Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дуулгалаа.
Тэрбээр “Өчигдөр улсын хэмжээнд нийт 595 сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Үүнд,
- Долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 264 хүний шинжилгээ,
- Долдугаар сарын 12,14-нд Кабул-Улаанбаатар онгоцоор Афганистанаас ирсэн 57 хүний шинжилгээ
- Долдугаар сарын 25- нд Кабул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 124 цэрэг дайчдын давтан шинжилгээ
- Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 18 хүний давтан шинжилгээ
- Тусгаарлах байруудад ажиллаж байгаа 8 хүний шинжилгээ
- Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 26 жолоочийн шинжилгээ
- Замын-Үүд сумаар орж ирсэн 85 хүн болон төмөр замын 13 ажилтны шинжилгээ багтаж байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 293 тохиолдол батлагдсан. Үүнээс 260 нь эдгэрсэн бөгөөд ХӨСҮТ-т одоогоор 33 нь эмчлэгдэж байгаа юм.
Эмчилгээнд байгаа хүмүүсээс 31 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эмчилгээнд байгаа хүмүүс дотор 14 настай нэг хүүхэд бий” гэсэн юм.
Мөн үргэлжлүүлэн “ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар нийт 56 хүн эмчилгээ болон ажиглалт тандалтад тусгаарлагдаж байгаа. Ажиглан тусгаарлагдаж байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт байна.
Энэ хүнд гурван удаагийн коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан.
Наймдугаар сарын 1-8-нийг хүртэл улсын хэмжээнд 3,713 хүн тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийсэн байна. Эдгээрээс 1,034 хүнийх нь эхний шинжилгээ юм. Энэ долоо хоногт бид тусгай үүргийн дөрвөн онгоцыг хүлээж авсан. Өчигдрийн онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээг өнөөдөр авч байна” гэдгийг нэмж хэллээ.