Өндрөөс хэдий сүрддэг ч, олсон дээр гарахаараа газар дээр байгаа мэт тайвширдаг сонин содон зочныг энэ удаа онцолж байна. Тэрбээр “Олс бол миний байх ёстой газар гэж ойлгодог. Тийм болохоор чанга утасны үзүүлбэр (циркийн урлагт олсны олон төрлийн үзүүлбэр бий)-т хайртай байх” гэсэн юм. Соёлын тэргүүний ажилтан, циркийн жүжигчин, экстрем артист М.Мягмарсайхан энэ жил Чулуутын хавцал дээгүүр олсон дээр алхсаных нь дараа уулзаж хөөрөлдсөн юм. Тэрбээр олсон дээр алхдаг төрлөөр 18 дахь жилдээ, циркийн жүжигчнээр 29 дэх жилдээ, ажиллаж буй юм.
-өнгөрсөн жил орхоны хүрхрээн дээгүүр алхсан. энэ жил чулуутын хавцал дээгүүр алхлаа. Ер нь яагаад өндөр утасны үзүүлбэр хийдэг юм бэ?
-Хүмүүс хэнд ч хэрэггүй эрсдэлтэй зүйл хийгээд байна гэж шүүмжилдэг л дээ. Хэрэв би буруу алхам хийвэл олсноосоо унана. Яг түүнтэй адил хүн амьдралдаа тэнцвэрээ хэзээ ч алдаж болохгүй. Тийм ч болохоор би амьдрал бол тэнцвэр гэдэг уриатай. Ер нь хүмүүс надаас илүү амь насандаа эрсдэлтэй зүйл хийдэг.Зам тээврийн ослоор маш олон хүн амь насаа алдаж байна. Үнэндээ тэд эрсдэлгүй гэж бодоод л гэрээсээ гарсан байж таараа.Өнөөдөр намайг өндөр дээр алхаж байхад “энэ тэнэг” гэж бодож байгаа боловч тэд машин унахдаа надаас илүү тэнэг үйлдэл хийдэг. Орон нутгийн замд яаж машин гүйцэж түрүүлдэг билээ, ямар аюултай алхмуудыг хийдэг билээ. Тэдгээрийн хажууд миний хийж байгаа алхам бол тэнцвэрээ олсон зөв алхам гэж боддог.
-Дараа жил Хоргын тогоон дээгүүр алхана гэж сонссон?
-Хоргын тогоо, Уран тогооны аль нэг дээгүүр алхах бодолтой судалж байгаа. Гэхдээ тухайн байршлын онцлогоос их зүйл шалтгаална. Илүү урт зам туулах учраас тусгай тоног төхөөрөмж шаардлагатай. Мэдээж төсөл томрохын хэрээр санхүүжилт ч давхар яригдана. Аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн үүсгэхийн зэрэгцээ, эх орныхоо үзэсгэлэнт байгалийг “тэнгэрийн алхалт”-тайгаа хослуулан гадаад, дотоодын аялагчдад сурталчлах давхар зорилго надад бий. Болдог бол эх орныхоо дээвэр болсон Алтай Таван богддоо ч гэсэн алхмаар байна. Жил бүр өөр байдлаар, өмнөх амжилтаа шинэчлэхийг зорьдог.
-Цаашид ямар газарт “тэнгэрийн алхалт” хийх хүсэлтэй байгаа вэ?
-Хэрмэн цав, Цагаан суваргаас эхлээд Монголын байгалийн үзэсгэлэнт газруудаар энэ үзүүлбэрээ хийхсэн.Бас Улаанбаатар хотынхоо өндөр барилгууд болон цэнгэлдэх хүрээлэн дээгүүр алхах бодол бий. Цаашдаа өөрийнхөө энэ ажлыг таслахгүй үргэлжлүүлээд явна.
-Арын албанд нь олон хүн ажилладаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Сая Чулуутын хавцал дээр утас байршуулахад хорь гаруй мэргэжлийн хүн ажилласан. Мөн арын албанд бусад багийнхнаа нэгтгэвэл 50 гаруй хүн байлаа. Өнгөрсөн жил Улаанцутгалан, энэ жил Чулуутын хавцал дээр алхахад манай найз нөхөд, багш, хамтран зүтгэгчид минь бүх сэтгэлээрээ тусалсан. Энэ дашрамд Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооныхондоо маш их баярласнаа илэрхийлье. Нэг ч төгрөгийн цалин авахгүйгээр, зөвхөн уран бүтээлийн төлөө шунан дурлаж, тусалсан тэдэндээ талархаад баршгүй.
Хүн хүчнээс гадна энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд багагүй зардал гардаг. Зөвхөн алхах 150 метр троссоо авахад л нэг сая төгрөг зарцуулах жишээтэй. Татлага, чангалагч, хамгаалалтын олс гээд шаардлагатай тоног төхөөрөмж их л дээ. Цаашид илүү урт зам туулна гэвэл тэр хэрээр л тоног төхөөрөмжийн зардал нэмэгдэнэ. Хоргын тогооны амсар 300 метр, Уран тогооных 500 метр диаметртэй.
Үүнийг гар аргаар татах боломжгүй учраас тусгай мотороор татах хэрэг гарна.Моторыг нь тэнд аваачиж байрлуулж суурилуулна гээд асар их ажиллагаа болох байх. Хэрвээ надтай хамтарч ажиллах газар байвал цаашдаа илүү том газруудыг зорино доо.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу