М.Энх-Амар: Ардын болон уртын дууг залуу үе, хүүхэд багачууд дуулж сурахад уралдаан ихээхэн түлхэц болж байна

Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газар,Улсын онцгой комиссоос хорио цээрийн дэглэм тогтоож, бүх шатны сургууль, цэцэрлэгээс гадна соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр хугацаанд хаагаад байсан. Тэгвэл энэ онцгой цаг үед Үндэсний өв соёлоо дээдлэгч Сүлд телевиз “Бүх ард түмний Сүлд караоке-2020” уралдааныг 19 аймаг болон гадаадад амьдарч буй монголчуудынхаа дунд зохион байгуулсныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар дэмжин оролцлоо.

Энэхүү уралдаанд Улаанбаатар хотын иргэдээс гадна хөдөө орон нутгийн 19 аймаг мөн Герман, Турк, Стамбул, Чех, БНСАУ-д ажиллаж амьдарч байгаа монголчууд оролцож өөрсдийн авьяас чадвараа сорьсон юм.

Гурван сарын хугацаанд үргэлжилсэн уг уралдаанд нийт 350 хүн оролцсон бөгөөд сүүлийн шатны шалгаруулалт наймдугаар сарын 21-ний өдөр Монголын Хүүхдийн Ордонд болсон юм.

Ингээд хүүхдийн ангилалд тэргүүн байранд А.Долгормаа, Ж.Үржинханд нар, дэд байранд С.Өнөмөнх, гуравдугаар байранд Д. Эрдэнэбат нар тус тус шалгарч Гала тоглолтын үеэр шагналаа гардан авлаа.

Шалгарсан хүүхдүүдэд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар шагналыг гардуулж, баяр хүргэлээ.

Энэ үеэр тэрбээр “Цар тахал гарч, хөл хорио тогтоосон энэ үед үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, биет бус өв соёлыг хадгалах, тэр дундаа Монголын ард түмэн өөрсдөө бий болгосон ардын болон уртын дууг залуу үе, хүүхэд багачууд дуулж сурахад энэхүү уралдаан ихээхэн түлхэц болж байна.

Энэ цаг үед гэр бүл, тэр дундаа хүүхэд багачуудыг хамруулсан үндэсний өв соёл, ардын урлагийг таниулсан “Сүлд караоке”-2020 уралдааныг санаачлан зохион байгуулсан танай хамт олонд талархаж байна” гэсэн юм.

Харин уралдааны шилдэг 32 оролцогчоос тэргүүн байранд Говь-Алтай аймгаас оролцогч Э.Тэгш-Үнэн, дэд байранд Ц.Өлзийсайхан, ггуравдугаар байранд Б.Бат-Эрдэнэ, тусгай байранд Э.Жамъяндорж, мөн тусгай байранд Ц. Мөнхжаргал нар орж, мөнгөн шагнал болон цомыг гардан авлаа.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …