжилтнийг даатгалжуулж, цалин хөлсийг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг. Үүний суурь нь өдгөө боловсруулж буй Боловсролын багц хуулийн төсөлд туссан болов уу. Цаашид багш нараа хэрхэн дэмжих вэ?

-Багшийг дэмжих, хөгжүүлэх тухай хуулийн төсөлд сайтар тусгаж байгаа. Боловсролын салбарыг улсын тэргүүлэх салбар гэж үздэг. Тэгвэл энэ салбарын гол цөм нь багш юм. Чанартай сургалт, мэдлэгийг чадварлаг, сэтгэлтэй, санаачилгатай, тасралтгүй хөгжиж байдаг, ёс зүйтэй багш өвлүүлнэ. Тиймээс багшийн хөгжлийг дэмжих, ажлын байрандаа мэргэжлээ тасралтгүй дээшлүүлдэг байх нөхцөлийг бүрдүүлж, туршлага солилцох, харилцан суралцах боломж бүрдүүлэхээр төлөвлөж байгаа. Тодруулбал, багшийг хөгжихөд дэмжлэг үзүүлнэ, үнэхээр хөгжиж чадахгүй бол өөр асуудал ярина гэсэн үг. Нөгөөтээгүүр, нэр хүнд, хөдөлмөрийн үнэлэмжийг нь өсгөх ажлыг үе шаттай хэрэгжүүлж, дэмжих бодолтой байна. 2016 оноос хойш үүнд анхаарал хандуулж, цалин хөлсийг нь нэмэх арга хэмжээ авсан. Үүний үр дүнд өнөөдөр цэцэрлэгийн багшийн үндсэн цалингийн дундаж 842 000, сарын дундаж цалин, нэмэгдлийг нь тооцвол 1.2 сая төгрөг байгаа. Харин ерөнхий боловсролын сургуулийн багшийн үндсэн цалингийн дундаж 770 000, сарын дундаж цалин, нэмэгдэлтэйгээ 1.2 сая гаруй төгрөг байна. 2016 оныхтой харьцуулахад цэцэрлэгийн багшийн цалин 69.8, ерөнхий боловсролын сургуулийн багшийнх 54.4 хувиар өсжээ.

Мөн багш бэлтгэдэг их, дээд сургуулийн элсэгчдэд сайн шалгуур тавьж, суралцагчийн төлбөрийг төр хариуцдаг тогтолцоог өөрчлөн, магадлан итгэмжлэгдсэн нэгдсэн хөтөлбөрөөр бэлтгэдэг болгохоор төлөвлөж байна. Түүнчлэн багшийг тогтоосон хугацаанд заавал эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах, орон сууцжуулах арга хэмжээ авах, ажлын байрных нь хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг бодитоор хийлгэж, тэтгэврийн насны зохицуулалт хийх эрх зүйн орчин бүрдүүлэх ажлыг шуурхай, бүтээлчээр хийх зорилго тавьсан. Тодруулбал, багшийн хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлж, түүний дагуу тэтгэврийн насыг нь тогтоох бодлоготой байгаа.

-Хүүхдүүд, тэр дундаа цэцэрлэгийн насныхан мэдээллийн технологийн хөгжлөөс шалтгаалж, интернэтээс төрөл бүрийн арга, хэлбэрээр олон зүйл сурч, мэдэж байна. Гэтэл цэцэрлэг, сургуульд нь номхон суулгаж, үзэг бариулж, тоо, үсэг цээжлүүлэх, заримдаа олон хүүхэдтэйгээс шалтгаалж, өдрийг аргацаадаг байдалтай байхад уйдаж, залхах магадлалтай. Тэгэхээр та сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын арга, хэлбэрийг хэрхэн шинэчлэх вэ?

-Дэлхий даяар боловсролын салбарт цахим технологи хүч түрэн орж ирж буй. Монгол Улс ч үүнээс хоцрохгүй байна. Боловсролын салбарт мэдээлэл, харилцаа холбооны дэвшилт технологи нэвтрүүлэх ажлыг цаашид улам сайжруулан, хэрэгжүүлнэ. “Ковид-19”-ийн үеэр цэцэрлэг, сургуульд цахим хичээлийг амжилттай зохион байгууллаа. Гэвч олон улсаас суралцах зүйл их бий. Боловсролын бүх түвшинд мэдээллийн системийн инновацыг нэвтрүүлэх, сургалтын цахим платформ хөгжүүлэх, цахим сургалтын хөтөлбөр боловсруулах, ухаалаг сургууль, анги төсөл хэрэгжүүлэх, контент, цахим бичвэр, цахим хэл шинжлэлийг хөгжүүлэх зэргээр олон ажил төлөвлөсөн. Олон улсын жишигт нийцсэн мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв байгуулахаар мөн зорьж буй.

-Боловсролын шинэчлэлийн хүрээнд сургалтын хөтөлбөрийг өөрчлөх үү?

-Бага ангийн сургалтын хөтөлбөрийг 2014, дунд ангийнхыг 2015, ахлах ангийнхыг 2016 онд шинэчлэн хэрэгжүүлж байна. Энэ сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд судалгаа шинжилгээ, үнэлгээ хийсний дагуу өнгөрсөн жилийн наймдугаар сард бага зэрэг шинэчлэл хийсэн. Цаашид сургалтын хөтөлбөрийг тогтвортой мөрдөх бодлого барина. Ингэснээр сурах бичгийг ойр ойрхон өөрчлөхгүй, чанарыг нь сайжруулах юм. Нэмж хэлэхэд, манай яамны чиг үүрэгт ясли, хүүхэд харах үйлчилгээ хамаарах болсон. Энэ үйлчилгээг бодлого, чиглэлтэйгээр ажиллуулж эхэлбэл цэцэрлэгт хамруулах хүүхдийн насыг өөрчлөх шаардлага тулгарна. Түүнчлэн “Цалинтай ээж” хөтөлбөр, сар бүрийн хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй дээрх үйлчилгээний бодлогыг хэрхэн уялдуулах талаар ажлын хэсгүүд байгуулагдан, судалж байгаа. Хүүхдийг сургуульд бэлтгэх, чанартай боловсролын суурь тавих зорилгоор таван настай бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах бодлого барина. Зургаан настайдаа сургуульд ороход сууж сурах, үзгээ барихаас эхлээд тэдэнд олон хүндрэл учирдаг. Тэгэхээр сурагч болоход нь заавал бэлдэнэ гэсэн үг. Мөн шинээр сургуульд элсэж байгаа малчдын хүүхдэд зориулсан жишиг дотуур байрыг аймаг бүрт барихаар төлөвлөсөн. Тодруулбал, зургаан настай хүүхэд нэг, хоёрдугаар ангидаа аав, ээж, асран хамгаалагчийн хэн нэгэнтэйгээ хамт амьдардаг байхаар дотуур байрыг барих юм.

-Одоогийн сургалтын хөтөлбөрийг тогтвортой мөрдөнө гэхээр олон улсынх руу шилжүүлэхгүй гэсэн үг үү?

-Одоогийн хөтөлбөрийг туршин, нэвтрүүлэх чиглэлтэйгээр байгуулсан лаборатори сургуулийн үүрэг дуусгавар болсон. Тэдгээр сургуулийг багшийн хөгжил, төгсөгчдийнх нь Элсэлтийн ерөнхий шалгалтын үзүүлэлт, санхүүгийн зөрчилтэй, эсэх зэрэг шалгуураар судалж, дүгнэсэн. Үүгээр тэргүүлснийг нь сонгон, аймаг, нийслэлд олон улсын хөтөлбөрийн жишиг сургуулийг үе шаттай байгуулах юм. Бодлого, чиглэлгүйгээр олон улсын хөтөлбөрт шилжүүлбэл боловсролын тэгш бус байдлын асуудал үүснэ. Олон улсын хөтөлбөрийн сургууль барих талаар манай улс Кэмбрижийн олон улсын шалгалтын төвтэй гэрээ байгуулан ажилладаг. Ийм сургууль байгуулах бэлтгэл хангах, орчин бүрдүүлэх, багш бэлтгэх, хөтөлбөр боловсруулах бүх үйл явц стандарттай, энэ ажилд 1-1.5 жил шаарддаг. Зардал ч их. Ерөнхий боловсролын сургуулийг монгол хүн, дээд боловсролоо дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүн болгоход чиглүүлэх бодлого баримтлах юм.

-Цэцэрлэгийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Өмнөх Засгийн газрын үед “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг бид амжилттай хэрэгжүүлсэн. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтын бохир жин (нас харгалзахгүйгээр боловсролын тухайн түвшинд суралцагчдын тоог тухайн түвшний боловсрол эзэмших насны нийт хүүхдийн тоонд харьцуулсан үзүүлэлт) 2019-2020 оны хичээлийн жилд 84.2 хувьтай байгаа. Үүнийг таван жилийн үндсэн чиглэлтэйгээ уялдуулан 86.5 хувьд хүргэхээр төлөвлөсөн. Үүнээс гадна зорилтот бүлгийн өрхийн хүүхдийг 24 цагийн цэцэрлэгт үе шаттай хамруулах, тэдгээрт боловсрол, эрүүл мэнд, хамгааллын цогц үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн. Өрх, хүүхдийн судалгаанд тулгуурлан энэ төрлийн цэцэрлэгийг нэмэгдүүлэх, эсэх асуудлыг ЭМЯ, ХНХЯ-тай хамтран хэрэгжүүлнэ.

Хүчин чадал, барилгын насжилт, байршил, хүн амын өсөлт, хэрэгцээтэй уялдуулан 273 цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм. Гэр хороололд хүүхдэд ойр “Өргөө цэцэрлэг” байгуулах ажлыг мөн үе шаттай хэрэгжүүлнэ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд оршин суугаа газартаа цэцэрлэг, сургуульд хамрагдах орчин, нөхцөлийг бүрдүүлэхээр тооцож буй. Тусгай цэцэрлэг, сургуулийн барилгыг шинэчлэх, засварлах, орчныг нь тохилог болгох ажил хэрэгжүүлнэ. Энэ бүгд сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах суурь болох юм.

-Өнөөдөр нэг ангид 40-50 хүүхэд хичээллэж байна. Үүнийг дэлхийн жишиг буюу нэг хүүхдэд ногдох талбайтай харьцуулахад хэцүү. Тэгэхээр та боловсролыг тэгш, хүртээмжтэй олгоход хэрхэн анхаарч ажиллах бол?

-Хүн амын төвлөрөл ихтэй зарим аймгийн төв, нийслэлд энэ асуудал үнэхээр хүндрэлтэй байгаа. Цэцэрлэгийн нэг бүлгийн хүүхдийн тоо 25, ерөнхий боловсролынх 35 байх ёстой. Бид ерөнхий боловсролын сургуулийг хоёр ээлжтэй болгох зорилт тавьж түүндээ хүрч чадсан. Таван жилийн дотор ерөнхий боловсролын сургуулийн 80-аас доошгүй хувийг нэг ээлжтэй болгох бодлого баримтална. Ингэснээр бүлэг дэх хүүхдийн тоо стандартад нийцэх юм.

Сургуулийн хүчин чадал, барилгын насжилт, байршил, хэрэгцээ, хүн амын төвлөрөл, өсөлтийн хэтийн төлөвлөлттэй уялдуулан 200 сургууль ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Цаашид боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг газар зүйн мэдээллийн цахим системд суурилан төлөвлөдөг болно. Энэ нь хүн амын төвлөрөл, ирээдүйн таван жилийн өсөлтийн статистиктай үүнийг уялдуулж, хаана, хэдэн хүүхдийн цэцэрлэг, сургууль шаардлагатай байгаагаар төлөвлөнө гэсэн үг. Түүнээс биш орон нутагт, суманд 640 хүүхдийн сургууль бариад 300 хүүхэд суралцдаг байдлаар ажиллахгүй. Үүнээс гадна сум болгонд 12 жилийн сургалттай сургууль байх шаардлагагүй тул энэ талаар тодорхой арга хэмжээ авна.

-Хувийн зарим их, дээд сургуулийн боловсролын чанарын асуудлыг иргэд шүүмжилдэг. Энэ тал дээр ямар бодлого баримтлах вэ?

-Боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг төрийн, хувийн гэж ялгах нь зохисгүй. Ижил зорилгын төлөө, нэг чиг үүрэгтэйгээр ажиллаж буй байгууллага шүү дээ. Тэд зөвхөн өмчийн хэлбэрээрээ л ялгаатай. Монгол Улсад 2019-2020 оны хичээлийн жилийн байдлаар дээд боловсролын сургалтын 94 байгууллага үйл ажиллагаа явуулж, түүнд 148 мянган оюутан суралцаж байна. Бид Монгол Улсад үндэсний судалгааны их сургуулийг хөгжүүлэх бодлого барьж байгаа. Цаашид их, дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрт шинжилгээ хийж, Монгол Улсад нэн тэргүүнд шаардагдаж буй мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг дэмжиж, хөдөлмөрийн зах зээл нь хомсдсон, магадлан итгэмжлэлийн чанарын шаардлага хангахгүй болсон, чанаргүй сургалттай хөтөлбөрийг хаах, хөтөлбөрийн индексийг дэлхийн шилдэг, нэр хүнд бүхий сургуулийнхад дөхүүлэх хэлбэрээр шинэчлэх ажил хийнэ. Дэлхий даяар цахим боловсрол давамгайлж, боловсролын салбарт мэдээллийн технологи хүчтэй нэвтэрч байгаа энэ цаг үетэй хөл нийлүүлэн их, дээд сургуулийн сургалт, судалгааны ажилд шинэлэг бүтээлч ажлуудыг нэвтрүүлэх юм. Нөгөөтээгүүр, их, дээд сургуулийн сургалтын чиглэл, одоогийн үйл явц, шинэ хөтөлбөр, мэргэжил “нээх” үйл ажиллагааг тэдгээрийн төгсөгчдийнх нь хөдөлмөр эрхлэлттэй нь уялдуулж, хүний нөөцийн чадвар, хүрэлцээ, эрдэм шинжилгээ судалгааны ажлын чанар, нөхцөл байдал зэргээр нь судлан үзэж тодорхой арга хэмжээ авна. Их сургууль бол судалгаа хийдэг, түүнийхээ үр өгөөжийг хүртдэг, санхүүжилт олдог байгууллага байх ёстой. Багш, судлаачид нэг баг бүрдүүлж, ШУТС-гаас санхүүжилт авч, судалгаа хийдэг байдал сайтар үр дүнгээ өгөхгүй байгаа. Тэгэхээр их сургуулиуд бие дааж хөгжиж, дэмжлэг туслалцаа авч, сайн судалгаа хийж, түүнийгээ үнэлүүлэх хэрэгтэй. Үүний хүрээнд их сургуулийн засаглал, удирдлагын тогтолцоог бие даасан хэлбэрт шилжүүлж, ахисан түвшний сургалт, судалгааг чанаржуулан, олон улсын жишигт нийцүүлнэ. Түүнчлэн дэлхийн шилдэг их сургуулиудтай хамтран төсөл, эрдэмтэн солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Мөн судалгааны өрсөлдөөнт тэтгэлгээр их, дээд сургуулийг дэмжих бодлого барина.

-Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталж, Соёлын яамыг тусад нь байгуулж, спортын салбарыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтаасан. Тэгэхээр танай яам судалгаа, шинжлэх ухаан, инновацын салбарт дорвитой арга хэмжээ авч ажиллах боломж бүрдлээ.

-Улсын хөгжилд шинжлэх ухааны салбарын оруулж буй үнэ цэнийг өгүүлээд баршгүй. Олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоог илүү сайжруулах, энэ салбарын нийгэм эдийн засгийн хөгжилд үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлого барьж байна. “Алсын хараа 2050” баримт бичгийг боловсруулахад олон эрдэмтэн, судлаач оролцсон. Хөгжлийн салбарын бүх түвшинд судалгаа, шинжлэх ухаанч хандлага хэрэгтэй гэдэг их соёлын эхлэл энэ үеэр анзаарагдлаа. Цаашид судалгааны ажлыг тухайн салбарын хөтөч болгож, ШУА, хүрээлэнгүүд, их сургуулийн хамтын ажиллагааг сайжруулна. Түүнчлэн ажлын үр дүнгээр нь санхүүжүүлдэг тогтолцоонд шилжүүлэх, судалгаанд зарцуулах төсвийн хөрөнгийг дөрөв дахин нэмэгдүүлэхээр зорьж буй. Үүнээс гадна салбар дундын судалгааны нэгдсэн, төрөлжсөн лаборатори, төв, хүрээлэн байгуулж, инновацын тэргүүлэх чиглэлээр бизнес эрхлэх гарааны компани “босгох”, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааг татвар, хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжиж ажиллана. Үүний хүрээнд судалгаа, шинжилгээний ажлын давхцлыг арилгахаар төлөвлөсөн. Мөн их сургуулийн оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамруулахад анхаарч ажиллана.

Ярилцсан: Б.УЯНГА. ӨНӨӨДӨР СОНИН. 2020.07.27, №145 /6947/

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …