Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр/08.14/ Улаанбаатар хотноо Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Уг хурал нь 2020 оны 03 дугаар сард товлогдоод байсан болов ч дэлхий дахиныг хамран тархаад буй “COVID-19” цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан билээ.
Хурлыг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нээж, хэлэлцэх асуудлуудыг танилцуулан удирдав. Хурлын төлөөлөгчид Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны Гишүүнээр сонгогдож, Монголын олимпийн хөдөлгөөний түүхэнд шинэ хуудсыг нээсэн МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт баяр хүргэж, амжилт хүслээ.
МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган МҮОХ-ны 2019-2020 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүгийн төсвийг хэлэлцүүлж, батлуулав.
Мөн МҮОХ-ны дүрэмд заасны дагуу МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн мэдээллийг тус зөвлөлийн Гишүүн Д.Энхбаатар хурлын төлөөлөгчдөд танилцууллаа. Хянан шалгах зөвлөлийн мэдээллийн хүрээнд МҮОХ-ны 2019 оны санхүүгийн болон дотоод үйл ажиллагааг Олимпийн харти болон МҮОХ-ны дүрэмд нийцсэн гэж дүгнэв.
Олимпийн харти болон МҮОХ-ны дүрэмд заасан шаардлагуудыг хангасан Монголын скуаш теннисний холбоо болон Монголын кёрлингийн холбоог олонхийн саналаар гишүүнээр элсүүлж, МҮОХ нийт 77 гишүүн холбоодтой боллоо.
4 жил тутамд зохион байгуулагддаг МҮОХ-ны Чуулганыг ОУОХ-ноос ирсэн зөвлөмжийн дагуу 2021 оны Токиогийн олимпийн наадмын дараагийн улиралд багтаан зохион байгуулах товыг батлав.
Хурлын үеэр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог сонгох сонгууль буюу МҮОХ-ны Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдлаа.
МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин-2008” Олимпийн аварга Н.Түвшинбаяр нэр дэвшиж, нийт гишүүдийн олонхийн буюу 96,4 хувийн саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдов.
МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчийн сонгуульд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОХ-ны зөвлөх Ж.Отгонцагаан нэрээ татсанаар нийт 3 хүн буюу Олон Улсын Залуучуудын Ногоон Наадмын гүйцэтгэх хорооны наадам хариуцсан захирал Ц.Бат-Энх, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Монголын рагбигийн холбооны Дэд ерөнхийлөгч Г.Пүрэв-Очир нар өрсөлдлөө.
Нийт гишүүдийн олонхийн буюу 57.2 хувийн саналаар Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар сонгогдов.