Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэгийн Холливудын ододтой хамтран гол дүрд нь тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) кино Монгол улсад албан ёсны эрхтэйгээр энэ сарын 21-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болохоор болжээ.
Энэхүү киноны албан ёсны эрхийг “Black Stallion” продакшн авч монголчууддаа толилуулж байгаа аж.
ХОЛЛИВУДЫН ОДОД БОЛОН МОНГОЛЫН ЖҮЖИГЧИД
Киноны гол дүрд Оскарын шагналт жүжигчин Марк Райлэнс, алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон, загвар өмсөгч, жүжигчин Б.Ганчимэг нар хамтран тогложээ. Харин туслах дүрийг Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Д.Гүрсэд, сурагч Г.Дөлгөөн-Эрдэнэ нар бүтээжээ. Мөн тус кинонд Монголын 14 уран бүтээлч ажилласан байна.
Монгол жүжигчин Холливудын бүрэн хэмжээний уран сайхны киноны гол дүрд Холливудын ододтой хамтран ажилласан нь Монголын кино урлагийн салбарт нэгэн том дэвшилт болсон юм.
НОБЕЛИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛ
Зохиолч J.M. Coetzee /Ph.D/ нь 1940 онд Өмнөд Африкт төрсөн. Өмнөд Африк гаралтай Австралийн иргэн хэл шинжлэлийн ухааны доктор, зохиолч J.M. Coetzee нь 2003 онд “Waiting for the Barbarians” зохиолоороо Нобелийн шагнал хүртсэн. Түүний бүтээлүүд байгаль экологи, ан амьтан, үндэстэн ястан, уугуул соёлын өвийг хамгаалахад чиглэсэн байдгаараа онцлог юм.
НЭРТ НАЙРУУЛАГЧ
Колумбын алдарт найруулагч Сиро Герра нь 1981 онд төрсөн. Тэрээр 2004 онд анхны бүрэн хэмжээний бүтээл болох “Wandering Shadows” киногоороо Латин Америкийн шилдэг залуу найруулагчаар шалгарч байсан бол “The Wind Journey” ”Embrace of the Serpent” кинонуудаараа Каннын кино наадамд өрсөлдөн хоёр ч төрөлд ялагч болсон бол тэр жилдээ мөн тус бүтээлүүдээрээ Оскарын наадамд өрсөлдсөн юм. “Waiting for the Barbarians” кино бол түүний зургаа дахь бүтээл бөгөөд тэрээр бүтээсэн бүх киногоороо олон улсын нэр хүндтэй кино наадмуудад шалгарч байсан юм.
КИНОНЫ АГУУЛГА: Эзэнт гүрний хил орчим өөрийн нутаг дэвсгэр дээр амьдрах уугуул иргэдийг Зэрлэгүүд гэж нэрлэх ба тэд алдагдсан газар нутгаа авахаар довтлох гэж байна гэсэн цуу ярианаас үүдэн хурандаагаар /Жонни Депп/ удирдуулсан Эзэнт Гүрний цэргийн хүч тус бүсэд ирнэ. Тэд урьдчилсан арга хэмжээ авах нэрийдлээр уугуул иргэдийг хомроглон зовоож, харгис бодлого явуулах бөгөөд тухайн бүсийг хариуцсан ноён Магистрат /Марк Райлэнс/ энэ бүхэн ердөө цуу яриа төдий, хил орчим бүх зүйл хэвийн байгааг ойлгуулахыг хичээнэ. Бүх зүйл хэвийн оршиж байсан нутагт харгис үйл ажиллагаа явуулж үймүүлж сүйтгэсний эцэст цэргүүд буцах бөгөөд тарчилж зовсон Магистрат ганцаар үлдэнэ. Эзэнт Гүрний мэдлийн энэхүү хотын зүгт уугуул иргэд буюу Зэрлэгүүд хэзээ ч төлөвлөж байгаагүй довтолгоонд бэлдэх болно. Хот зэрлэгүүдийг хүлээнэ.
ЧУХАМДАА ЖИНХЭНЭ ЗЭРЛЭГҮҮД НЬ ХЭН БЭ?
Зохиолчийн дэвшүүлсэн энэхүү санаа нь бүх цаг үед соёлч нийгмээр өнгөлөн далдлалт хийсэн жинхэнэ зэрлэгүүдийн багийг хуулсан бүтээл бөгөөд улс үндэстний уугуул соёл иргэншил, байгаль экологи, ан амьтан хамгаалахад бүх насаа зориулсан Өмнөд Африк хүний гүн эмзэглэл гэж дүгнэгджээ.
ТА БҮХЭН “ЗЭРЛЭГҮҮДИЙГ ХҮЛЭЭХҮЙ” УРАН САЙХНЫ КИНОГ НАЙМДУГААР САРЫН 21-НЭЭС КИНО ТЕАТРУУДАД ХҮЛЭЭН АВЧ ҮЗЭЭРЭЙ.