Нийслэлийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд норм, стандартын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, уул уурхайн олборлолтын дараах нөхөн сэргээлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын хамтран баталсан “Нөхөн сэргээлт-2020” хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний талаар өнөөдөр ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны үнэлгээ, дүгнэлт хариуцсан мэргэжилтэн Ж.Батзолбоо, Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Мягмарсүрэн,НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Гантулга нар мэдээлэл өглөө.
НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Гантулга “Улаанбаатар хотод ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 86, хайгуулын 82 лицинзтэй аж ахуйн нэгж байдаг.
Эдгээр аж ахуйн нэгжүүдийг нэг бүрчлэн шалгаж, байгаль орчны багц хуулиудын дагуу арга хэмжээ авч ажиллаж байна. Одоогийн байдлаар СХД, Баянзүрх, Налайх, Хан-уул дүүргүүдэд ажлын хэсэг гарч хяналт шалгалтын ажлыг хийж байна.
Ирэх сарын 20-н хүртэл эдгээр аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах, нөхөн сэргээх мэдэгдлүүдийг өгсөн. Үүний дараагаас нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдэд холбогдох арга хэмжээг авна. Хуулийн хүрээнд нөхөн сэргээлтээ хийж, зөрчил дутагдалгүй гаргахгүйн тулд энэ хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа ” гэв.
2017-2019 оны хооронд байгаль орчны багц хуулиудыг зөрчсөн, нөхөн сэргээлт хийгээгүй 96 лицинзийг нийслэлийн Засаг даргын 609 тоот захирамжаар хүчингүй болгожээ. “Нөхөн сэргээлт-2020” хяналт шалгалтын үйл ажиллагаанд нийт 214 аж ахуйн нэгжийг хамруулсан байна. Үүнээс 69 аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авч, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 2 аж ахуйн нэгжийг Эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлж холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.
Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны үнэлгээ, дүгнэлт хариуцсан мэргэжилтэн Ж.Батзолбоо “Нийт 214 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд хяналт шалгалт хийлээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт 2018 онд 114 га, 2019 онд 97 га талбайд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийсэн байна. “ Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээнд нөхөн сэргээлтийн үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж байна” хэмээлээ.
Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Мягмарсүрэн “ “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээг Улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний үеэр Экологийн цагдаагийн албанаас нийт 17 гэмт хэрэг, 9 зөрчлийг илрүүлж нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн газар хэлтсүүдэд шалган ажиллаж байна.
“Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээг ирэх сарын 20-н хүртэл зохион байгуулна.