Манай оронд газрын тосны олборлолт явуулдаг Хятадын компаниуд ирэх оноос эхлэн хөрөнгө оруулалтынхаа хэмжээг 50 хүртэл хувиар бууруулах болжээ. Тэд үүнийхээ шалтгааныг Монголын төр засгаас газрын тосны салбарт тодорхой бодлого баримтладаггүй, татварын хэмжээ өндөр, хууль эрх зүйн орчин хэт нэг талыг баримтладаг хэмээн тайлбарласан байна.
Тодруулбал, Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Цагаан элсний ордод газрын тос олборлодог “Доншин газрын тос Монгол” компани хөрөнгө оруулалтын хэмжээгээ 50 хувиар бууруулах даалгаврыг толгой компаниасаа авчээ. Шалтгаанаа тус компанийн гүйцэтгэх захирал Сүн хуан вү “Монголын татварын орчин тогтворгүй, шинэ төрлийн татвар ногдуулахын зэрэгцээ төрөөс газрын тосны салбарт ямар бодлого барих нь ойлгомжгүй байна” гэсэн тайлбар өгсөн бол Тамсагийн сав газарт газрын тос олборлож буй “Петрочайна Дачин Тамсаг” компанийн хуулийн зөвлөх Ван Пен “Монголын шүүхийн шийдвэр зөвхөн нэг талыг барьж гарч байна. Байгаль орчин сүйтгэсэн гэх үндэслэлээр Монголын шүүхээс манай компанид 1.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан. Дээр нь хөрөнгө оруулах таатай орчин бүрдэхгүй байна” хэмээжээ.
Мөн тэд газрын тос хайх, олборлоход эрсдэл өндөртэй болохыг онцоллоо. Зөвхөн нэг өрөмдлөг хийхэд 700 мянган ам.доллар зарцуулдаг. Дээр нь хуульд заасны дагуу тухайн хайгуул, өрөмдлөг хийсэн газартаа техникийн нөхөн сэргээлт хийх ёстой. Энэ бүхэнд хөрөнгө ихээр зарцуулдаг. Гэтэл Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу экспортолсон бүтээгдэхүүнээсээ 24 хувийг Монголд татвар хэлбэрээр өгч үлдсэнээр нь зардлаа нөхөн ашиг гаргах ёстой ч түүнд хүрч ажиллаж чадахгүй байгаа гэнэ. Тиймээс хөрөнгө оруулалтаа бууруулах замаар үйл ажиллагаагаа хумих бодлого барихаас аргагүйд хүрээд байгаа аж.