Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрөөс олгож буй халамж, дэмжлэгийг 2020 он дуустал үргэлжлүүлэх чиглэл өглөө. Тодруулбал, хүүхдийн 100 мянга болон бусад хөнгөлөлтүүдийг 2020 оныг дуустал үргэлжлүүлэхээр болсон байна.
Энэ талаар Сангийн сайд Ч. Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Ч. Хүрэлбаатар “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх талаар танилцууллаа.
КОВИД-19-ийн цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг 2020 онд 5-6 хувиар буурахаар байгааг судалгааны байгууллагууд танилцуулсан. Гэсэн хэдий ч 2021 онд 5-7 хувиар өснө гэж таамаглаж байгаа. Үүнтэй уялдуулаад Хятадын эдийн засгийн хөгжлийн хандлага, эдийн засгийн өсөлтийн байдалтай уялдуулаад Монгол Улсын эдийн засгийн төлөвийг харж, төсвийн тодотголыг хийлээ.
Төсөвт тодотгол хийхдээ хэдэн зарчим баримталсан. Үүнд:
-Ард иргэд, ААН-ийн хувьд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэлээдийг үргэлжлүүлнэ
-Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг нэмнэ.
-Экспортын орлого буурч байгаа тул нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авна.
-КОВИД-19-ийн үед цахим шилжилтийг улс орнууд сайн хийж байгаа. Монгол Улсын Засгийн газрын хувьд ч цахим шилжилтийг сайн хийнэ гэж тооцооллуудыг хийсэн. Хөрөнгө оруулалтын хувьд энэ жил гэрээ байгуулж, тендер зарлаж амжаагүй төслүүдийг хасах, санхүүжилтийг бууруулах зарчим баримталсан ”гэж мэдэгдлээ.
Дараах гол арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасан байна.
Хүүхдийн мөнгө: Хүүхдүүдэд 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл сар бүр олгож байгаа 100 мянган төгрөгийг 2020 он дуустал олгохоор болов. 1 сая 250 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах бөгөөд нийт 300 тэрбум төгрөг зарцуулна.
Тэтгэвэр, тэтгэмж: Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл хугацаанд сар бүр олгож байгаа 288 мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 он дуустал олгоно. Үүнд 73.3 мянган хүн хамрагдах бөгөөд 22 тэрбум төгрөг нэмж зарцуулна.
Нийгмийн даатгалын шимтгэл тэглэх: Үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч, даатгуулагчийн төлөх НДШ-ийг 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл тэглэсэн. Энэ арга хэмжээг 2020 он дуустал шимтгэлийн “хөнгөлөлт” байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлнэ. Ингэхдээ ажил олгогч болон даатгуулагч тус бүр 5 хувь байхаар тооцсон бөгөөд 144 тэрбум гаруй төгрөгийг чөлөөлнө.
ААНОАТ: Жилийн1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлснийг үргэлжлүүлнэ.
Түрээсийн татвар: 2020 оны 02 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлсөн. Татвар чөлөөлөх хугацааг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр болов. Өнөөдрийн байдлаар 1000 орчим аж ахуйн нэгж, 25 мянга гаруй худалдаа эрхлэгч түрээсийн төлбөрөө бууруулсан. Нийт 10 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтөд хамрагдаад байна.
Бага орлоготой иргэдэд олгодог хүнсний талоны нэмэгдлийг он дуустал үргэлжлүүлэн олгоно.