Уламжлалт анагаах ухаан дахь хий, шар, бадган гэх ойлголт нь чухам юу болох талаар манай уншигчид олонтоо асуудаг. Тиймээс энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэгийг урьж энэ талаар ярилцлаа.
-Уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж, илүү их ойлголт мэдлэгтэй болохыг хүссэн хүмүүс юун түрүүнд хий, шар, бадган гэдэг нь юу болох талаар мэдэхийг хүсдэг. Үүнийг та энгийн байдлаар тайлбарлаж өгөөч?
-Уламжлалт анагаах ухаанд хий, шар, бадган гэсэн ойлголт бий. Үүнийг хүмүүс юу юм бол, хий гэхээр шааран дотор үлээчихсэн юм шиг хий байдаг юм уу, эсвэл салхи шиг салхилдаг юм болов уу гэх зэргээр асуудаг. Уламжлалтаар олон жил эмчлүүлдэг зарим хүмүүс өөрт илэрч байгаа зарим шинжээр төсөөлөн тодорхой ойлголттой болсон нь ч бий.
Хий, шар, бадган нь хүний биед бодитоор оршдог бөгөөд таван махбодын мөн чанарыг агуулдаг. Үүнд хий нь хийн махбодтой, шар нь гал, бадган нь ус, шороо махбодын мөн чанарыг агуулдаг. Ер нь сав ертөнц, шимийн амьтад, хүний бие, сэтгэл гээд бүхий үзэгдэл, юмс таван махбодыг агуулж байдаг. Ийнхүү хий, шар, бадган нь мөн өөрийн мөн чанарыг тодорхойлогч бэлгэ чанаруудыг агуулдаг. Хий нь зургаан бэлгэ чанартай, шар, бадган нь тус бүр долоо долоон бэлгэ чанарыг агуулж байдаг. Энэхүү бэлгэ чанарууд нь дүрээ хувиргалгүй харилцан тэнцвэртэй оршиж байвал хэвийн хүн эрүүл байдаг. Дүр байдал нь хувирч тэнцвэрээ алдвал бие, сэтгэлийн өвчлөл үүсдэг. Ийнхүү хий, шар, бадганы өөрчлөлтөөс шалтгаалан хүний бие, сэтгэл өвчилдөг учраас хорлогч буюу гэм гэж нэрлэдэг. Тэгэхээр гурван гэм буюу хий, шар, бадган нь нэг талаараа гэмтээгч хүчин зүйл болдог байх нь. Юуг гэмтээдэг вэ гэхээр хүний цус, мах, булчинлаг хэсэг, өөх, яс, чөмөг, дусал буюу долоон тамирыг гэмтээдэг. Хий, шар, бадган тэнцвэртэй байвал эрүүл байна, тэнцвэр нь алдагдвал өвчилнө гэсэн үг.
-Хий, шар, бадганы бэлгэ чанарууд тэнцвэртэй оршсоноор эрүүл байх боломжтой гэдгийг ойлголоо. Тэгвэл хий, шар, бадганы өвөрчлөл гэж бас бий. Үүнийг хэрхэн ойлгох вэ?
– Өвөрчлөл гэдэг нь тухайн хүнд хий, шар, бадганы аль нэг хувь илүү, дутуу тогтсон төрөлх чанар гэж ойлгож болно. Энэхүү төрөлх чанар нь эхийн хэвлийд анх үр тогтсон үеэс эхлээд төрөх хүртэл алгуур бүрэлддэг. Энэ нь ээжийнх нь сэтгэл санааны байдал, явдал мөр, идэж, ууж буй хоол ундтай холбоотойгоор тогтдог чанар. Тэгээд төрмөгцөө нь хий давамгай, шар давамгай, бадган давамгай, хий-шар, хий-бадган, шар-бадган хавсарсан, эсвэл гурвуулаа тэнцвэртэй хурсан гэсэн үндсэн долоон өвөрчлөлийн нэг нь хэдийнээ бий болж, тогтсон байдлаар төрдөг. Тэрхүү өвөрчлөл нь насан туршид нь өөрчлөгдөхгүй хадгалагдсаар үлдэнэ.
-Өөрийгөө ямар өвөрчлөлтэй хүн гэдгээ хэрхэн мэдэх вэ. Хийн өвөрчлөлтэй хүн хийн өвчнөөр өвдөх магадлал илүү өндөр гэж сонсож байсан. Тэгэхээр тухайн хүн өөрийгөө ямар өвөрчлөлтэй вэ гэдгээ мэдсэний үндсэн дээр ямар өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй вэ гэдгээ бас мэдэж болох нь ээ?
-Уламжлалтын эмчид үзүүлж, оношлуулснаар өөрийгөө хий, шар, бадган нь дангаараа байна уу, эсвэл хавсарсан, хурсан өвөрчлөлтэй байна уу гэдгийг мэдэж болно. Өөрсдөө энэ талаар уншиж судалснаар “Би ер нь ийм өвөрчлөлтэй хүн юм байна” гэж мэдэх боломжтой.
Өвөрчлөл нь өвчлөлийн байдалтай ихээхэн уялдаа холбоотой. Хийн өвөрчлөлтэй хүн хийн өвчнөөр өвдөх, хийн улиралд илүү хямрах магадлалтай. Бадганых бол бадганы өвчлөлд, бадганы улиралд, бадганы цагуудаар хямрах магадлалтай. Гэхдээ хийн өвөрчлөлтэй хүн бадганы, шарын, бадганы өвөрчлөлтэй хүн хийн, шарын өвчнөөр өвдөж болно. Хийн өвөрчлөлтэй хүн зөвхөн хийн өвчнөөр өвчилнө гэж бодож болохгүй. Аль алинаар нь өвчлөх эрсдэлтэй. Гагцхүү шарын өвөрчлөлтэй хүн шарын мөн чанартай халуун өвчнөөр өвчилбөл илүү хүнд, хурц хэлбэртэй тусдаг, бадганы өвчнөөр өвдвөл эмчлэхэд арай хялбар байдаг гэх зэргээр махбодын мөн чанараас хамааралтай зүйлүүд бий л дээ.
-Та сая хийн улирал, бадганы улирал, шарын улирал гээд ярилаа шүү дээ. Тэгэхээр хий, шар, бадган нь улиралтай бас хамааралтай болж таарах нь ээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Нар, сар, од, гараг эрхсийн хоорондын шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоо тодорхой хэмнэлтэйгээр улирал солигдож өөрчлөгддөг. Жил, сар, өдөр, цаг, минут, секунд гээд нарийн тогтсон хэмнэл бий. Энэ хэмнэлтэй уялдаад хүн, ургамал, амьтанд зүй ёсны өөрчлөлтүүд ордог. Мод ургамал гэхэд хавар нахиалаад, зун нь цэцэглээд, намар үр нь гарч, өвөл унталтын байдалтай байдаг. Үүнтэй адил био хэмнэл, сав ертөнц, од, гараг эрхсийн хэмнэл хөдөлгөөнөөс шалтгаалаад таван махбод өөрчлөлтөд ордог. Гурван махбод буюу хий, шар, бадган ч ихсэх, багасах, тэнцвэржих гэсэн хэмнэлд орно. Энэ бол байгалийн зүй ёсны үзэгдэлд зохицсон өөрчлөлт.
Нэг жил буюу 12 сарыг хий, шар, бадганы ихсэж, багасаж буй дүр урвалтуудаас хамааран хоёр, хоёр сараар авч үздэг. Эхний хоёр сард нь нэг махбод нь амарлиж байхад нөгөө нь хурдаг гэх мэтээр махбодын мөн чанар улирлуудад өөрчлөгддөг. Мөн өдөр тутам хийн цаг, бадганы цаг, шарын цаг гэх мэтчилэн цагуудад бас хий, шар, бадган нь хурж, хөдөлж, амарлидаг. Энэ бол гарцаагүй жам ёсны хэмнэлт өөрчлөлт учир үүнийг маш сайн таниад тухайн үед нь хоол унд, нойр, ажил үйл, эм, эмчилгээг тохируулах хэрэгтэй байдаг.
-Хий, шар, бадган гурвуулаа чухал. Гэхдээ сүүлийн үед хийн өвчин ихсээд байна, хийнээс сэргийлэх хэрэгтэй гэж яриад байгаа шүү дээ. Хийг тэнцвэртэй байлгахын тулд яах ёстой вэ?
-Хий, шар, бадган гурвуулаа хүний биед тэнцвэртэй орших ёстой. Гэхдээ хийг яагаад илүү чухалчлаад байна вэ гэхээр хийн хөнгөн, хөлбөрөнхий бэлгэ чанараас шалтгаалаад аливаа өвчний эхлэлийг тавьж байдаг. Өвчин өрнөх явцыг ч мөн хий даамжруулдаг бол эдгэх болон үхэл ч хийгээр хураагддаг. Тиймээс хийг маш сайн анхаарч явах ёстой. Мөн шарын халуун, хурц бэлгэ чанараас шалтгаалаад өвчин хурц, түргэн явцтай байдаг учраас хүндрэх эрсдэл илүү их, бадганы хүнд, мохдог бэлгэ чанараас шалтгаалаад өвчний эмгэг зовуурь илэртлээ удаан хугацаанд үүсэж, бас эдгэрэлт нь ч удаан байдаг учраас эмчилгээний цаг хугацаа, эм тан их хэрэглэх хэрэгтэй байдаг. Ийнхүү хий, шар, бадганы бэлгэ чанарууд бүгд өвөрмөц чанартай учраас тэр бүгдийг хянамгайлж байх хэрэгтэй.
Зарим үед удаан явцтай, хүнд чанартай бадганы өвчний эдгэрэлтийг түргэсгэхийн тухайд аль болох хөдөлгөөнтэй байлгах, унтуулахгүй байх зэрэг хийг хөдөлгөх арга хэмжээ авдаг. Бас хий, бадганы бэлгэ чанар хавсарсан боловсроогүй халууны үед эхлээд сэрүүн эмчилгээ хийлгүй, халуун чадалтай эмчилгээгээр эмчилж, шарын халууныг дангаар нь ихэсгэж байгаад дараа нь сэрүүн эмчилгээ хийх гэх мэт эмчилгээний зарчим баримталдаг. Энэ үед өвчтэй хүнд өвчний шинж улам ихсэж байгаа мэт санагддаг. Хий, шар, бадганы бэлгэ чанарууд хоорондоо нийлэлдэж ихсэж, багасах байдал тодорхой зүй тогтолтойгоор хэдэн мянган эмгэг дүр урвалтууд бий болдог. Уламжлалтын эмч хүн үүнийг л сайтар таньж, онож оношлох чадварт суралцаж, мэргэшдэг.
-“Төрөлхийн бадганы өвөрчлөлтэй хүн турах гэсний хэрэггүй” гэж та нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр бадган гэдэг зүйл таргалалттай нэлээд холбоотой байх нь. Бадган болон таргалалтын талаар та тайлбарлаж ярихгүй юу?
-Бадганы өвөрчлөлтэй хүн цайвар царайтай, удаан хөдөлгөөнтэй, ой тогтоолт удаан боловч хадгалах чанар нь удаан гэх мэт төрөлх чанартай. Энэхүү төрөлх өвөрчлөлийг өөрчилж болохгүй. Хэт тураад хийн чанар руу шилжиж болохгүй. Гэхдээ “Төрөлх өвөрчлөлийг өөрчилж болохгүй” гээд хэт их бадганыг арвидуулаад байж бас болохгүй. Учир нь бадганы өвөрчлөлтэй хүн бадган арвидаж бадганы өвчнөөр өвчлөх магадлал илүү байдаг.
Хий, шарын өвөрчлөлтэй хүмүүс яаж ч хооллосон галын илч ихтэй, хөнгөн хөлбөрөнхий чанараараа нэг их таргалаад байдаггүй. Гэтэл бадганы өвөрчлөлтэй хүн жаахан идэх төдийд л таргалчих гээд байдаг. Тиймээс бадганы өвөрчлөлтэй хүн аль болох хөдөлгөөнтэй, сэргэг соргог байх ёстой. Ном эрдэмд шамдахгүй, залхуураад, идээд, хөдөлгөөн багатай байгаад байвал бадган улам арвидаад юм тогтоох чадвар буурах, таргалах, бадганы өвчнөөр өвчлөх зэрэг эрсдэлтэй. Хий, шарын өвөрчлөлтэй хүн хөнгөн хурц чанараараа аливаа зүйлийг маш хурдан хүлээж авч ойлгож, тогтоодог бол бадганы өвөрчлөлтэй хүн идэвхтэй байхгүй бол бүр л мунхраад, таргалаад байдаг.
-Ямар өвөрчлөлтэй хүүхэд төрүүлэх вэ гэдгээ шийдэж, зохицуулж болох уу. Ямар өвөрчлөлтэй байвал сайн бэ?
-Дангаараа байгаа өвөрчлөлүүд өвчинд өртөмтгий байдал илүү давамгай байдаг тул ер нь муу талдаа. Хий-шар, хий-бадган, бадган-шар хавсарсан байвал зүгээр. Харин хий, шар, бадган тэнцүү хэмжээтэй хурсан байвал хамгийн сайн өвөрчлөл гэж үздэг.
Хийн хөнгөн чанар, бадганы уужуу, батлаг чанар, шарын хурц, бүтээлч чанар гэдэг ч юм уу хий, шар, бадганы мөн чанарууд хувь тэнцүү өвөрчлөлтэй бол амьдралд ахуйд ч сайн, тавилан ч их сайн байна. Өвчлөлийн хувьд ч тэсвэр тэвчээртэй харьцангуй эрүүл хүн төрнө гэсэн үг.
Тиймээс эх хүн хүүхдээ хэвлийдээ тээж байхдаа энэрэнгүй зөөлөн, уур уцааргүй, хүсэл шунал багатай, аль болох гэгээлэг, зөв зүйлийг санаж, сэдэж, уужуу, тайван ухаантай байх хэрэгтэй. Ээжийн сэтгэл санааны байдал хэвлий дэх хүүхдэд маш чухал. Хоол тэжээл бас чухал. Дан бадганыг үүсгэх усан махбодтой хүнд чанарын хоол идэх, эсвэл халуун исгэлэн идээ ундыг хэтрүүлэх, хоолоо хорих зэрэг нь маш муу. Тиймээс жирэмсэн байх хугацаандаа хоол унд, сэтгэл санаагаа маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгж байж хий, шар, бадганы хувь тэнцүү хурсан өвөрчлөлтэй хүүхэд төрүүлэх боломжтой.
-Ярилцсанд баярлалаа. Маш сонирхолтой, хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа.
М.Ариунсувд
“Уламжлалт анагаах ухаан” сонин 2020 он №07 (73)