Намрын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр зарлан, үндэсний “Бахархалын өдөр” болгон тэмдэглэж, орон даяар амралтын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг төр засгийн зүгээс гаргасан. Энэ жилийн хувьд “Үндэсний бахархалын өдөр” 11 сарын 4-ны даваа гарагт тохиож, эл өдрийг тохиолдуулан 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Бурхан Халдун хайрханыг “Монгол түмний “Үндэсний бахархалт хайрхан” гэж зарласан Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарчээ. 2013 оны 11 дүгээр сарын 04-ны “Үндэсний бахархалын өдөр” буюу Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөрт зориулсан ёслолын арга хэмжээ, үндэсний бөхийн барилдааны үеэр Бурхан Халдун уулыг “Үндэсний бахархалт хайрхан”-аар зарласан тухай тогтоолыг Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайд олон нийтэд танилцуулжээ. Бурхан Халдун уул нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт Хэрлэн голын баруун талын нэгдүгээр цутгал гол болох Богдын голын эхэнд хойд өргөрөгийн 48045ґ43”, зүүн уртрагийн 109000ґ30”-ын солбицолд, д.т.дээш 2361.5 метрийн өндөрт оршдог, төрийн тахилгат уул юм.
Тэгвэл эл хайрханыг монгол түмний “Үндэсний бахархалт хайрхан”-аар өргөмжлөн шийдвэр гарсан үе нь А.Батсүх ахлагчтай уулын спортын ”Сутайн бор” клубын зарим тамирчид, Ж.Бямбадорж даргатай хүний эрхийн үндэсний комиссын хамт олноос бүрдсэн баг тамирчдын хамтаар Төрийн тахилгат Бурхан Халдун уулын ноён оргилд гарсан нь санамсаргүйгээр давхацжээ. Эл үйл явдалд Я.Жанцангийн нэрэмжит уулын спортын “Сутайн бор” багийнхан болон Хүний эрхийн үндэсний комиссын хамт олон ихэд бэлэгшээж байна. Үндэсний бахархалт хайрханыхаа оргилд амжилттай авиралт – аялалыг зохион байгуулаад ирсэн хоёр багийн хамт олонд амжилт хүсэе.
Ц.Мөнх